Д.Ганбат: Би салбартаа эрс шинэчлэл хийнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Business Breakfast” нэртэй арга хэмжээний үеэр бизнес эрхлэгчидтэй уулзаж яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдлээ хүлээгээд буй асуудлыг хэрхэх талаар ярилцлаа.
 
Уулзалтын үеэр агаарын тээврийн бодлого, төмөр замын шинэчлэл, авто замын салбарын хэд хэдэн онцлох сэдэв яригдлаа. Уулзалтад 30 орчим компанийн төлөөлөл оролцов.
 
ЗТХ-ийн сайд эхлээд салбартаа эрс шинэчлэл хийнэ гэдгээ хэлэв. Сайдаас асуусан эхний асуулт Монголын агаарын тээврийн бодлоготой холбогдов. Манай улсын агаарын тээврийн бодлогыг шинэчилж, нислэгийн тоог нэмж, үнэ тарифыг бууруулах цаг болсон гэдгийг хаа хаанаа ярих болсон билээ. Д.Ганбат сайд үүнтэй санал нийлж буйгаа хэлээд Агаарын тээврийн талаар баримтлах бодлогыг баталж шат дараатай хэрэгжүүлэхээ амлалаа. Монголын тэнгэрээр дамжин өнгөрөх онгоцны тоог нэмж валютын орлогоо арвижуулахын тулд хэд хэдэн ажил хийх хэрэгтэй байгааг сайд хэллээ. Нэгдүгээрт аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд газрын төхөөрөмжийн техникийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
 
МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав дотоод нислэгийн тоог нэмэх шаардлагатай байгааг яриад цөөн тооны зорчигч тээвэрлэдэг жижигхэн онгоцнуудын нислэгийг зөвшөөрөх боломжтой эсэхийг асуулаа. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд эхлээд дотоодын нислэгийн компаниудын паркийг шинэчлэх хэрэгтэй аж. Сайдын хэлснээр өөр нэгэн саад тээг нь нисгэгч бэлдэхэд байдаг аж. Одоогоор нэг нисгэгч бэлдэхэд 100 орчим мянган ам.доллар шаардагддаг байна. Тиймээс бэлдэж буй нисгэгчийн тоо бага байдгийн зэрэгцээ зарим чадварлаг нисгэгч гадны компанид өндөр цалинтай ажиллахаар явдаг аж.
 
Дараагийн сэдэв нь байнга яригддаг төмөр замын шинэчлэл, тэр дундаа Гашуунсухайтын төмөр зам байв. Салбарын сайд суурь бүтцийн ажил нь ч дуусаагүй энэ төслийг тун удахгүй үргэлжлүүлж, 2018 он гэхэд ашиглалтад оруулахыг хичээнэ гэж хэллээ. Энэ төмөр зам баригдсанаар тухайн бүс нутагт 700 орчим ажлын байр бий болж, тээвэрлэлтийн хэмжээ 30 сая тонноор нэмэгдэх аж.
 
Д.Ганбат сайд бизнес эрхлэгчдийн асуултад хариулахдаа “Төлөвлөсөн ажлаа та нартайгаа л хамтран хийнэ” гэсэн санаагаа үе үе тодотгож байв. Харин компанийн захирлууд зам, тээврийн салбар, тэр дундаа төмөр зам нь шахааны салбар болчихлоо, хувийн хэвшлийг шударга өрсөлдөөний үндсэн дээр оролцох боломж олгох хэрэгтэй гэж ярив. “Ган хийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэн Хөөт-Баянтүмэнгийн төмөр замын асуудлыг хөндөв. Сонирхуулахад, 238 км урттай энэ төмөр замыг 1939 онд Зөвлөлтийн цэргүүд 72-хон хоногийн дотор барьж байжээ. Түүнээс хойш огт шинэчлэгдээгүй бөгөөд жилд 20 орчим вагон л явдаг мөртөө 200 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг байна. Уг төмөр замыг шинэчлэхэд дотоодын компаниуд орчин үеийн техник, технологи, бетон дэрийг олноор нь нийлүүлэх чадалтай болсон гэдгийг М.Даваасүрэн хэллээ. Харин яамны зүгээс одоохондоо ямар компани оролцуулахаа шийдээгүй байгаа, гэхдээ Хөөт-Баянтүмэнгийн төмөр замыг шинэчлэх техникийн урьдчилсан зураглалыг япончуудаар гаргуулсан байгаа аж. Дашрамд дурдахад ЗТХ-ийн сайд төмөр замын чиглэлээр Нарийнсухайт-Шивээ хүрэн, Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот гэсэн дөрвөн чиглэлд ажиллахаар төлөвлөөд байгаа билээ.  Энэ том төслүүдийг хэрэгжүүлэх мөнгийг ямар ч байсан олно гэж сайд хэллээ.
 
Авто замын чиглэлээр салбарын яам 2020 он гэхэд үлдсэн зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох төлөвлөгөөтэй байна. Гэхдээ арилжааны зээлээр ахиж зам барихгүй гэдгээ сайд онцоллоо.
 
Ямар боловч Д.Ганбат сайдыг салбартаа олон жил ажилласан мэргэжлийн хүн учир юу төлөвлөж, юу ярьж буйгаа сайн мэддэг хүн болохоор найдлага төрж буйгаа хувийн хэвшлийнхэн уулзалтын үеэр ярьж байлаа.

Г.Даваадорж