АНУ-аас Батлан хамгаалахын их сургуульд англи хэлний иж бүрэн лаборатори хандивлалаа

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Зимдал Галт нь Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц нарын хамт тус сургуульд англи хэлний иж бүрэн компьютержсон лабораторийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцлоо.
 
ҮБХИС буюу Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь Монголын Улсын цэргийн мэргэжилтэн бэлтгэдэг голлох мэргэжлийн боловсролын байгууллага юм. АНУ-ын тусламжтайгаар тус сургуульд шинээр байгуулагдсан англи хэлний лаборатори нь 1992 оноос хойш тус улсаас Монгол Улсад хандивлаж буй найм дахь удаагийнх бөгөөд үүнээс дөрвөн лаборатори нь Монгол Улсын зэвсэгт хүчинд харьяалагдаж, заах аргазүйн өөрчлөлтийн улмаас гурвынх нь ашиглалтын хугацаа дууссан байгаа билээ.
 
Эдгээр англи хэлний танхимууд нь 30 жилийн өмнө тогтоосон хоёр орны хооронд  дахь дипломат харилцаа улам бэхэжсэний илэрхийлэл болов. Мөн АНУ-Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг боллоо гэдгийг АНУ-ын элчин сайд хэлсэн үгэндээ онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн “Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн түүхэн ойг тэмдэглэж буй жилд бид нарын харилцааг улам бататгасан арга хэмжээ болж буйд баяртай байна. Цаашдаа ч батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт илүү их найдаж байна” гэж хэллээ.
 
Дашрамд сонирхуулахад тус танхимд суралцаж, олж авсан англи хэлний мэдлэг нь Монгол цэргийн мэргэжилтнүүдэд АНУ-ын цэргийн сургуулийн дэвшилтэт сургалтууд болон Афганистан,НҮБ-ын энхийг сахиулах хариуцлагатай үйл ажиллагаануудад оролцоход хэрэгцээт бэлтгэл болох нь чухал ач холбогдолтой юм.