Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 33.6 хувиар өсчээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ  өнгөрсөн сарын гүйцэтгэлээр жилийн өмнөхөөс 33.6 хувиар өсчээ. Тухайлбал, импорт 78.0 сая ам.доллараар (39.2 хувь), экспорт 99.4 сая ам.доллараар (30.2 хувь) тус тус өссөн байна.

Тайлант хугацаанд нийт 705.7 сая ам.долларын худалдаа хийснээс экспортын дүн импортын дүнгээс 151.4 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Тайлант сард нефть, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импортын үнэ өссөн хэдий ч нүүрс, зэсийн экспортын үнэ өссөнөөс худалдааны нөхцөл өмнөх сараас сайжирсан байна.
 
Валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2017 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр 165.3 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.9 сая ам.доллараар өссөн байна. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлүүдийн нэг юм.