Авлигыг арилгахын төлөөх арван жил

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Тодруубал,  2006 оны долдугаар сарын 6-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага буюу Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан аж.

Ингээд УИХ-ын 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь тус байгууллагын тулгын чулууг тавьсан түүхтэй. Үүнээс хойш арван жил өнгөрч, энэ хугацаанд Монгол Улсын авлигын индекс жил бүр буурсан үзүүлэлттэй байгаа. Олон улсын “Транспаренси интернационал” байгууллагаас гаргасан улс орнуудын авлигын эрсдэлийн үзүүлэлтээр Монгол Улс 2015 онд 168 орноос 75 дугаарт бичигдэж буй хэдий ч авлига буурахгүй, тааруу үзүүлэлттэй байгааг олон улсын байгууллагаас зөвлөж байгаа юм.

Арван жилийн ойн хүрээнд өчигдөр /2017.01.11/ Төрийн ордонд АТГ байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан үндэсний хэмжээний чуулган зохион байгуулагдаж өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо дэнсэлж, ирэх арван жилээ төлөвлөлөө. Тус чуулганд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон УИХ-ын гишүүд, УИХ-ын байнгын хорооны дарга нар оролцож үг хэллээ.
 
УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг төрийн албанд дахин томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан нь авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй гэсэн үг. Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шударга, ил тод болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ цаашид анхаарч ажиллах болно. Миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно” хэмээн дурдлаа.
 
Харин АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал авлигын эсрэг өнгөрсөн, одоо, ирээдүй сэдвээр илтгэл тавив. Тэрбээр “2007-2014 онд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар АТГ-т Эрүүгийн хуульд заасан 10 төрлийн гэмт хэргийг харьяалуулах болсон. АТГ 10 жилийн хугацаанд нийт 1795 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс 476 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 376 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 289 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 158 хэргийг эрүүгийн өөр хэрэгт нэгтгэж, 84 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх байдлаар тус тус шийдвэрлэжээ. Мөн хугацаанд авлига, албан тушаалын хэрэгт 3811 хүн холбогдон шалгагдсаныг албан тушаалын байдлаар нь авч үзвэл улс төрийн 283, төрийн захиргааны 757, төрийн тусгай 510, төрийн үйлчилгээний 501, төрийн бус байгууллагын болон албан тушаалтан 1722 байна. Хэдийгээр АТГ-ын 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа ч тус байгууллагынхан зөвхөн өөрсдөө баярлах бус нийгэмд чиглэсэн арга хэмжээг илүүд үзэн энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа” гэж илтгэлдээ дурдлаа.
 
Үндэсний хэмжээний чуулганы хүрээнд “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагуудын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн дөрвөн үндсэн сэдвээр салбар хуралдаан болж оролцогчдоос ирсэн саналыг хуралдаан даргалагч нар АТГ-ын дарга Х.Энхжаргалд гардууллаа.
 
 
 
Салбар хуралдаанаас гарсан нэгдсэн нэг шийдвэр нь манай улс ирэх жилүүдэд ISO 37001:2016 стандарт хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллахаар болсон явдал юм. Олон улсын стандартчиллын байгууллага /ISO/ авлигаас сэргийлэх, авлигыг илрүүлэх, авлигын эсрэг хариу арга хэмжээ авах зорилго бүхий авлигын эсрэг хууль, дүрэм журам хэрэгжүүлэх  чухал стандартыг өнгөрөгч онд гаргасан байдаг. Энэхүү стандартыг төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, сайн дурын ашгийн бус байгууллагууд цаашид мөрдөж ажиллахаар боллоо.
 
Ингээд бүтэн өдөр үргэлжилсэн “Авлигатай тэмцэх үндэсний чуулган”-ыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв. Тэрбээр “Саяхан Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгахаар саналаа тусгаж, хуулийн төслийг өргөн барьсан. Тухайлбал, уг хуулийн төсөлд “Хахууль авсан албан тушаалтны эд хөрөнгийг хурааж, 5-12 жилийн ял оноохоор, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 5-27 сая төгрөгөөр торгох, 2-8 жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, тэнсэхгүй байхаар, хорих ялаа эдэлж дууссаны дараа таван жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал эрхлэхийг нь хязгаарлах зэргээр хүлээлгэх хариуцлага, шийтгэлийг чангатгах заалтууд тусгасан. Засгийн Газар авлигын үзэгдэлтэй цаашид ч тууштай тэмцэх болно” хэмээн дурдлаа.