Дэлхийн банк: 2017 онд алтны үнэ 8 хувиар буурах төлөвтэй байна

Дэлхийн Банкнаас улирал тутам гаргадаг “Түүхий эдийн зах зээлийн тойм” судалгааны шинэ дугаараас зарим түүхий эдийн энэ оны зах зээлийн нарийвчилсан үнэлгээг тоймлон хүргэж байна.
 
Нүүрс
 
Хятадын засгийн газрын нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах бодлого явуулсны үрдүнд нийлүүлэлтэд хомсдол үүсэн, эрэлт их байсан зэргээс шалтгаалж цахилгаан үүсгэхэд ашигладаг хүрэн нүүрсний үнэ 4-р улиралд 38% өссөн байна.11-р сарын дундуур хүрэн нүүрсний үнэ хамгийн дээд цэгтээ хүрч 2016 оны 1-р сарын үнээс 2 дахин өндөр буюу тонн нь 100 ам.доллар давсан бөгөөд түүнээс хойш Хятадын засгийн газар үйлдвэрлэлийн хэмжээг хязгаарлах бодлогыг зөөлрүүлснээр энэ үнэ буурч эхэлсэн. Энэ жилийн эхээр Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ) нүүрсний уурхайнуудыг жилд 330 өдөрт олборлолт явуулдаг байсныг 276 өдөр болгон бууруулахаар шийдвэрлэсэн нь үйлдвэрлэлийн хэмжээг өнгөрсөн жилийнхээс 16 хувиар бууруулжээ. Хятадын нүүрсний хэмжээ буурч импортыг огцом өсөхөд хүргэв.
 
Үнэ өсч эхлэхэд Хятадын ҮХШХ зарим томоохон уурхайнуудад дүрмээ зөөллөж, аюулгүй байдлын стандартыг хангаж байгаа бүх уурхайг өвлийн улирлыг дуустал буюу 330 өдрийн олборлолтыг горимд эргэн шилжихийг 11-р сарын 17-ны өдөр зөвшөөрсөн.  Мөн хуучин уурхайгаа заавал хаасан нөхцөлд шинэ уурхайг ажиллуулахыг зөвшөөрдөг бодлогоо ч зөөлрүүлжээ. Мөн тус хорооноос дулааны цахилгаан станцуудыг дараа жилээс эхлэн нүүрс олборлогчидтойгоо нийлүүлэлтийн гэрээг “дээд тал” нь ойролцоогоор тонн нь 77 ам.доллар байхаар тооцож байгуулахыг шаардаад байна.
 
Хэдийгээр үнэ өссөн нь Хятадын нүүрсний компануудын санхүүгийн байдлыг сайжруулсан ч тогтмол зардал өөрчлөгдөөгүй учраас 276 өдөр олборлолт хийх бодлого нь нөгөө талдаа нэгжийн зардлыг өсгөв.Хэрэв үнэ унаж тус дүрэм үргэлжилсээр байвал компанийн ашигт муугаар нөлөөлнө. Нийлүүлэлт нэмэгдэж, импортын эрэлт суларч байгаа тул нүүрсний үнийг 2017 онд дунджаар тонн нь 70 ам. доллар байхаар таамаглаж байна. Хятад нь дэлхийн нүүрсний гарцын тал хувийг хэрэглэж, эрчим хүчний хэрэглээнийх нь дунджаар гуравны хоёрыг нүүрс эзэлдэг тул Хятадын нүүрсний бодлого нь дэлхийн нүүрсний үнийн гол тодорхойлогч юм.
 
Метал болон Эрдэс баялаг
 
Гурван улирал дараалан өсөлттэй байгаа металын үнэ 4-р улиралд 10 хувь өслөө. Гэсэн хэдий ч металын жилийн дундаж үнэ 2015 оныхоос 6 хувиар буурсан нь сүүлийн 11 жил дэх хамгийн бага үзүүлэлт юм. Хятадад зээл олголтыг хөхиүлэн дэмжсэнээр бий болсон өндөр эрэлт, нөгөө талдаа нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдал, агуулахын үлдэгдлийн бууралтаас шалтгаалж ихэнх металлын үнэ нэлээд өссөн.
 
АНУ-ын сонгуулийн дараа дэд бүтцийн хөрөнгө оруулалт өснө гэсэн хүлээлт, дэлхийн эдийн засгийн талаарх бадрангуй төсөөлөл нэмэгдсэн нь үнэ өсөхөд мөн түлхэц болсон.  11-р сард Хятадад хөрөнгө оруулагчийн эрэлт өндөр байсан нь мөн металлын үнийг дээш түлхсэн.Энэ нь зах зээлийн суурийг ихээхэн урагшлуулснаар оны сүүлд үнэ унасан хэдий ч нэгдүгээр сард эргэн сэргээд байна.
 
Хөрөнгө оруулалт суларч, уурхайнууд хаагдан, байгаль орчны холбогдолтой хязгаарлалтууд бий болж, улс бүр шинэ бодлого буюу тухайлбал Индонезод ид хүдрийн экспортын хориг, Филиппинд байгаль орчны хяналт, Хятадад хуучин, үр ашиг муутай уурхайн хаалтын бодлогуудын нөлөөллийг зах зээл өөрөө дахин тэнцвэржүүлэх үйл явц үргэлжилнэ. Нэгдүгээр сард Индонезийн засгийн газар 2014 онд гаргасан хүдэрийн экспортын хоригоо (дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор боловсруулагдсан) цуцалж, түүхий эрдсийн,тухайлбал никелийн болон хөнгөн цагааны хүдрийн экспортыг зөвшөөрсөн.
 
Өмнө хийгдсэн хөрөнгө оруулалт болон үнийн өсөлтөөс нийт нийлүүлэлт үргэлжлэн нэмэгдэж улмаар компаниудад тулгарч байсан хязгаарын нийлүүлэлтийг бууруулах дарамт багасна.  Түүхий эдийн хэрэглээ давамгайлсан дэд бүтэц болон барилгын салбарыг хурдтай хөгжүүлэх Хятадын бодлого нь өнгөрсөн оны эрэлтийн гол хөдөлгөгч хүч байсан юм. 2015 онд дэлхийн нийт металлын хэрэглээнд Хятадын эзлэх хэмжээ 50 хувийг давсан бөгөөд сүүлийн 15 жилийн дэлхийн нийт хэрэглээний өсөлтийн томоохон хэсгийг тус улс эзэлж байна. Хятад улс хэрэглээний эдийн засаг руу шилжиж байгаа явдал, аж үйлдвэрийн шинэчлэл, байгаль орчинд анхаарал хандуулах болсон нь түүхий эдийн эрэлтийн өсөлтийг сааруулах шинжтэй байна.
 
Агуулахын үлдэгдэл буурч байгаа, нөгөө талдаа эрэлт өсөх хүлээлт байгаагаас зэсийн үнэ сүүлийн таван жилд анх удаагаа улиралд 2 оронтой тоогоор буюу 10 хувиар өсөв. Гэвч агуулахын үлдэгдэл өсч, Перуд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн зэргээс болж оны эцэст үнэ эргэн буурлаа. Цахилгааны гол шугам сүлжээ, автомашин, барилгын салбаруудаас үүдэлтэй Хятадын эрэлт өндөр байж ирсэн. Хэдийгээр 2017/2018 онуудад хэд хэдэн улсад нийлүүлэлт нэлээд өсөх төлөвтэй байгаа ч бусад улс орнуудад нийлүүлэлт буурч, Чили улсад хийгдэх цалингийн хэлэлцээрүүдийн нөлөөнд түр хугацааны саатал гарч болзошгүй учир төсөөлж буй нийлүүлэлтийн илүүдлийг ихээхэн хэмжээгээр бууруулах төлөвтэй байна.
 
Бодит хүү өндөр болно, долларын ханш чангарна гэсэн хүлээлтийн улмаас алтны хөрөнгө оруулалтын эрэлт саарч, алтны үнэ 12-р сарын байдлаар дунджаар  $1,157/т.у болсон нь 8-р сарын хамгийн өндөр үзүүлэлт болох  $1,340/т.у-аас даруй 9 хувиар буурсан үзүүлэлт юм.  Хөрөнгө оруулагчид өгөөж өндөртэй хөрөнгөнд хөрөнгөө оруулахыг эрэлхийлж байдаг учраас хүү өсөх нь алтны үнэд сөргөөр нөлөөлдөг.
 
Үнийн төсөөлөл болон эрсдэл
 
Металлын зах зээл хумигдаж, нөөц нь багасч байгаагийн улмаас үнэ нь 2017 онд 11 хувиар өсөхөөр төсөөлөгдөж байна. Цайр, хар тугалгын уурхайнууд тодорхой нөхцөлөөр эсвэл бүр мөсөн хаагдаж байгаагаас тэдгээрийн нийлүүлэлт хязгаарлагдан, үнэ нь хамгийн их өсөлттэй байхаар байна(цайр 27 хувийн өсөлттэй, хар тугалга 18 хувийн өсөлттэй).  Мөн зэс, никел, цагаан тугалганы үнийн өсөлтийн хувь хоёр оронтой тоонд байх төлөвтэй байна. 
 
Үнэт металлын хувьд хөрөнгө оруулалтын эрэлт сул, долларын ханш чангарч, бодит хүүгийн түвшин нэмэгдсээр байх нь гэсэн хүлээлтийн улмаас 2017 онд үнэ нь 7 хувь буурахаар байна. Хөрөнгө оруулалтын эрэлт сул байгаагаас алтны үнэ 8 хувь, харин мөнгөний үнэ 4 хувь буурах төлөвтэй байна.
 
“Түүхий эдийн зах зээлийн тойм” судалгааг эндээс татаж авна уу.