BRICS-ийн орнууд: Энэтхэгийн эдийн засаг

Энэтхэг улсын эдийн засаг дэлхийд аравдугаарт, худалдан авалтын чадвараараа гуравдугаарт эрэмблэгддэг. Тус улс G-20-ийн нэг бөгөөд BRICS-ийн гишүүн орон юм.

2011 оны хүн амын тооллогоор 1.21 тэрбум хүн Энэтхэгт бүртгэлтэй байгаа нь дэлхийн хүн амын 17.5 хувьтай тэнцэж байв. 2025 он гэхэд 1.6 тэрбум хүрч, БНХАУ-ын хүн амаас их болно гэж тооцоолжээ.

ОУВС-гаас гаргасан үзүүлэлтээр 2012 онд ДНБ нь 1.8 гаруй их наяд ам.доллар байсан бөгөөд дэлхийд аравдугаарт жагсаж байна.

Тус улс нь 19 дэх том экспортлогч бөгөөд өнгөрсөн онд нефть, үнэт чулуу, тоног төхөөрөмж, төмөр, ган, химийн бодис, автомашин зэрэг 309.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ.

Харин 10 дахь том импортлогч бөгөөд мөн онд түүхий нефть, түүхий үнэт чулуу, тоног төхөөрөмж, бордоо зэрэг 500.3 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ.

2012-2013 оны санхүүгийн жилд эдийн засгийн өсөлт таван хувьтай, ДНБ-ий өсөлт дөрвөн хувьтай байна. Өнгөрсөн онд нэг хүнд ногдох ДНБ нь 1491 ам.доллар байв. ДНБ-ий 17.2 хувийг хөдөө аж ахуй, 26.4 хувийг аж үйлдвэр, 26.4 хувийг үйлчилгээний салбар тус тус эзэлдэг /2011 оны байдлаар/.

Энэтхэгийн хүн амын 29.8 хувь нь амжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин 9.9 хувьтай, ажиллах хүчний тоо 498.4 сая байв.

2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гадаад өр 299.2 тэрбум ам.доллар, улсын өр ДНБ-ий 67.58 хувьтай тэнцүү, 2011-2012 оны төсвийн алдагдал ДНБ-ийн 5.2 хувьтай тэнцүү байжээ.

Өнгөрсөн онд улсын орлого 171.5 тэрбум ам.доллар, зардал 281 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна.

Тус улсын Сангийн яамнаас гаргасан төсөөллөөс харахад 2013-2014 онд эдийн засгийн өсөлт 6.1-6.7 хувьтай байх ажээ.