Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн төлөв

"Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл: төлөв, хандлага” сэдэвт хурал өчигдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд боллоо. Мицубиши Материал Техно, Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (ERI) болон Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA) -ын хамтран зохион байгуулсан уг хурлаар алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсний зах зээлийн төлөв байдал, чиг хандлагын талаар судалгаа танилцуулсан юм.

Судлаачид илтгэлдээ уул уурхайн зах зээлийн талаар энгийн ойлгомжтой үгээр нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж, энэ салбарт бизнес хэрхэн явагддаг, ойлголтуудыг системчилж өгснөөрөө ихээхэн онцлог, үр өгөөжтэй болсон юм.

Алт

Үндсэндээ манай дэлхийн олборлосон алт эцэстээ гоёл чимэглэл, үнэт эдлэл хийхэд зориулагддаг байна. Өнгөрсөн онд 2414 тонн алтаар үнэт эдлэл урласан нь нийт эрэлтийн 47 хувь нь байжээ. Үүний дараагаар нэг гол хэрэглээ нь технологийн салбар. Түүний дотор электроникийн чухал орц бол нөгөө нэг хэрэгцээ нь алтан шүд юм. Гэхдээ энэ салбар нийт эрэлтийн долоохон хувийг (330 тонн) эзэлдэг.

Эрэлт талаас авч үзвэл ойрын болон урт хугацаанд алт олборлогчдод томоохон сорилтууд тулгарч байна. Учир нь гол хэрэглэгчдийн нэг Энэтхэгт өнгөрсөн жил ургац алдсанаас орлого нь буурч, алтны эрэлт буурахад нөлөөлжээ. Энэ нь хэдийгээр түр зуурын боловч өөр нэг том хэрэглэгч Хятадууд алтыг таашаахаа больж байна. Өөрөөр хэлбэл Хятадад алт моодноос гарчээ. Түүнчлэн электроникт алт их үнэтэй тусч байгаа учир орлуулах бүтээгдэхүүнийг эртнээс эрэлхийлж ирсэн байна. Зарим талаар амжилтад хүрсэн нь электроникоос алт бага багаар шахагдаж эхэлжээ. Мөн дэлхий нийтээрээ алтан шүд сонирхох нь буурсан байна.

Харин сүүлийн үед хөрөнгө оруулалтын зориулалтаар болон төв банкууд нөөцөө өсгөх зорилгоор алт худалдан авах нь ихэсч байгаа аж. Хөрөнгө оруулагчдын хувьд алтыг ашигтай гэж харсандаа бус Хятадын эдийн засгийн удаашрал, АНУ-ын бодлогын хүүний өөрчлөлттэй уялдуулан алтыг эрсдэлгүй гэж үзэж буйтай холбоотой гэв. Алтны нөөцөөрөө АНУ хол тасархай тэргүүлдэг /8.1 мянган тонн / бол өнгөрсөн онд ОХУ 44 тонн, Хятад 15 тонн, Казакстан 10 тонн алт худалдан авч нөөцөө хамгийн эрчимтэй нэмэгдүүлж байна.

Хэдий тийм боловч нийлүүлэлт талаас зах зээлийг тэнцвэржүүлэх магадлалтай. Энд нэг онцлог байгаа нь зах зээлд үнэ буурч байхад нийлүүлэлт тогтвортой төдийгүй өсөлттэй байсан нь сонгодог эдийн засгийн хуулийг дагаагүйг илтгэнэ. Үүний шалтгаан нь компаниуд үнийн уналтыг дагаад зардлаа бууруулж, ашгаа тогтмол барьж чадсанд буй аж. Гэхдээ үүний нэг муу үр дагавар нь компаниуд хайгуулын ажилд хөрөнгө оруулалтаа үлэмж багасгаснаар сүүлийн хэдэн жилд томоохон ордууд илрүүлсэнгүй. 2012 онд алтны хайгуулд 10.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байсан бол 2015 онд ердөө 4.2 тэрбумыг зарцуулжээ.

Эдгээр олон хүчин зүйлийг харгалзан үнийн ирээдүйн таамгууд ихээхэн зөрүүтэй байна. Гэхдээ өнгөрсөн жил Их Британи Европын холбоог орхих шийдвэр гаргасан, АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсон зэрэг үйл явдал нь үнэ өсөх шалтгаан болсон. Энэ онд АНУ эдийн засгийн бага өсөлтийн эсрэг бодлогын хүүгээ өсгөснөөр алтны үнийг нэмэгдүүлнэ. Лондонгийн алт мөнгөний зах зээлийн холбоо (LBMA) –ийн шинжээчдийн таамаглалыг дундчилбал энэ онд унци алтны үнэ 1244 ам.доллар орчим байхаар байна.

Зэс

Сүүлийн 50 жилд дэлхийн зэсийн хэрэглээ 3 дахин өсчээ. Энэ өсөлт нь гол төлөв Хятадын аж үйлдвэржилт, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн салбарын өргөжилтөөс үүдэлтэй юм. Дэлхийн нийт зэсийн хэрэглээ 23 сая тонн бөгөөд нийт эрэлтийн 62 хувийг Хятад, АНУ, Япон бий болгож байна. Үүнээс Хятад дангаараа 50 хувийг эзэлнэ.

Цаашид тус улсын хотжилт, хүн амын хэрэглээний өсөлт, эрчим хүч дэд бүтцийн сайжруулалт, цахилгаан шугам сүлжээ, барилга, автомашины салбарын эрэлт нэмэгдэж энэ тоо улам өснө гэж үзэж байна.

Шинжээчид 2016-2017 онуудад зэсийн эрэлт 23.4-23.6 сая тн байж цаашид харьцангуй тогтвортойгоор 1-3 хувиар өснө гэж таамаглаж буй аж. Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) 2017-2018 онд дэлхийн зэсийн эрэлт 21 сая тн орчим байна хэмээн тооцоолжээ.

Түүнчлэн “BHP Billiton”, “Rio Tinto”, “Wood Mackenzie” дунд ба урт хугацаанд буюу ойролцоогоор 2019 оноос зэсийн нийлүүлэлтийн хомсдол бий болно гэж таамагласан байна. Учир нь одоо ажиллаж байгаа уурхайнуудын зэсийн агууламж буурсаар байгаа. Үнийн төвшнөөс хамааран үйлдвэрүүд үйл ажиллагаа болон өргөжилтөө түр зогсоож магадлалтай гэнэ. Урт хугацаанд үйлдвэрүүд цахилгаан эрчим хүч болон усны асуудалтай тулгарч, үйл ажиллагааны болон капиталын зардал, инфляци зэрэг нь хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлнө гэж шинжээчид харж буй ажээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралаас эхлэн Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ өсч эхэлсэн. 2016 оны жилийн дундаж үнэ 4870 орчим доллар байсан бол Дэлхийн Банк, ОУВС нь 2017 онд зэсийн үнэ харгалзан 5788, 5400 USD хүрч цаашид нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэйгээр өснө гэж таамаглаж байна.

Харин “Bloomberg Intelligence” 2017 оноос зэсийн илүүдэл нийлүүлэлт бий болж 2019 онд дээд цэгт хүрнэ (900 мян.тн) гэжээ. Учир нь хомсдол бий болж үнэ өснө гэсэн хүлээлттэйгээр шинэ уурхайнууд хөгжиж эхлэх бөгөөд одоогийн томоохон уурхайнууд өргөжилт хийснээр нийлүүлэлт ихэснэ хэмээн тайлбарласан байна. Мөн, хэрэв зэсийн үнэ өсч эхэлбэл түр хугацааны зогсолттой байсан  уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэжээ.

Төмөр:

Олборлогчдод маш том өрсөлдөгч гарч ирж байгаа  нь дахин боловсруулсан ган юм. Өнөөдөр нийт хаягдал гангийн 85 хувь нь дахин боловсруулагдаж байгаа бөгөөд 2015 онд 650 сая тонн хаягдал төмөр дахин боловсорчээ. Цаашид ногоон хөгжлийн чиг хандлага болон үнийн давуу талаараа дахин боловсруулсан төмрийн нийлүүлэлт өсөх нь гарцаагүй юм. Түүнчлэн 2030 он гэхэд хятадын төмрийн хаягдал гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

Харин нөгөө талд технологийн давуу талаар ган боловруулах алдагдал багассаар байна. 1980-аад онд 100 кг ган үйлдвэрлэхийн тулд 144 кг түүхий эд ашигладаг байсан нь 2009 онд 115 кг болтол буурсан байв. Энэ чиг хандлага үргэлжилнэ.

Монголд төмрийн хүдрийг тээвэрлэх өртөг өндөртэй, хилийн татвар авдаг нь компаниудын ашгийг бууруулдаг аж. Харин Австрали улс Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар давуу талтай болжээ. Австрали төмрийн хүдрийн дэлхийн нийт экспортын 54 хувийг үйлдэж, БНХАУ дэлхийн нийт импортын 64 хувийг худалдан авдаг юм.

Цаашид төмрийн хүдрийн эрэлт Хятад болон бусад хөгжиж буй орны бүтээн байгуулалттай холбоотойгоор өсөх төлөвтэй байна. Дэлхийн банк 2020 он хүртэл үнэ тон төмрийн хүдрийн үнэ 55-56.2 ам.доллар байна гэж таамаглаж байгаа бол “Morgan Stanly” ирэх хоёр жилд 58 ам.доллар хүрнэ гэжээ.

Харин Блүүмбэргийн шинжээчид богино хугацаанд нилүүлэлтийн илүүдэл бий болж үнэ өсөхгүй. Гэхдээ 2020 онд нэг метр тонн нь 50 ам.доллар хүрнэ гэжээ.

Нүүрс

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны сүүлээр огцом өссөн. Энэ нь импортлогч БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл эргэн сэргэсэнтэй холбоотой аж. Үүнээс өмнөх нүүрсний үнийн уналт  нь тус улсын дотоодын үйлдвэрлэлээ дахин зохион байгуулсантай холбоотой аж. Тухайлбал, гангийн үйлдвэрлэлийн гол орц болох нүүрс, эрчим хүч, тээврийн зардал буурснаар хятадын ган үйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дээр хямд үнээр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болжээ. Ингэснээр гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тогтворжиж эргээд нүүрсний эрэлтийг нэмэгдүүлж, эрчим хүч болон тээврийн зардлыг өсгөх боломжтой болжээ. Энэ хугацаанд нүүрсний салбарын томоохон тоглогчид дампуурлаа зарласан нь Тавантолгойд ихээхэн давуу тал болоод байна.

Монгол Улсад байгаа өөр нэг давуу тал нь Австралийн нүүрснээс 20-25 хувь хямд юм. Түүнчлэн манай улсын өмнөд хилд ойролцоо дэд бүтэц бүхий ган үйлдвэрлэлийн кластер шинээр бий болж буй аж. Хэдийгээр одоохондоо Өмнөд Хятадын ган үйлдвэрлэлийг гүйцэхгүй ч ирээдүйд үйлдвэрлэлээрээ тэргүүлэх боломжтой хэмээн доктор Ч.Хашчулуун үзэж буй аж.

 

Дээрх судалгааг эндээс үзэх боломжтой. 

Ц.Элбэгсайхан