Төрийн ордонг засварлахад 42.4 тэрбум төгрөг шаардлагатай

Өчигдөр /2017.01.18/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.

Төрийн ордонг 1951 онд ашиглалтад оруулж 1961, 1981 онуудад өргөтгөл хийж байж. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005-2008 онд барьж ашиглалтад оруулж байжээ. Нийт 19 блокоос бүрддэг тус барилгад 2010 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл шалгалт хийж 1951, 1961 онд ашиглалтад орсон хэсгийг буулгаж, шинээр төлөвлөлт хийх, 1981 онд баригдсан хэсэгт зураг төслийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгүүлж бэхлэх, хүчитгэх арга хэмжээ авах зөвлөмж гаргажээ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага 2008 оноос хойш 20 гаруй дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан ч тодорхой арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.
 
Тухайн үеийн тооцоогоор Төрийн ордны барилгын 1951-1961 оны хэсгийг хүчитгэвэл 28,7-40,9 тэрбум төгрөг, уг хэсгийг буулгаж шинээр барихад 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гаргаж байжээ.
Харин Барилга, хот байгуулалтын яамны хамгийн сүүлд гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 оны хэсгийг буулгаж, дахин барих өртгийн төсөв ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэж засварлахад 3,6 тэрбум төгрөг, нийт 42,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцжээ.
 
Гэвч улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ийм үед энэ хөрөнгийг гаргах боломж хомс байгаа тул эхний ээлжид тооцоо судалгааг хийж бэлэн болгох, мөн эрсдэл үүссэн үед Төрийн ордонд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шилжүүлж түр байрлуулах бэлтгэлийг хангахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж буйг  Ж.Мөнхбат сайд дурдлаа.
Дашрамд сонирхуулахад Төрийн ордонд одоогоор нийт 878 хүн ажилладаг бөгөөд нийт 406 өрөө, 37212 м2 ашигтай талбайтай юм байна.