Business.mn сайт 2 нас хүрлээ

Г.Орхон
2021-03-31 14:57:34
Ангилал:

Business.mn сар тутмын сэтгүүл анхныхаа дугаарыг гаргаснаас хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сэтгүүл маань вэб сайт, подкаст, онлайн сургалтаар хүрээгээ тэллээ. Ийнхүү бид Монголынхоо бизнес эрхлэгчид, энтрепренерүүдэд чиглэсэн, тэдэнд бизнес эрхлэхэд нь санаа сэдэл өгч, дэмжиж, зөвлөж, урам зориг өгдөг, туршлага мэдлэгээ солилцох орон зайг бүрдүүлсэн агуулга, үйл ажиллагаа бүхий BUSINESS.MN гэсэн платформыг хөгжүүлж байна.

BUSINESS.MN платформ текст, аудио, видео хэлбэрээр агуулгаа хүргэхийн зэрэгцээ хүн төрөлхтний амьдралд цахим технологи хүчтэй нэвтэрч, бизнес бүх л талаараа цахимжиж байгаа эрин үед дижитал соёл, мэдээллийн дижитал хэрэглээг түүчээлэх зорилготой ажиллаж байна. Энэ платформ бол зөвхөн нэг талаас агуулга бэлтгэн нийлүүлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхээсээ илүү бизнесийнхэнтэй төрөл бүрийн сувгаар эргэх холбоо үүсгэсэн, бизнесийн эзэд, гүйцэтгэх удирдлагууд, менежерүүд, зөвлөхүүд бүгдээрээ хамтдаа хөгжих орон зай, систем юм.

Сэтгүүл, вэб сайтаараа Монголын бизнесийн ертөнц дэх амжилтын түүх, инноваци, өвөрмөц шийдлүүд, туршлагын тухай өгүүлсэн хөрөг нийтлэлүүд, нэр хүндтэй үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлуудын сонирхолтой ярилцлагууд, компаниудад ус агаар мэт хэрэгтэй байдаг зөвлөхүүдийн бизнесийн зөвлөгөө, судалгааг хүргэж ирсэн нь удирдах ажилтнууд, менежерүүдийн байнга уншиж, бизнесийнхээ үйл ажиллагаанд ашигладаг медиа бүтээгдэхүүн болжээ.

Business.mn сайт хоёр жил болохдоо хэдийнэ 730 000 орчим уншигчдад хүрч, үүнээс 130 000 нь байнгын уншигч болжээ.

Харин Business.mn подкаст нь үргэлжийн завгүйн дээр их хотын төвлөрөл, түгжрэл дунд багагүй цагаа өнгөрөөдөг ажил хэрэгч хүмүүсийн хувьд дээр дурьдсан агуулгыг амар хялбар аргаар, өөрт тохиромжтой форматаар хүлээж авах суваг болоод удаж байна.

 

Г.Орхон