Эмэгтэйчүүд гартаа авна

Люси Келлавей

Удирдах зөвлөлийн өрөөн дэх эрх мэдлийн шилжилт

Одож буй жил корпораци дахь эмэгтэйчүүдийн хувьд 1934 онд Летти Пейт Вайт Кока Колагийн удирдах зөвлөлд орж, Америкийн голлох компанийн анхны эмэгтэй захирал болсноос хойших хамгийн тэмдэглүүштэй он байлаа. Үүнээс хойш эмэгтэйчүүд компанийн удирдах зөвлөлүүдэд нэлээд дэвшин орсон ч тэдний удирдлагын төвшин дэх довтолгоо мөсөн гол мэт удаашралтай байж ирлээ. Залуу Летти 1906 оноос гэр бүлийн бизнес болох савлах 80 үйлдвэрийг удирдахад оролцож эхэлснээс хойш 100 гаруй жилийн дараа ч удирдах албан тушаалд хүрч ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо цөөн хэвээр байна.

2017 онд компаниуд илүү олон эмэгтэйчүүдийг хүчтэй дээгүүр албан тушаалд тавих тал дээр идэвхийллээ. Өнгөрсөн хэдэн арван жилд тэд эмэгтэйчүүдийг өсөж дэвшихэд дэмжих зорилготой олон төрлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж цагаа үрлээ. Уян хатан ажлын төлөвлөгөө санал болгох, зөвлөхүүдээр дамжуулан сургах, олон төрлийн сургалт мөн янз, янзын санаачилга хэрэгжүүлэх зэрэг аргуудаар дамжуулан олон талаар ятгаж, дэвших итгэл төрүүлэх гэж оролдсон. Гэсэн ч олигтой үр дүнд хүрээгүй. Олон салбарт тухайлбал, ялангуяа санхүүгийн салбарт удирдлагын төвшин дэх таван хүн тутмын нэгд ч хүрэхгүй шахам тооны эмэгтэйчүүд байдаг нь 20 жилийн өмнөх үзүүлэлтээс нэг их дээрдээгүй нөхцөл юм.

Гэхдээ одооноос нөхцөл өөрчлөгдөнө. Эмэгтэйчүүдийг удирдлагын төвшинд олон болгоход чиглэх арга нь илүүтэй зорилт дэвшүүлж, квот тогтоох байх болно. Дэмжлэгээр дамжуулан зүтгүүлээд удаашралтай байсныг тушаал зарлигаар хүчлэнэ. Ажил олгогчид чиглэж буй зорилтуудаа мөн тэднийг сайн биелүүлэх гэж хичээж байгаагаа олон нийтэд мэдээлнэ. Тэд ирэх гурав, тав цаашлаад арван жилд эмэгтэйчүүдийн төлөө хамгийн их хүчин зүтгэл гаргаж буй компани хэмээн цоллуулах тэмцэлд бие биенийгээ давах гэж оролдоно.

Үүнд хоёр зүйл тэднийг ятгана. Нэгдүгээрт, өдгөө Европын олон оронд хэрэгжиж байгаа удирдах зөвлөлд квот тогтоосноор гарсан амжилт. Хоёрдугаарт, дэлхий дээрх хамгийн хүчирхэг эдийн засгуудыг авч явж буй эмэгтэйчүүдийн үзүүлэлт хангалтгүй бөгөөд дарга нар нь дийлэнхдээ эрэгтэй байдаг бизнесийн ертөнц орчин үеийн чиг хандлагаас ангид харагдана.

Олон нийтийн санаа бодол дээрх төрлийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй хэнбэгуайг ч жинтэй буруутган шийтгэх нь ихэснэ. 2016 онд Кевин Робертс нь зар сурталчилгааны салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн хувьд хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал байсаар байхад, байхгүй болсон гэж сэтгүүлчид хэлснийхээ дараа Saatchi & Saatchi-ийн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа буухад хүрсэн юм. Иймэрхүү үг хэлэх нь хүний олон жилийн туршид бий болгосон ажлын амжилтыг хэрхэн төгсгөж, хувийн имиджийг хэдхэн секундийн дотор сүйтгэж болдгийг тэрбээр тод харуулсан. Эрчүүд эндээс иймэрхүү юм ярьж явах байтугай бодож ч болохгүй юм байна гэдэг сургамж авна.

Тэд үүний оронд дотроо тэгж боддог, боддоггүй нь хамаагүйгээр илүү олон эмэгтэй удирдах албан тушаалд байх хэрэгтэй гэж итгэдэг хэмээн хариулдаг, дүр эсгэдэг болно. 2017 онд эрэгтэй хүний хувьд хийж болох хамгийн загварлаг, гоё харагдуулж болох зүйл нь ядаж нэг эмэгтэй хүн дунд нь байхгүй л бол ямар ч төрлийн цуглаан хэлэлцүүлэгт суухгүй байхаа илэрхийлэх байлаа. Дан эрэгтэйчүүд байдаг юм шиг компанийн орчинд ярьж, оролцож харагдах нь эрчүүдийн имиджид муугаар нөлөөлнө. Тавьсан зорилтууддаа хүрэхийн тулд компаниуд шагнал урамшуулал амлахын оронд доод албан тушаалуудаас удирдлагын төвшин рүү эмэгтэйчүүдийг чирч авчирна. Энэ нь итгэл дутсандаа эсвэл илүү том ажил хийх сонирхол төдийлөн байхгүйдээ өөрийгөө төдийлөн дээш нь зүтгүүлээд байдаггүй эмэгтэйчүүдийг хүчээр шахам оруулж ирнэ гэсэн үг.

Иймэрхүү хүүхнүүд удирдлагыг гартаа авснаар том компаниуд дахь түгээмэл удирдлагын хэв маягийг өөрчилж эхэлнэ. Өнгөрсөн 20 жилд эрэгтэйчүүдийн чанга хатуу удирдлагын хэв маягаас холдоно гэж таамагласан ч, тэгээгүй. Цөөн хэдэн эмэгтэйчүүд удирдлагын төвшинд орж ирсэн ч, тэд бол дайсагнасан орчинд амжилт олж дээшээ гарсан хүмүүс учир энэ нь байдлыг өөрчилсөн нь үгүй.

Шинэ толгойлогч охид

Дээшээ татагдсан дараа үеийн эмэгтэй удирдлагууд арай өөрөөр удирдлагын хэв маягийг явуулж мэдэх юм. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэл зүйн хувьд илүү ухаалаг замаар удирдах нь эцэстээ нэг юм ажил хэрэг болох нь. Өмнөхөө бодвол эрч хөдөлгөөн эрс бага байгаа энэ үед анхаарал татах гэсэн оролдлого, онгироо байдал хуучирч, моданаас гарч магадгүй. Баатарлаг төрлийн дүртэй гүйцэтгэх захирал хажуу тийшээ зай тавьж өгөхөд хүрнэ.

Шинэ хандлага насжилтын хувьд гайхамшгуудыг бүтээнэ. Дээд удирдлагын албан тушаалуудад хангалттай тооны эмэгтэйчүүдийг оруулж ирнэ гэдэг нь ажлаа хаячихсан ээжүүдийг эргүүлж авчрах мөн хүүхдүүдээ өсгөхийн тулд ажлын амжилтаа сул орхичихсон тэдгээр эмэгтэйчүүдийг дэмжинэ гэсэн үг болно. Энэ үеийн эмэгтэйчүүд буюу 50 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд гэртээ хоол хийгээд зогсох хэрэггүй болж, коллеж төгссөнөөсөө хойш анх удаа эрэгтэйчүүдтэй эн тэнцүү өрсөлдөх боломжоос атгана.

Золиосгүй ялалт гэж үгүй. Дундаж эрчүүд орон зайгаа алдана. Тэд үүнд баяртай байхгүй ч ил цагаан эсэргүүцэхгүй бөгөөд бие засах өрөөнд хоорондоо нууцхан ярилцаж эсэргүүцэхээс хэтрэхгүй. Гэвч энэхүү нууцхан эсэргүүцлийг хүртэл тэднээс булааж мэдэх юм. Ажилчид дундах трансжендэр хүмүүсийг доромжлохгүй байх хандлагын нэг хэсэг болгон хүйсээр ялгаварладаггүй (жендэрийн хувьд төвийг сахисан) угаалгын өрөөг ашиглахаар зэхэж буй. Зарим их сургуульд аль хэдийнэ нэвтэрсэн энэхүү хандлага 2017 онд корпорацийн ертөнцөд дэлгэрч эхэлсэн. Ингэснээр ажлын байран дээр хүйсээр ялган ангилж байсан сүүлийн хүчин зүйл үгүй болно. Энэ нь ижил тэгш байдлыг хангахад сайн хэдий ч ахин хэлэхэд үүнд золиос гарах л болно. Хов живэнд ороход бэлд.

Дэлхий 2017 сэтгүүлээс



“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий 2018 онд-The World in 2018 жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа. Тус сэтгүүл нь:

  • ТУЗ-ийн захирлууд 27%,
  • Удирдлагын түвшний эсвэл түүнээс дээш түвшний албан тушаалтнууд 44%,
  • Бизнес эрхлэгчид 11% ,
  • Засгийн газарт ажиллагсад 6% гэсэн байдлаар хүрдэг.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

  • 18 секц+Монголын секц
  • 146 нийтлэл
  • 81 улсын тухай онцлох мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд,
  • 13 салбарын тухай мэдээлэл, төлөв
  • Цагалбар, Дэлхийн онцлох үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та баярын өдрүүдэд #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик болон #Internom номын дэлгүүр мөн #Goodpriceсупермаркетыг зориорой

Утас: 90099880, 94092904

Дэлхийгээр аялуулж, Ирээдүйг атгуулна