Forbes: Оросын тэрбумтнууд жилийн дотор 10 хувийн алдагдалд орлоо

“Форбес” сэтгүүл ОХУ-ын хамгийн баян хүнээр Алишер Усмановыг шалгаруулсан байна. Интернетэд хөрөнгө оруулсан Алишер Усманов анх удаа “Форбес”-ын жагсаалтын тэргүүнд орсон байна. Усмановын хөрөнгийг “Форбес” 18.1 тэрбум ам.доллараар үнэлж байгаа аж. Түүний хөрөнгө нэг жилийн өмнө 17.7 тэрбум ам.доллар байв. Тэрбээр “Металлоинвест” компанийн хувьцааны тал хувийг, Лондоны хөл бөмбөгийн “Арсенал” клубын 29 хувийг, “Дижитал скай текноложис” компанийн бараг 80 хувийг, “Коммерант” хэвлэлийн газар, “Муз-ТВ” телевизийн суваг, “Mail.ru” цахим хаяг гэх мэт хэд хэдэн газраас хувьцаа эзэмшдэг аж.

Усманов нь “Дижитал скай текноложис”-ээр дамжуулж “Фэйсбүүкийн” 5.5, “Твиттер”-ийн үйлчилгээний таван хувийг “халаасладаг” байна. Өнгөрсөн онд “Форбес”-ын энэхүү жагсаалтад “Новолипецкийн төмрийн комбинат”-ын ТУЗ-ийн дарга Владимир Лисин орж байв. Түүний хөрөнгө энэ онд 30 хувиар буурч, жагсаалтын хоёрдугаарт оржээ. Тус сэтгүүлд дурдсанаар ОХУ-ын 200 гаруй тэрбумтаны хөрөнгө ганцхан жилийн дотор 10 хувийн алдагдалд ороод байгаа аж. Үүнийг тус улсын өнөөгийн эдийн засгийн байдалтай холбон тайлбарлажээ. Өдгөө дэлхий дээр тэрбумын хөрөнгөтэй 1226 иргэн амьдарч байна.

"Forbes" сэтгүүлийн эхний аравт жагсагчид

Байр Нэр Хөрөнгө /сая ам.доллар/
1 Алишер Усманов 18100
2 Владимир Лисин 15900
3 Алексей Мордашов 15300
4 Владимир Потанин 14500
5 Вагит Алекперов 13500
6 Михаил Фридман 13400
7 Михаил Прохоров 13200
8 Виктор Вексельберг 12400
9 Роман Абрамович 12100
10 Леонид Михельсон 11900