Богино хугацаат тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болголоо

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 10-ны хуралдааны үеэр Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн чиглэлийн дагуу тэтгэврийн богино хугацаат зээлийн хүүг бууруулах ажил хэрэгжиж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар ХААН болон Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авагчдад жилийн 15 хүүтэй зээл авах бололцоо нээгдсэн гэж ХНХ-ын сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ. Гэхдээ богино хугацаат буюу зургаан сар хүртэлх зээлийн хүүг л бууруулсан бөгөөд урт хугацааны зээлийг банкны хүүгээр олгох юм байна. Мөн энэ нь шинээр тэтгэврийн зээл авч байгаа иргэдэд үйлчлэх бөгөөд одоо зээлтэй байгаа иргэд төлж дуусгаж байж 15 хувийн зээлийн хүү рүү шилжих аж. 

ХНХЯ-наас цаашид хүү бууруулах асуудлаар шат дараалсан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бага хүүтэй зээлийг бусад арилжааны банкуудаар дамжуулан авах боломжийг судалж байна гэв. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон. Манай улсад нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн 91 хувь нь дээрх хоёр банкаар дамжуулан тэтгэврээ авдаг байна.