ЖДҮ орлогынхоо 4,4 хувийг хүнд сурталд төлдөг

“Жижиг, дунд үйлдвэрийн хэлцлийн зардлын судалгаа” хэмээх нэгэн сонирхолтой судалгааг “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн судлаач Д.Гансүлд, З.Манайбаатар, Ч.Нарантуяа нар хийжээ. “Зах зээлийн бус хэлцлийн зардал” гэдэг нь бизнес хийх явцад учирч буй элдэв хүнд суртлыг давахад зарцуулах хүн хүч, цаг хугацаа, албан тушаалтнуудад өгөх авилга зэрэг үр ашиггүй зардлуудыг багтаасан ойлголт аж.

Судлаачид дараах дүгнэлтэд хүрчээ. 

Олон улсын болон дотоодын байгууллагуудын олон судалгааны үр дүн хөгжиж буй улс орнуудад жижиг, дунд бизнес хөгжихөд тулгардаг нэг гол бэрхшээл нь төрийн байгуулла-гуудын хүнд суртал, дарамт шахалт гэдгийг онцолдог. Гэвч манай улсад уг бэрхшээл хэр их хүндрэл учруулдаг талаар хийсэн үнэлгээ ховор байдаг. Бид энэ судалгаагаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагатай харилцахад гардаг хэлцлийн зардлыг бизнесийн үе шат бүрээр нарийвчлан хэмжсэн анхны оролдлогыг Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн сангийн өгөгдлөөс бүлэглэх түүвэр ашиглан хийлээ. Хэлцлийн зардлыг төр болон хувийн хэвшлийн хоорондох харилцааны дараах талбаруудад тооцлоо. Үүнд:

• Албан ёсны бүртгэлтэй холбоотой хэлцлийн зардал,
• Тусгай зөвшөөрөл ба мэргэжлийн хяналттай холбоотой хэлцлийн зардал,
• Гэрээний хэрэгжилттэй холбоотой хэлцлийн зардал,
• Төрийн байгууллагатай харилцахтай холбоотой хэлцлийн зардал,
• Татвартай холбоотой хэлцлийн зардал,
• Гааль, гадаад худалдааны үйл ажиллагаатай холбоотой хэлцлийн зардал,
• Дэд бүтэцтэй холбоотой хэлцлийн зардал,
• Санхүүгийн байгууллагатай харилцахтай холбоотой хэлцлийн зардал.

Уг судалгаанд төрийн зүгээс бизнес эрхлэгчдэд учруулж байгаа зах зээлийн бус хэлцлийн зардлын гол бүрэлдэхүүн хэсгийг олж илрүүлж, тооцох зорилго тавилаа. Ингэснээр төрийн зүгээс учруулж буй саад тотгорыг багасгаж, хялбарчлах, улмаар бизнесийн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

“Зах зээлийн бус хэлцлийн зардал”-д бизнес хийх явцад учирч буй элдэв хүнд суртлыг давахад зарцуулах хүн хүч, цаг хугацаа, албан тушаалтнуудад өгөх авилга зэрэг үр ашиггүй зардлуудыг багтааж үздэг. Хөгжиж буй орнуудад энэхүү зах зээлийн бус хэлцлийн зардлын хэмжээ маш их байдаг нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг хойш нь татах гол хүчин зүйл болдгийг судлаачид онцлон тэмдэглэдэг. Судалгааны үр дүнгээс үзэхэд манай улсын ЖДҮ-үүд дунджаар борлуулалтын орлогынхоо 4,4 хувьтай тэнцэх зах зээлийн бус хэлцлийн зардал гаргаж байна. Энэ зардал бичил, жижиг бизнесүүдэд бүр ч илүү дарамт учруулж байна.

Бизнесээ бүртгүүлэх, элдэв зөвшөөрөл хүсэх, тайлагнах зэрэг үйл ажиллагаанд онлайн үйлчилгээг улам гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Мөн төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг хүртээмжтэй, ойлгомжтой болгох нь бизнес эрхлэгчдэд учрах хэлцлийн зардлыг бууруулах чухал алхам болохыг судалгаа харуулж байна.

ЖДҮ-үүд төрийн байгууллагатай харилцах үе шат бүрд шууд бус хэлцлийн зардал хамгийн их гарч байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагатай харилцахад шаардагдсан цаг хугацааны үнэ цэн буюу уг ажлыг хариуцсан ажилтнуудын цалин хөлс, төрийн байгууллагын шийдвэр хүлээх хугацааны алдагдал гэх мэт чирэгдэл нь мөнгөн дүнгээр тооцоход маш их зардалтай гарч байна. Иймээс аж ахуйн нэгжүүдэд учруулж буй хэлцлийн зардлыг бууруулахын тулд төрийн байгууллагуудаас шаарддаг элдэв бичиг баримтыг аль болох цөөрүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай, хялбар болгох, шат дамжлагыг цөөрүүлэх арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх шаардлагатай.

ЖДҮ-үүдийн гаргасан албан бус төлбөр буюу авилгын тохиолдол цөөн, дундаж мөнгөн дүн нь бусад зардалтай харьцуулахад бага байна. Гэхдээ судалгаанд оролцогчид уг асуудлыг бодитой мэдээлээгүй байж болох тул бодит байдал дээр авилгын тархалт, хэмжээ судалгааны дүнгээс их байхыг үгүйсгэх аргагүй. Иймээс нийгэм дэх авилгыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай.