“Coal Mongolia 2011” чуулга уулзалт Монголын нүүрсийг үнэд хүргэхэд тусална

Монголчууд бид азтай, баян ард түмэн. Учир нь манай улсад асар их нүүрсний нөөц бий. Өнөөгийн байдлаар 162 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж байгаа ч судалгаагаар энэ тоо цаашид өсөх боломжтой. Ийм ч учраас уг салбарт дэлхийд тэргүүлэгч Австрали хүртэл манай улсын нүүрсний нөөц баялагаас эмээж байна. Тэгвэл энэ их баялагийг хэрхэн зөв зүйтэй ашиглах асуудал дээр долоо хэмжиж нэг огтлох зарчим баримтлах учиртай хэмээн салбарынхан үзэж байна. Иймээс Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан хамтран олон улсын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2011” чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ сарын 24, 25-нд “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын гол уриа “Монгол-дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч” агаад үндсэн болон салбар хуралдаан гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Үндсэн хуралдаанаар Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлтийн талаар ярилцана. Тухайлбал, “Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт”, “Нүүрсний зах зээл ба гадаад худалдаа”, “Нүүрсний техник технологи ба ханган нийлүүлэлт”, “Нүүрсний хөрөнгө оруулалтын төслүүд ба үйлдвэрлэл”, “Нүүрсний тээвэрлэлт ба дэд бүтэц” зэрэг сэдвүүдээр хоёр өдөр хуралдах болно. Харин салбар хуралдаанаар нүүрсний хайгууль олборлолтын техник технологи, ТЭЗҮ, зураг төсөл, нөхөн сэргээлт зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдах юм.

Товчхондоо, нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх гарц, замуудыг нээх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд ”Coal Mongolia 2011” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн зорилго оршиж буй хэмээн дүгнэж болно.

Чуулга уулзалтад салбарын бүхий л төлөөлөл оролцож байна. Тухайлбал, хурлыг нээж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, АМГ-ын дарга Д.Батхуяг “Монгол Улсын нөөц баялаг ба үйлдвэрлэлийн хэтийн хандлага” сэдвээр илтгэл тавих юм. Үүнээс гадна уг салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагууд, олон улсын байгууллагын болон хөрөнгийн биржийн төлөөллүүд илтгэл тавих болно. Энэ үеэр нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч Хятад улсын энэ салбар дахь бодлого, чиг хандлага, Тяньжины далайн боомт, Олон улсын хөрөнгийн зах зээлд уул уурхайн төсөлд санхүүжилт босгох, Тавантолгойн орд ашиглалтын стратеги төлөвлөлт, Макро эдийн засагт нүүрсний салбараас үзүүлэх нөлөө, Уул уурхайн дэд бүтэц- тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх боломжууд зэрэг сонирхолтой сэдэв бүхий илтгэлүүд ч тавигдах юм.
Хурлыг дагасан үзэсгэлэнгийн танхим ерөнхий болон ивээн тэтгэгчийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Одоогийн байдлаар нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй 37 компани үзэсгэлэнгээ гаргахаар бүртгүүлээд байна. Ер нь чуулга уулзалтад 403 байгууллагын 450 гаруй зочин төлөөлөгч оролцох агаад нийт оролцогчдын 35 орчим хувь нь Хятад, Австрали, Канад, Герман, Өмнөд Солонгос, ОХУ зэрэг 12 орноо ирсэн төлөөлөгчид байх юм.

Чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, нүүрсний салбарт онцгой ач холбогдол өгөн сэтгэл зүтгэлээ зориулж буй үйлдвэрлэгч, аж ахуй нэгжид талархалаа илэрхийлж байна. Бидний үйл ажиллагааг салбартаа нэр хүнд бүхий, тэргүүлэгч аж ахуй нэгж болох “HUNNU COAL”, “GEMCOM SOFTWARE INTERNATIONAL INC”, “EN¬ERGY RESOURCES”, ”PROPHECY RESOURCES INC“, ”MOEN¬CO LLC”, “Худалдаа хөгжлийн банк”, “WORLEY PARSONS”, “MONNIS INTERNATIONAL” зэрэг олон арван байгууллага ивээн тэтгэж буй юм.
Дашрамд дурьдахад, Монголын уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn-ээс Ашигт малтмалын газартай хамтарч зэс, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэрэг сэдвээр тусгайлан хурлууд зохион байгуулахаар төлөвлөсөн агаад эхнийх нь нүүрсний салбар болж байна.