Mongolia Mining-2017 үзэсгэлэнд 130 орчим компани оролцож байна

Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн арга хэмжээ Буянт Ухаа спортын ордонд нээгдлээ.

Тодруулбал дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү Mongolia Mining олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд энэ жил Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК зэрэг байгуулла аж ахуй нэгжүүд дэмжин ажиллаж байгаа юм. Түүнчлэн уламжлал ёсоор Майнэкс Монгол  болон Эрдэнэс Монгол компаниуд хамтран зохион байгуулж байна.
 
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэс Монгол” ХХК-нийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Мongolia Mining 2017 үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга нар оролцож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэндчилгээ ирүүлжээ.
 
Энэхүү  үзэсгэлэнд нийт 16 орны 130 орчим компани оролцож байна. Тодруулбал Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ,
Энэтхэг, Нидерланд, Казкастан, Турк, Швед зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилж байна.
 
Мөн энэ үеэр үзэсгэлэнд зориулсан салбарын хурал боллоо. Энэхүү хурлын эхний илтгэлийг УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн н.Золбат тавилаа. Түүний итгэлд ирэх жилүүдэд Төрийн зүгээс уул уурхайн салбарт ямар бодлого боловсруулах тухай болон манай улс уул уурхайн салбараас ямар хүлээлттэй байгаа тухай дурдав.
 
Үүний дараа Ашигт малтмал, гарын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Цэгц илтгэл тавилаа. Тэрээр илтгэлээрээ Алт-2 хөтөлбөрийг танилцуулан, алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг хэллээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд алтны олборлолт тасралтгүй нэмэгдсэн ч энэ нь үнэ дагахгүйгээр өсч байгаа хэмээн дурдлаа. Мөн нийт нутаг дэвсгэрийн 29 хувийг сонгон шалгаруулалтаар болон өргөдлийн замаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж Ашигт малтмал, газрын тосны газраас тооцоолсныг тэрбээр яриандаа дурдлаа.
Mongolian Mining үзэсгэлэн маргааш Нүүрсний салбарын хэтийн төлөв болон нүүрс олборлогч компаниудын худалдан авалтын төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр үргэлжилнэ.
 
А.Сэвжид