Д.Ариунболд: Компани байгуулагдсанаас хойш хамгийн өндөр үнэ боллоо

"Эрдэнэс-Таван толгой” ХК Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анхны борлуулалтаа амжилттай хийлээ. Энэ талаар тус компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж, мэдээлэл өгсөн юм.

Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн Баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллароор тооцож, борлуулсан үнийн төлбөрийг 100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэхээр болжээ.

Энэ бол “Эрдэнэс-Таван толгой” компанийн түүхэнд анх удаа хийсэн нээлттэй сонгон шалгаруулалт төдийгүй борлуулах үнийн төлбөрөө 100 хувь урьдчилж авсан анхны тохиолдол юм.

“Эрдэнэс-Таван толгой" ХК 2013 онд Цагаанхад боомтод нүүрсээ тээврийн зардал оруулан 70 ам.доллараар борлуулж байсан бол өнөөдөр уурхайн амнаас 71.5 ам.доллароор зарж байна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Ариунболдоос дараах зүйлийг тодрууллаа

-Нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтсон үнэ зах зээлийн үнэтэй хэр нийцэж байгаа вэ?

-Хамгийн гол нь үнийн өндөр санал өгсөн компани шалгаруулах зорилгоор нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Ингээд 22.5 сая ам.долларыг 100 хувь бэлэн мөнгөөр, урьдчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээ хэлцэл байгууллаа. Энэ үнэ “Эрдэнэс-Таван толгой” ХК байгуулагдсанаас хойш хамгийн өндөр үнэ болж байна.

Зах зээлийнхээ үнэд хамгийн дөхөж очсон үнэ болсон. Баяннуур аймагт угаах үйлдвэрт авдаг үнэ нь 145 ам.доллар. Үүнээс тээврийн зардал, хоёр улсын гаалийн татварыг хассан дүнтэй харьцуулахад бид 1-1.5 ам.доллароор татуу худалдсан байна. Гэхдээ, мэдээж, бизнес хийж байгаа компани тодорхой хэмжээний ашиг гаргах ёстой.

-Энэ үнэ хэдий хугацаанд үргэлжилнэ гэж харж байгаа вэ?

-Өнөөдөр нүүрсээ өөрсдөө борлуулах эрх нь зөвхөн Баруун Цанхийн олборлолтод байгаа. Зүүн Цанхиас олборлосон нүүрсийг “Чалко” компанийн өр төлбөрт өгч байгаа. Баруун Цанхиас ойрын үед 1.2 сая тонн нүүрс олборлож гаргана. Эхний 300 мянган тонн гарлаа. Дараа дараагийн олборлолтыг цаг тухай бүрт нь нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлаад явна. Үнийн хувьд зах зээлийн үнэ хэрхэн тогтож байгаагаас хамаарч хэлбэлзэнэ. Сүүлийн мэдээ харж байхад өнгөрсөн 12 дугаар сарын дундуур хамгийн өндөр цэгтээ хүрсэн. Өнөөдөр хятадын боомт дээр гэхэд Австралийн коксжих нүүрсний үнэ 30 орчим хувиар уничихаад байна. Ер нь нүүрсний үнэ ханасан байдалд орчихсон. Яагаад гэхээр БНХАУ хаачихсан байсан уурхайнуудаа буцаан нээж эхэлсэнтэй холбоотой.

-“Чалко” компанийн өрийг хэзээ төлж дуусгах вэ?

-Зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор түрүү индексээр тооцдог үнэ 59.3 ам.доллар болж өссөн. Энэ ч мөн хамгийн өндөр үнэ болж байгаа. Энэ үнээр гуравдугаар сарын 31 хүртэл нийлүүлнэ. Оны эцсийн байдлаар тус компанид төлөх өрийн үлдэгдэл 76.5 сая ам.доллар байгаа. Тиймээс аль болох дөрөвдүгээр сард багтаан төлж дуусгах бодлого баримталж байна.

-Бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх талаар ямар бодлого баримталж байна?

-Ер нь компани нүүрсээ угаах,  нэмүү өртөг шингээх боломжуудыг хайж байгаа. Тухайлбал, Энержи Ресурс компанид зах зээлийн үнээр манай нүүрсийг худалдан авах боломжтой гэсэн албан бичиг өгсөн байгаа.

-“Эрдэнэс-Таван толгой” ХК энэ жил хэдэн тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа вэ?

-ТУЗ-өөс энэ жил 11.5 сая тонн  нүүрс экспортлох төлөвлөгөө баталсан. Хэдийгээр дэд бүтэц, зах зээлийн үнэ гээд олон хүчин зүйл нөлөөлөх боловч энэ төлөвлөгөө биелэх боломжтой гэж харж байгаа.

 

Ц.Элбэгсайхан