Ипотекийн эргэн төлөлт хамгийн өндөр хувьтай байна

Өчигдөр /2016.12.20/ УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал болон тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өглөө.

Салбарын сайд хэлэхдээ нийт хөрөнгө оруулалтыг ДНБ-д эзлэх хувиар тооцвол 2008 онд 2.5 хувь байсан бол 2015 онд 4.7 хувь болж 1.9 дахин нэмэгдэж, үүнээс 49.8 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тооцож үзвэл 2008 онд 3.8 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн онд 100.9 тэрбум төгрөг хүртлээ өссөн гэв.
 
Түүнчлэн улсын хэмжээнд нийт 770 үйлдвэр барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, 1255 норм, норматив, стандарт мөрдүүлж байна. Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5483 аж ахуйн нэгж эзэмшдэг бөгөөд эдгээрийн 4749 нь барилга угсралт, 572 нь зураг зүй, төсөл боловсруулах, 162 нь өргөх байгууламжийн чиглэлээр  ажиллаж, 95685 ажлын байр байгааг салбарын сайд онцлов.
 
Тэрбээр үргэлжлүүлэн ипотекийн зээлийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Монголбанкны санхүүжүүлэлтээр нийт 88000 өрхөд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгожээ. Харин өнгөрөг 10 дугаар сарын дүнгээс харвал арилжааны банкуудаар дамжин 672 иргэн шинээр уг зээлийг авсан байна.  Учир нь Монголбанк холбогдох шийдвэрийн хүрээнд сард 30-35 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээл олголтыг үргэлжлүүлж буй бөгөөд энэ нь сард дунджаар 600 айлыг шинээр зээлд хамруулах боломж бүрдүүлж байгаа аж. Арилжааны банкуудын дүнг нэгтгэн харвал ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр хувьтай, чанаргүй зээлийн хэмжээ 1.2 хувийг эзэлж байна. Тиймээс цаашид зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийн эх үүсвэр эрэлхийлж байна гэв.
 
Мэдээллийн төгсгөлд түрээсийн орон сууцын хөтөлбөрийн талаар дурдлаа. Нийслэлд байгаа төрийн өмчийн түрээсийн 725 айлын орон сууцнаас ашиглахгүй үлдсэн нь зөвшөөрөгдсөн талбайн хэмжээ том учир уг асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тодорхой ажлуудыг хийж байгаа гэж Барилга хот, байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хэллээ.
А.Сэвжид