“Energy Mongolia” шинэ сэтгүүл мэндэллээ 

Sarangerel
2023-12-13 10:40:30
Ангилал:

“Mongolian Economy” сэтгүүл эрчим хүчний сэдвээр дагнасан “Energy Mongolia” сэтгүүлийнхээ анхны дугаарыг уншигчдын гар дээр тавьлаа. “Mongolian Economy” сэтгүүл “Эрчим хүчний салбараа аваръя” уриатай цуврал контентыг гурван сар гаруйн хугацаанд бүтээгээд байна. 

Монгол Улсын хөгжлийн суурь болсон эрчим хүчний салбар өнөөдөр аваарын байдалтай байгааг төр засаг, ард иргэд нь мэдэж байгаа хэрнээ ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр өдийг хүргэсэн билээ. Гэтэл эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, дулааны цахилгаан станцуудын чадал шавхагдах хэмжээнд тулж ирээд байна. Мөн тус салбарт сүүлийн жилүүдэд том төслүүд хэрэгжсэнгүй, бүтээн байгуулалтууд өрнөсөнгүй, үнэ тарифыг хүчээр барьж, өртгөө нөхсөн уян хатан үнэ тарифыг огоорсон, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирдэггүй салбар болон хувирчээ. Эхний дугаартаа бид тус салбарын хүндрэл бэрхшээл, сорилтуудыг голчлон хөндлөө.

“Energy Mongolia” цоо шинэхэн сэтгүүлийнхээ нээлтийг бид “Сингапурын амжилтын тавин нууц” номын нээлттэй хамтадган өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Аз хур” номын их дэлгүүрт хийсэн юм. 

“Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр шинэ сэтгүүлийг нээж хэлсэн үгэндээ “Эрчим хүч бол өнгөрсөн 30 жилд хамгийн хөгжөөгүй салбар юм. Учир нь эрчим хүчний үнэ тарифыг төрөөс барьснаас үүдэж тус салбар зах зээлийн зарчмаар хөгжих боломжгүй явж ирсэн. Алдагдалтай үнэ мөрдөж буй тул эрчим хүчний үйлдвэрүүд ашигтай ажиллаж чаддаггүй, үргэлжийн алдагдалтай, өр зээлтэй явж байна. Дулааны цахилгаан станцууд, шугам сүлжээний ихэнхийнх нь ашиглалтын хугацаа дуусаж, зогсох дээрээ тулсан. Мөн энэ 30 жилд эрчим хүчний томоохон эх үүсвэр огт бариагүй ирсэн нь өнөөдөр асуудал үүсгэж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний ачааллыг өнөөгийн үйлдвэрүүд дааж чадахгүй хэмжээнд хүрсэн. Монгол Улс оргил ачааллын үедээ ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч импортолж байна. ОХУ-ын цахилгаан дамжуулах шугаманд ямар нэг гэмтэл гарвал бид яах вэ гэх мэтчилэн үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэдэв юм. Мөн түүнчлэн дэлхий даяар ногоон эрчим хүч ярьж байна. Харин бид сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тухай бус нүүрсээ ярьсаар байна. Бид ногоон хөгжлийн гадна үлдэх үү гэдэг сонголт иржээ. “Mongolian Economy” сэтгүүл 13 жилийн хугацаанд эрчим хүчний асуудлаар олон нийтлэл бичиж, тусгай дугаарууд гаргаж ирсэн. Гэхдээ бид эрчим хүчний асуудлыг байнга хөндөж, ярьж, хэлэх үүднээс эрчим хүчний сэтгүүл, сайт, сошиал сувгуудийг бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд “Energy Mongolia” сэтгүүлийн анхны дугаарыг гаргаж, уншигчдын өмнө тавилаа” хэмээв.
“Energy Mongolia” сэтгүүлийн зорилго бол эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлыг баримтад тулгуурлан үнэн зөвөөр гарган ирж, бодлого тодорхойлогчид, олон нийтэд хүргэх явдал юм. Мөн асуудлыг шийдэл гарцтай нь хамтдаа хайна. Тус сэтгүүлээс гадна бид эрчим хүчний сэдвээр дагнасан сэтгүүл, сайт, сошиал сувгууд бүхий эрчим хүч мэдээллийн платформ бий болгож байна.

“Energy Mongolia” сэтгүүлийн нээлтийн үеэр эрчим хүчний салбарын зарим төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.

Эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур: “Mongolian Economy” сэтгүүл зөвхөн эрчим хүчний асуудлаар дагнасан “Energy Mongolia” шинэ сэтгүүл гаргаж байна. Монголын эрчим хүчийг хүнд байдлаас гаргахад оруулж буй чухал хувь нэмэр гэж би үзэж байна. “Mongolian Economy” сэтгүүл “Эрчим хүчний салбараа аваръя” уриан дор тусгай контент гаргаж, олон нийтэд амжилттай хүрсэн. Хүмүүс их сонирхож, уншиж байгаа. Монголын сэтгүүл зүйд анх удаа эрчим хүчний дагнасан мэргэжлийн сэтгүүл гаргаж байгаа “Mongolian Economy” сэтгүүлийн хамт олон, Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаярт баярлаж байгаагаа илэрхийлье. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. “Energy Mongolia” сэтгүүл гарснаар эрчим хүчний салбарын хүнд хэцүү асуудлуудын тухай өгүүлсэн нийтлэлүүдийг Монголын ард түмэн уншиж, илүү сайн ойлгодог болно гэж найдаж байна.

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны менежер Р.Наранцэцэг: “Эрчим хүчээ аваръя” контент хийж байгаа нь цаг үеэ олсон асуудал мөн. Өнөөдөр эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай болсон учраас хэмнэх горимд шилжсэн. Эрчим хүчний ажилтнуудын цалин бага учраас ажлаасаа гарах явдал их байна. Мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон. Тодорхой бодлого гаргаж яаралтай энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол ер нь хүнээ алдаж хэцүү байдалд орох цаг тулчихаад байгаа шүү. Яг ийм үед “Energy Mongolia” сэтгүүл гарч байна. Эрчим хүчний салбарынхан энэ сэтгүүлээр дамжуулж төр засагт үгээ хэлж, санаа оноогоо илэрхийлэх хэрэгтэй. “Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяртай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж, эрчим хүчний салбарын олон асуудлыг тодруулан гаргаж ирж байсан. Эрчим хүчний салбартаа анхаарал хандуулж, дахин бичиж байгаад баяртай байна.

Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Н.Мягмарсүрэн: Мэргэжлийн үүднээс түмэнд зориулсан “Energy Mongolia” сэтгүүл гаргаж байгаад би их талархаж байна. Эрчим хүчний салбар хүнд байгаа энэ үед ард түмэнд учрыг нь ойлгуулах хамгийн чухал. Бид эрчим хүчээ аврах хэмжээнд тулчихаад байна шүү дээ. Үүнийг ард түмэн нь ойлгож, төр засаг нь ухамсарлах байх гэж найдаж байна.

“Эрчим сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Нямдаваа: Эрчим хүчний салбарын хүндрэлтэй асуудлыг нийгэмд хандуулсан том сэтгүүл гарч, нээлт нь болж байгаад туйлын баяртай байна. “Energy Mongolia” сэтгүүлийн нийтлэлүүд үр дүнгээ өгнө гэж бодож байгаа. Дараагийн 30 жилд эрчим хүчний салбар зах зээлийн системээр хөгжихөд том хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Нийгмийн, улс төрийн хандлага зөв тийшээ чиглэхэд эрчим хүчний мэргэжлийн сэтгүүл их нөлөө үзүүлнэ.