Дэлхийн барилгын томчуудтай уулзах талбар буюу БТТТ

Ирэх тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-ны хооронд “Барилгын тоног төхөөрөмж ба технологи - 2017” нэртэй олон улсын үзэсгэлэн ОХУ-ын нийслэл Москва хотноо болно. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч «СТТ Экспо» компанийн Ерөнхий захирал Андреас Леттльтэй энэхүү арга хэмжээний талаар ярилцлаа.
 
- “Барилгын тоног төхөөрөмж ба технологи” /БТТТ/ үзэсгэлийн түүх, зорилгыг товчхон өгүүлээч!
- “Барилгын тоног төхөөрөмж ба технологи” үзэсгэлэнг 2000 оноос хойш жил бүр зохион байгуулдаг болж байна. Анх Москвагийн баруун хойно оршдог “Ходынскийн тал” хэмээх газарт багахан үзэсгэлэн болж байсан нь өнөөдөр Оросын барилгын салбарын том арга хэмжээ болтлоо томорсон. Анхны үзэсгэлэнд 43 компани оролцож байснаас олонхи нь одоо болтол зохион байгуулагчидтай хамтарч ажилласан хэвээр. Уг арга хэмжээг өндөр төвшинд зохион байгуулах хэрэгтэй байсан учраас 2005 оноос БТТТ үзэсгэлэнг “Крокус Экспо” олон улсын үзэсгэлэнгийн төвд хийдэг болсон. 2016 оноос эхлээд Германы “Мессе Мюнхен” хэмээх үзэсгэлийн бизнест дэлхийн тэргүүлэгч компанитай хамтран зохион байгуулах болсон билээ. БТТТ бол “Bauma”, “Bauma China”, “Bauma conexpo iIndia” болон “Bauma conexpo Africa” зэрэг дэлхийн хамгийн том үзэсгэлэнтэй энэ зэрэгцэх арга хэмжээ юм.
 
Уг үзэсгэлэн нь Оросын болон гадаадын хэрэглэгчдэд барилгын зах зээлийн шинэ бөгөөд  хамгийн эрэлттэй техник, технологийг танилцуулах зорилготой. Үзэсгэлэнгийн үндсэн хэсгүүдийн талаархи мэдээллийг www.ctt-expo.ru албан ёсны сайтаас авч болно.
 
- Энэ жилийн үзэсгэлэнгийн цар хүрээ ямар байна? Онцлох оролцогчид хэн байх вэ?
- 2017 онд тус үзэсгэлэнг 65 000 шоо метр талбайд зохион байгуулна. Ойролцоогоор 520 компани оролцох төлөвтэй байгаа бөгөөд үзэсгэлэнд 21 000 орчим хүн ирнэ. Одоогийн байдлаар олон улсын Liebherr, Wirtgen, Putzmeister, Geda, Komatsu болон Оросын Каличск, Клинцовскийн автокраны үйлдвэр, Ковровскийн Электромеханикийн завод, Новтрак, Пневмостроймашина, Тверьстроймаш, Традиция К, Чайка-НН зэрэг томоохон компаниуд оролцохоор хүсэлтээ ирүүлсэн. Оролцогчдын бүрэн жагсаалт сайт дээр бий.
 
Үзэсгэлийн зарим томоохон оролцогч компаниуд:
 
- Компаниудын хувьд үзэсгэлэнд оролцохын ач холбогдол юу вэ?
- БТТТ-д оролцсон компани зах зээлд өөрийгөө таниулах, ОХУ болон гадаадын орнуудын олон мэргэжилтэн, хэвлэлийнхэн, Засгийн газруудын төлөөлөлд техник, үйлчилгээгээ сурталчлах боломжтой. Мэдээж, шинэ түнш, ашигтай харилцааг эндээс олно. Үзэсгэлэнд оролцох нь компаниа хэрэглэгчдийн хүрээнээс гадна мэргэжилийнхэнд харуулах бололцоог нээдэг. Үзэсгэлэнгийн хүрээнд төрөл бүрийн уулзалт, хэвлэлийн хурал, сургалтын хөтөлбөрүүд багтсан.
 
- БТТТ нь дэлхийн барилгын зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог гэж үзэж болох уу?
- Гадны компаниуд Оросын эдийн засгийг сайжирч байна гэж харж байна. Нэг бус удаагийн санал асуулга, ялангуяа Орос, Германы гадаад худалдааны танхимын явуулсан судалгаа үүнийг баталсан. БТТТ-д оролцох гадаад компаниудын тоо өсч байгаа нь Оросын эдийн засаг эерэг үйл явцыг харуулж байгаа юм. 2017 оны БТТТ үзэсгэлэнд гадаадын зарим орон цогц павильон зохион байгуулан оролцож байна. Тухайлбал, Хятадаас 80, Германы 38, Италийн 21, Финляндын таван компани хамтарсан байдлаар оролцоно. Павильоноос гадна бие даан оролцож буй гадаад компани олон. Олон улсын зарим компани ОХУ дахь салбар компаниа төлөөлөл болгон оролцоно.
 
- Дэлхийн барилгын тэргүүлэх компаниуд ямар технологи голдуу ашиглаж байна?
Орчин үеийн тэргүүний технологи ашиглаж байна. Зураг төсөл гаргах, барилгын ажлын гүйцэтгэлийн хяналтад BIM технологи, газар ухах, нягтруулах техникт орчин үеийн зам барилгын шаардлагад нийцсэн цахилгаан болон GPS/ГЛОНАСС төхөөрөмж /жишээ нь, асфальтобетоныг тасралтгүй тавих үед/ ашиглаж байна. Түүнчлэн, автомажуулалт нь олон улсын нэгэн гол чиг хандлага болж байна.

Ярилцсан Г.Даваадорж