Урин цагтай зэрэгцэн Covid-19-ийн тархалт манай улсад дэгдэх өндөр эрсдэлтэйг илтгэх нэгэн судалгааг өнгөрсөн долоо хоногт Global Virus Network байгууллагаас танилцууллаа. Covid19-халдвар эрчимтэй тархаж, үлэмж хохирол амссан газрууд болох БНХАУ-ын Ухань хот, БНСУ-ын Тэгү, Италийн Милан, Ираны Тегеран зэрэг хот дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 30-50 градуст байрласан бөгөөд сүүлийн хоёр 2-3 сард агаарын температур дунджаар цельсийн 11 градус, чийгшил 47-79 хувь байсан нь уг вирус тархах цаг уурын таатай нөхцөл болсон байж мэдэх аж. Гэтэл одоо Covid-19-ийн халдвар тархах таатай цаг агаар АНУ-ын Нью-Йорк, Чехийн Праг, Канадын Ванкувер, Германы Берлин зэрэг хотуудад айлчилж байна. Эдгээртэй манай Улаанбаатар хот ижил өргөрөгт оршдог, ойролцоо цаг агаарын төлөвтэй учраас эрсдэл өндөртэйд тооцогдож байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын өнөөдөр (2020.03.16)-ийн мэдээгээр Улаанбаатар хот орчмын агаарын чийгшил 50-70 хувьд хэлбэлзэж буй бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сард агаарын температурын дундаж 6-17 градус, төвийн аймгуудаар 5-10 градусын дулаан байх аж.
Нөгөөтэйгүүр, “даяарчлагдаж” буй Covid-19-ийг тээвэрлэгдэн орж ирэхээс сэргийлэхийн тулд манай улс хөл хорио тогтоож, тээврийн урсгалаа хаагаад сар гаруй боллоо. Энэ хугацаанд гадаад худалдаа тэр дундаа экспортын орлого саарч, зах зээлд мөнгөний урсгал татарч, бизнесүүд туйлдаж эхлээд байна. ҮСХ-ны хоёрдугаар сарын мэдээгээр улсын төсөв оны эхний хоёр сард 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, татварын орлого өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар буурчээ. Мөн гадаад худалдааны бараа эргэлт 21.3 хувиар саарч, аж үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 360.7 тэрбум төгрөг буюу 14.2 хувиар агшчихлаа. Экспортын орлого өмнөх оны мөн үеэс 322.9 сая ам.доллараар буурахад алт, зэс, нүүрсний экспорт саарсан нь нөлөөлсөн бол аж үйлдвэрийн салбарын борлуулалтын орлогын нийт бууралтын 41.8 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэр эзэлж байна
Санхүүгийн зах зээлд ч вирусын “халдвар” хэдийнэ тархаж, угаас тамир муутай, дарамт ихтэй байсан энэ салбар “вакцин” нэхэж эхэллээ. Хоёрдугаар сард зээлийн өсөлт ердөө 0.6 хувьтай байсан бол хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 12.4, чанаргүй зээл 0.6 хувиар тус тус өссөнийг Монголбанкны статистик мэдээлэлд тэмдэглэжээ.
МҮХАҮТ-аас энэ сарын 5-6-нд Covid-19-ийн хөл хорио бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй талаар 1100 гаруй компанийн дунд санал асуулга явуулахад 89.5 хувь нь дунд болон их хэмжээгээр нөлөөлсөн гэж хариулсан байна. Бараа, үйлчилгээний эрэлт буурч, тээвэр ложистикийн үйл ажиллагаа доголдсоноос нийлүүлэлтээ цаг хугацаандаа хийх боломжгүй болохын зэрэгцээ түрээс болон газрын төлбөр, цахилгаан, ус, дулааны, татварын гэх мэт урсгал зардлууд ихээхэн дарамт болж буйг бизнесийнхэн илэрхийлэв. Нийт аж ахуйн нэгжийн 46.4 хувь нь онцгой нөхцөл байдлын улмаас орлого нь 30-аас дээш хувиар буурна гэж үзсэн бол ердөө гурван хувь л орлогод нөлөөлөхгүй гэж үзэж буй аж. Харин үлдсэн нь 30 хүртэлх хувиар буурна гэж хариулжээ. Бизнесүүдэд чадах ядахаараа бүсээ чангалаад энэ хүнд цаг үеийг давж гарахаас өөр сонголтгүй тул байгаа бүх л нөөцөө шавхаад зүтгэж буйг МҮХАҮТ-ын удирдлага онцолсон юм.
Харамсалтай нь бизнесүүдийн бүсээ чангалах хугацаа ахархан. Гэтэл Covid-19 дэндүү хурдан “даяарчлагдаж” байна. Өмнөд хилийн зорчих хөдөлгөөний бүх гарцыг хааснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч буй ч нэмээд хойд хилээ хязгаарлалаа. Нийлүүлэлт, тээврийн хамгийн идэвхтэй замаар дураараа “аялж” ноёрхлоо тогтоож буй Covid19 одоо баруун болоод хойд талаас орж ирэх өндөр эрсдэлтэй болсон. Хориг хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй. Хэрэв нийтлэлийн эхэнд дурдсан судалгаа үнэн байх аваас одоогийнхоос бүр ч хүнд хэцүү хоёр сар тохиох нь тодорхой юм. Ёрлож буй хэрэг биш. Харин Covid-19-ийн эдийн засагт учруулах эрсдэлүүд тодорхой болох тусам бид ч мөн хариу арга хэмжээгээ тодорхой болгож, бэлэн байдлаа хангах хэрэгтэй. Хэдийгээр Засгийн газар экспортоо таг зогсоочихоогүй, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах талаар тодорхой алхмууд хийж буй ч улам ихийг хийх шаардлагатай байна.
Бизнес эрхлэгчдийн судалгааны үр дүнд үндэслэн МҮХАҮТ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хороодын өргөтгөсөн хуралдаан болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Covid-19-ийн эсрэг гаргаж авсан эдийн засгийн “вакцин“-аа танилцуулсан ч одоогоор зөвхөн Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ нэг хувиар, банкуудын заавал байлгах нөөцийг мөн сулруулсан. Ингэснээр санхүүгийн сектор талаас мөнгөний урсгал нэмэгдэх ач холбогдолтой.
Гэсэн хэдий ч зах зээлийн цусны эргэлтийг төсөв талаас дэмжихэд Засгийн газар болон эрх баригчид шаардлагатай алхмуудыг хийхээс аргагүй. МҮХАҮТ-ын өргөн барьсан саналд төсвийн хөрөнгө оруулалтын зардлуудаас шаардлагагүйг нь танаж, оронд нь Covid-19-ийн нөлөөллийг саармагжуулахад зарцуулах, ЭТТ ХК-ийн 2018, 2019 оны ногдол ашгийн мөнгийг товлосон хугацаанаас наана иргэдэд тараах замаар үндэсний үйлдвэрлэл, дотоодын худалдааны эрэлтийг дэмжих, ажлын байр олноор бий болгодог жижиг, дунд бизнесүүдэд олгох төрийн нэн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн урсгал зардал, татвар, НДШ-ийн хураамж, зээлийн эргэн төлөлт зэрэгт тодорхой хувиар болон цаг хугацааны хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ багтаж буй.
Эдгээр саналыг хэрхэн хэрэгжүүлэх шийдвэр энэ долоо хоногт эрх барих дээд байгууллагуудаас гарах учиртай. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрэлт, нийлүүлэлтийн хомсдолыг зохицуулах, хүнсний хангамжийг тогтвортой байлгах, ажлын байрыг хадгалах, бизнест үзүүлэх нөлөөг саармагжуулах аваас богино хугацаандаа Covid19-ийн нөлөөллийг бууруулж, сайнаар бодоход хохирол багатай даван туулах биз.