Crew Dragon хөлгийн түүхэн нислэг

Mongolian Economy
2020-06-09 18:36:22
Ангилал: Шинжлэх ухаан

Хүн төрөлхтнийг саран дээр мөрөө гаргахад “тусалсан” Apollo сансрын хөлөг 1968 онд хөөрч байжээ. Тухайн үед Мартин Лютер Кинг бусдын гарт амиа алдаж, үүний улмаас АНУ даяар бослого гарч, хоёр хэсэгт хуваагдсан байв. Түүнчлэн 1968 онд АНУ Вьетнамын дайнд оролцож байсан тул гадаад нөхцөл байдал ч таагүй байлаа. Товчхондоо Apollo хөлөг Америк орон ямар амжилтад хүрснийг батлан харуулж, хэн бүхэнд урам зориг өгөв. 

 Тухайлбал, Флорида мужийн Кеннедийн нэрэмжит сансрын төвийн өмнө жагсаж байсан иргэний эрхийн хөдөлгөөний удирдагч Ральф Абернати “Энэ улсын сансрын салбар дахь ололт амжилт, сар луу ниссэн гурван сансрын нисгэгчийн эр зориг сэтгэлийг минь догдлоолоо. Гэхдээ сансрын судалгаанд зориулсан шигээ хүч хөдөлмөрийг өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст зориулахыг бид шаардаж байна” гэсэн байдаг. Нөгөөтээгүүр, эл нислэгийг олон нийтийн анхаарлыг сарниулах зорилготой зүйл мэтээр авч үзэх хүмүүс ч байв. Жишээ нь, яруу найрагч Гил Скотт-Херон “Өнгөрсөн жил олсон миний мөнгийг саран дээр байгаа цагаан юманд зориулаа юу” гэж тавлаж байжээ. 

Сүүлийн 10 жилд хамгийн их тэсэж ядан хүлээсэн сансрын нислэг тавдугаар сарын 30-нд амжилттай боллоо. Crew Dragon сансрын хөлгийг Falcon 9 пуужингаар Apollo сансрын хөлгийг хөөргөж байсан тавцангаас хөөргөсөн юм. Улмаар сансрын нисгэгч Роберт Бенкен, Даглас Херли Олон улсын сансрын станцад хүрчээ. 1981-ээс 2011 он хүртэл ниссэн NASA-гийн Space Shuttle хөтөлбөрөөс хойших АНУ-ын анхны сансрын нисгэгчтэй нислэг ийн амжилттай болов. 

Энэхүү нислэг нь хоёр чухал ач холбогдолтой юм. Нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд өөрийн нисгэгчийг сансарт илгээж чадалгүй ОХУ-д найдсаар ирсэн АНУ-д шинэ боломж нээгдэв. Хоёрдугаарт, Crew Dragon хөтөлбөр сансрын нислэгийг хямд зардлаар үйлдэж болдгийг батлан харуулав. Crew Dragon бол АНУ-д үйлдвэрлэсэн хамгийн хямд сансрын хөлөг. Сансрын хайгуул, судалгааны Planetary Society ТББ-ийн тооцоолсноор NASA эл хөлөгт ердөө 1.7 тэрбум доллар зарцуулсан аж. 

Өнгөрсөн хугацаанд пуужин, сансрын хөлөг бүтээхэд NASA өртөгт суурилсан гэрээ байгуулж, загварт нь тодорхой шаардлага тавьдаг байжээ. Улмаар сансрын хөлөг үйлдвэрлэх зах зээл өрсөлдөөн багатай тул зардлыг бууруулах сэдэл байдаггүй байв. Тухайлбал, NASA-гийн сар луу нисэх төлөвлөгөөний салшгүй хэсэг болсон Space Launch System (SLS) хөтөлбөрийн SLS пуужинг дурдаж болно. Ангараг гараг болон сар луу нисэх Ерөнхийлөгч Жорж Бушийн санаачилгын хүрээнд эл пуужинг бүтээж эхэлсэн юм. Үүний дараа Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Сенат эл пуужингийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлэх тал дээр анхаарсан хэвээр байжээ. SLS пуужинг 2021 онд хөөргөх хүртэл нийтдээ 17 тэрбум доллар зардал гарна гэж NASA тооцоолсон байна. Түүгээр ч барахгүй SLS пуужингийн тээх Orion сансрын хөлгийг бүтээхэд үүнээс ч их зардал гарах аж. 

2000 оны дунд үеэс NASA-гийн дарга асан Майк Гриффин шинэ арга барил хэрэглэж эхэлжээ. Тэрбээр сансрын хөлөг, пуужингийн загварыг тодорхой зааж өгөхийн оронд юу хэрэгтэй байгааг тайлбарлаж, судалгаа болон хөгжүүлэлтийн (R&D) зардлын тодорхой хувийг үүрдэг болсон юм. Ингэснээр гэрээт гүйцэтгэгчид технологийн шийдэл, сансрын хөлгийн загварыг сонгох эрхтэй болсон. Энэхүү шийдэл нь цэрэг-аж үйлдвэрийн цогцолбороос бусад компаниудад зах зээлд нэвтрэх боломжийг нь нээж өгчээ. Тухайлбал, хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх мөрөөдөлдөө хөтлөгдсөн Элон Маск 2002 онд SpaceX компанийг үүсгэн байгуулжээ. 

2009 онд М.Гриффин NASA-г орхиход SpaceX жижиг хэмжээтэй хөлгийг сансарт хөөргөж байв. Энэхүү хөлөг нь NASA-гийн Арилжааны сансрын тээврийн үйлчилгээний хөтөлбөрийн /Commercial Orbital Transportation Services programme/ нэг хэсэг болжээ. 2012 онд SpaceX компани NASA-гаас 440 сая долларын санхүүжилт авч, хүн төрөлхтнийг сансар луу илгээх Dragon хөлгийг бүтээж эхэлсэн юм. 

Ийнхүү шинэлэг, зардал хэмнэсэн арга барилын ачаар NASA хүн тээвэрлэхэд аюулгүй сансрын хөлөгтэй болсон юм. Анх Dragon сансрын хөлгийг 2015 онд хөөргөхөөр төлөвлөсөн ч технологийн болон санхүүгийн бэрхшээлийн улмаас хойшлогдож байв. NASA нийтдээ зургаан удаагийн нислэг үйлдэх гэрээг SpaceX-тэй байгуулсан бөгөөд Crew Dragon хөлгийн дараачийн нислэгийг наймдугаар сард үйлдэхээр төлөвлөөд буй. Түүнчлэн Boeing компани SpaceX-ийн Crew Dragon-той төстэй Starliner сансрын хөлгийг бүтээж эхэлсэн ч 2019 оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтын нислэг амжилтгүй болжээ. Тиймээс Starliner хөлгөөр 2021 он хүртэл нислэг үйлдэхгүй аж. 

Мөн дөрөвдүгээр сард хүн төрөлхтнийг сар луу тээвэрлэхийн тулд NASA гурван компанитай нэг тэрбум долларын гэрээ байгуулсан. Эл гурван компанийн нэг бол хамгийн дэвшилтэт технологитой компанид тооцогддог Blue Origin юм. Жефф Безос ч гэсэн Элон Маскийн адилаар хүн төрөлхтнийг сансар огторгуйд хүргэхийг хүсдэг нэгэн. Хоёр дахь компани бол Leidos-ын охин компани Dynetics. Гуравт, Starship хөлөг онгоцыг санал болгосон SpaceX компани багтжээ. 

Өнөөдрийн байдлаар SpaceX компани Starship-ийг хөөргөх шинэ пуужинг зохион бүтээх ажилдаа шамдан ороод байна. Blue Origin-ний сансрын хөлөг Falcon 9-өөс илүү хүчтэй Glenn пуужин эсвэл Dynetics-ийн адилаар Boeing, Lockheed-ийн бүтээсэн Vulcan пуужингаар хөөрч магадгүй байгаа. Дээрх хоёр пуужинг дараа жил туршилтаар хөөргөхөөр төлөвлөөд буй. Хэдийгээр эдгээр компани SLS пуужинг ашиглахгүй боловч SLS, Orion сансрын хөлөг нь NASA-гийн сар луу нисэх төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг хэвээр байна. Учир нь шинэ хөлөг онгоцнууд бэлэн болтол сарыг тойрох аяллыг SLS, Orion сансрын хөлгөөр хийх юм. 

NASA-гийн дээрх хөтөлбөрүүд хямд өртгөөр сансрын хөлөг бүтээж болдгийг батлан харуулж чадав. SpaceX-ийн аварга пуужин Falcon Heavy, дараа жил бэлэн болох хоёр шинэ пуужин, одоо хөгжүүлж буй Starship онгоцны ачаар АНУ-ын сансрын нисгэгчдийг сар луу хүргэх олон сонголттой боллоо.

 

Английн The Economist сэтгүүлийн материалыг Mongolian Economy сэтгүүл онцгой эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. 

Mongolian Economy