Шөнийн тарифыг 21:00-06:00 цагийн хооронд тэглэнэ

Засгийн газрын энэ оны сүүлчийн хуралдаан /2016.12.28/ болж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Энэхүү тогтоолд дурдсанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулан, хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцохоор боллоо.
 
Гэхдээ уг хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байж, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэрэг зохицуулалт тусгагджээ.
 
Тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдана. Хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.
А.Сэвжид