“Discover Mongolia” моодноос гараагүй. Харин . . .

Хөрөнгө оруулагчдад бүхий л талын мэдээллийг өгдөг. Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тэдэнтэй хамтрах аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний төрөл бүрийн үзэсгэлэнгээ дэлгэдэг “Discover Mongolia 2013” буюу Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 5, 6-нд болох гэж байгаатай холбоотой зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн “Discover Mongolia” чуулга уулзалт Монголын нүүрсний салбарын уналт, эдийн засгийн хямралын үед болох гэж байгаагаараа онцлог. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Жил жилийн “Discover Mongolia” чуулганаар Монголын уул уурхай болон хөрөнгө оруулалтын орчны талаар талууд ярилцаж үзэл бодлоо солилцдог. Энэ удаа ч уг зарчмаас хазайхгүй. Гэхдээ өмнөх “Discover Mongolia” чуулга уулзалтаар оролцогчид нь байр сууриа илэрхийлдэг, лекц уншдаг байсан. Харин энэ удаад хөгжлийн үндсэн суурь болсон төр, иргэний нийгэм болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд өөр өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломжтой. Товчхондоо эдийн засгийн хямралын дохио ажиглагдаж эхэлсэн энэ үед тус тусдаа өөр өөр зүйл ярих биш төр, иргэний нийгэм, хувийн хэвшил нь нэг тайзан дээр өөр өөрсдийн дуу хоолойгоо хүргэснээр талуудын харилцан ашигтай харилцаа үүсэх юм” гэв.
Арван нэг дэх жилдээ болох гэж буй уг арга хэмжээгээр Монголын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хэд хэдэн хуулийн шинэчлэлийн талаар яригдана гэдэг хүлээлт бий талаар сэтгүүлчид чуулганы зохион байгуулагчдаас тодруулсан юм. Энэ талаар “Discover Mongolia” чуулга уулзалтын ерөнхий зохицуулагч П.Энхжин “Энэ жилийн уулзалт өмнөх жилүүдийнхээс онцлог болох бөгөөд хууль, эрх зүйн тогтвортой орчинг бий болгох нь, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл, Байгаль орчны асуудлууд, Хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлт, Орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоо гэсэн таван сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөнө. Хууль эрх зүйн тухайд засч залруулах зайлшгүй шаардлага бий. Тиймээс аль болох аль аль талдаа ашигтай хувилбараар өөрчлөлт оруулахын тулд дээрх олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхээр байгаа” гэлээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, яам, агентлагийн удирдлага, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэм, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцох ажээ. Харин гаднын 10 гаруй орны 500 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр мэдүүлжээ. Энэ нь урд жилүүдийн “Discover Mongolia” чуулга уулзалтад ирж байсан гаднын төлөөлөгчдөөс хэд дахин бага тоо юм. Үүний гол шалтгаан нь “Discover Mongolia” моодноос гарсан хэрэг биш харин Монгол Улсыг сонирхох гаднын хөрөнгө оруулагчид багассаны шинж гэдгийг чуулганыг зохион байгуулагчид хэлж байлаа. Тэр бүү хэл, энэ удаагийн “Discover Mongolia” ерөнхий ивээн тэтгэгчгүй байгаа гэнэ. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Хөрөнгө оруулалт буураагүй гээд байгаа нөхдүүдэд хэлэхэд хөрөнгө оруулалт хэдийнэ буурсан. Үндэсний хэмжээний томоохон төсөл гэлтгүй энэ удаагийн “Discover Mongolia” чуулга уулзалт хөрөнгө оруулагчгүй байна шүү дээ” гэсэн юм.
Дашрамд дуулгахад чуулганаар шатдаг занарын асуудлаар салбар хуралдаан зохион байгуулах аж. Занарын нөөц, хайгуул, ашиглалтын өнөөгийн байдал болон төрөөс занарын талаар баримталж буй бодлогын талаар холбогдох албан тушаалтнууд илтгэл тавих ажээ. Мөн “Discover Mongolia” чуулга уулзалтын мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр эдийн засаг, бизнесийн “Mongolian Economy” сэтгүүл хамтран ажиллаж байгаа болно.