Шинэ нисэх буудал нь Монгол-Японы шинэ бэлгэ тэмдэг

УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалтай холбогдуулан тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  Масато Такаока сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хоёр улсын улс төр, эдийн засаг, стратегийн түншлэлийн хэлэлцээр болон ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд олгох 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудал зэргийг мэдээлэлдээ дурдлаа.
 
Элчин сайд  Масато Такаока “УИХ-ын дарга М.Энхболдын айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт  45 жилийн ойн хүрээнд болсноор ихээхэн онцлог, бас маш амжилттай боллоо. Мөн өнгөрсөн хугацаанд Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн Монгол улсад хийсэн гурван удаагийн айлчлал нь хоёр орны харилцааг улам бататгаж, ойртуулсан явдал болсон” гэдгийг хэллээ.
Түүнчлэн УИХ-ын даргын айлчлалын үеэр  Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Япон улсын Гадаад хэргийн сайд Ю.Кишида нар Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд хоёр орон олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр төлөвлөөд байгаа юм.
 
Элчин сайд Масато Такаока “Тэртээ 45 жилийн өмнө Монгол-Японы харилцаа өнөөдрийн төвшинд хүрнэ гэж хэлсэн бол итгэхэд бэрх байлаа. Тиймдээ ч УИХ-ын даргын айлчлалын хүрээнд болсон Стратегийн түншлэлийн дунд хугацааны буюу 2017-2021 онд хэрэгжих хөтөлбөр нь чухал юм. Бид энэхүү хөтөлбөрийг маш өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөж байна. Тухайлбал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, ард иргэдийн харилцаан дахь хамтын ажиллагаа гэх мэт юм. Мөншинээр баригдаж буй нисэх буудал нь хоёр орны харилцааны шинэ бэлгэ тэмдэг” хэмээн хэллээ.
 
Үүний дараа Элчин сайд Масато Такаока сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Стратегийн түншлэлийн дунд хугацааны хүрээнд дэх Япон улс руу дадлагажигч ажилтан, мэргэжилтэй ажиллах хүч гаргах ажил хэзээнээс эхлэх вэ?
 
-Үүнтэй холбоотой хуулийн шинэчлэлийг өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан. Шинээр батлагдсан хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь энэ оны арваннэгдүгээр сар. Өөрөөр хэлбэл Япон улс руу дадлагажигч ажилтан, мэргэжилтэй ажиллах хүч гаргахтай холбоотой ажил  арваннэгдүгээр сараас эхэлнэ.

-Япончууд үзүүлж буй зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй төслөө хариуцаж, хяналт тавьж гүйцэтгэдэг уламжлал бий. Үүнтэй адилаар 850 сая ам.долларын зээлийн зарцуулалтыг манай улсын саналаас гадна та бүхэн өөрсдөө санал гаргаж зарцуулалтыг нь хянах боломж бий юу?
 
-ОУВС Монгол улсад үзүүлэх өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсны дараа Японы талаас үзүүлэх тусламжаа хэрхэн үзүүлэх талаар ярина. Тиймээс энэ талаар илүү нарийн ширийн зүйл ярих боломжгүй байна.
Манай улсаас үзүүлж буй тусламж нь ОУВС-гийн багц хөтөлбөрийн дотор орж байгаа юм. Тийм учраас нэн тэргүүнд ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах нь чухал.