Орос, Монголын бизнес-форум боллоо

Ойр мөртөө “хол” орших Орос, Монгол хоёр орны эдийн засгийн харилцаа хүссэн түвшинд гарч чадахгүй байсаар олон жил болж байна. Энэ асуудлыг хэлэлцэх эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны нэгэн талбар болж 27 гаруй жил зохион байгуулагдаж буй “Ворота в Азию” (Азийн хаалга) нэртэй олон улсын бизнес форум, үзэсгэлэн энэ сарын 25-27 нд МҮХАҮТ-д болж байна. Энэ арга хэмжээг жил бүр Худалдаа аж үйлдвэрийн танхим, Эрхүү мужийн “Бизнес Контакт” компани хамтран зохион байгуулдаг билээ.
 
Уг үзэсгэлэн нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хувьд шинэ түншүүдээ олох, ажил хэргийн харилцаа үүсгэх, бүтээгдэхүүнийхээ зах зээлийг өргөжүүлэх боломж олгодгоороо онцлог.
 
Энэ жилийн форум, үзэсгэлэнд ОХУ-ын 10 хотын 35 аж ахуй нэгж хүрэлцэн иржээ. Ойролцоох Эрхүү, Улаан-Үд, цаашлаад Саха /Якут/, Новосибирск хотоос гадна Москвагаас зүүн хойш оршдог Киров, Оросын Европын өмнөд хэсэг болох Ростов муж, Донскийн хязгаарын компаниуд хүртэл Монголд бизнесийн түншүүдээ олох зорилготой иржээ. Ялангуяа Ростов мужийн аж ахуй нэгжүүд том баг болон оролцож байна. Тухайлбал, Ростов-на-Дону хотын “Татьяна Трэвел Тур” компанийн захирал Т.В. Дощенко “Монголд ирээд гайхалтай орон гэдгийг нь мэдлээ. Аялал жуулчлал хөгжүүлэх боломж асар ихтэй. Ялангуяа экологи, түүх соёл, шашны чиглэлээр аялал жуулчлал хөгжүүлвэл хэтэвчээ түнтийлгэх бололцоотой. Түүнээс гадна эндхийн хоол маш амттай юм” гэж хэллээ. Арга хэмжээнд оролцсон Ростовын компаниуд голдуу жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
 
Оролцогч компаниудын ихэнх нь Монголд анх удаа ирсэн байв. Эдгээрийн дотор монголчуудын Зөвлөлтийн үеийн “Газ 53” ачааны машинаар нь мэдэх “ГАЗ” авто завод орчин үеийн хүчирхэг, шинэ загваруудаа танилцуулав. Уг компани нь дэлхийн олон оронд ачааны болон тусгай зориулалтын авто машин нийлүүлдэг. Мөн л шинэ түншээ хайж ирсэн байна.
 
Арга хэмжээний хоёр дахь өдөр хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум болж бизнесийн харилцаанд тулгамдаад буй асуудлуудаа хэлэлцэв. МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгшийн хэлснээр хоёр улсын худалдаанд гаалийн тарифын болон тарифын бус хэд хэдэн саад тээг байгаа аж. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байгаа. Тиймээс Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх саналтай байгаа юм. ОХУ, Белорус, Казахстан, Армен улсуудыг багтаасан энэхүү хөнгөлөлттэй гаалийн бүсэд нэгдчихвэл Монголын бараа ОХУ болон Хамтын нийгэмлэгийн орнуудын зах зээлд төвөггүй гарах том үүд хаалга нээгдэх учиртай. Энэ асуудлаар Монголын тал ЕАЭЗХ-ны төлөөлөгчидтэй нэг бус удаагийн уулзалт хийгээд байгаа аж.
 
Форумын үеэр Хятадын талаас санаачилсан “Эдийн засгийн коридор”-ын боломжуудын талаар ярилцав. Барс группын захирал, МҮХАҮТ-ын УЗ-ийн гишүүн Ч.Амарбаатар Сибирийн бүс болон Монгол улсын хувьд зах зээлийн нэгдмэл орон зайд нэгдэж, Монголыг Хятадын зах зээлд гарах тавцан болгож хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо.

Г.Даваадорж