“Future Mongolia- 2012” олон улсын үзэсгэлэн нээгдлээ

Уг нь өнөөдөр байдаг л нэг жирийн өдөр. Нар манддагаараа мандаж, уурхайчин, улс төрч, жирийн иргэд гээд бүгд л толгой өндийх завгүй ажилласаар. Их хотын завгүй өдөр эхэллээ. Үүнтэй зэрэгцэж шинэ өглөөг чимэж “Future Mongolia- 2012” уул, уурхай болон барилга угсралтын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн 10:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.

“Future Mongolia- 2012” үзэсгэлэн урьд нь манайд зохиогдож байгаагүй олон улсын томоохон арга хэмжээ юм. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Монгол Улс уул уурхайгаа хариуцлагатай, тогтвортой хөгжүүлэх зам руу эргэлт буцалтгүй орсон байгаа. Тус салбарыг хариуцлагатай хөгжүүлэхийн тулд дэлхийн тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх нэн шаардлагатай байгаа. Герман улсын дэвшилтэт техник, технологийг нутагшуулах, нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр олноор барьж байгуулах зорилготой ажиллаж байгаа. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын олон компани дэлхийн дэвшилтэт техник технологитой танилцахын зэрэгцээ цаашдаа хамтран ажиллах түншүүдээ олж авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолж байсан юм.
Энэхүү үзэсгэлэнд өөрсдийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа танилцуулахаар 14 орны 100 гаруй компани хүрэлцэн ирсний дотор Германы 70 гаруй компани оролцож буй юм. Тэр дундаа “Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо” энэ удаагийн үзэсгэлэнд өргөн хүрээнд оролцож байв. Тухайн байгууллага нь өдгөө 3000 гаруй гишүүн компанитай Европын хамгийн том, нөлөө бүхий аж үйлдвэрийн холбоо юм. Зөвхөн дотооддоо л гэхэд 960 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадаг тус компани нь манай орныг зорин ирж, уг арга хэмжээнд оролцож байгаагаас харахад үзэсгэлэнгийн цар хүрээ, үнэ цэнэ харагдаж байна гэдгийг “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-ийн тэргүүн Д.Дамба хэлсэн.
Энэ баасан гаригийг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнд өнөөдөр хөдөө аж, ахуй, маргааш барилга угсралт, харин нөгөөдөр уул уурхайн чиглэлийн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулна. Тус үзэсгэлэнд Германы “Siemens”, “ThyssenKrupp AG”, “Mercedes-Benz”, “BASF”, “Ferrostaal”, “Schulte Strathaus” гэх мэт олон томоохон компаниуд оролцож байгаагаас гадна “Metso", "Hyundai”, “Wagner Asia”, “Оросын төмөр зам”, “Liebherr” зэрэг бусад орны томоохон компаниуд ч оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж буйгаараа онцлог аж. Дашрамд дурдахад, Манай “Mongolian economy” сэтгүүл тус үзэсгэлэнгийн мэдээллийн түнш байгууллагаар ажиллаж байна. Үзэсгэлэнгийн эхний өдөр зарим оролцогчийн сэтгэгдлийг сонссоноо хүргэе.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, хүндэт доктор, ноён Петер Шаллер:
-Өнөөдөр Монгол Улсад уул уурхай болон хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн олон улсын хамгийн том үзэсгэлэн болж байна. Тэмдэглэж хэлэхэд, ашигт малтмалыг олборлоод түүхийгээр нь экспортлох биш, харин нэмүү өртгийг Монголд шингээх, боловсон хүчнийг шинэ техник технологид сургах чиглэл дээр хоёр улс хамтарч ажиллахаар төлөвлөсөн билээ. Уул уурхайг дагаж дэд бүтцийн салбар хөгжинө гэж найдаж байна. Энэхүү үзэсгэлэн нь олон улсын гэсэн утгаа бүрэн дүүрэн илэрхийлж байгаа. Дэлхийн 14 улс орноос компани, аж ахуйн нэгжүүд хүрэлцэн иржээ. Ганц уул уурхай бус, эдийн засгийн бүх салбарыг хамарсан томоохон үзэсгэлэн олж байгаад баяртай байна.
“Аммак” компанийн захирал Хендрик Готтшалк:
-Одоогоос гурван жилийн өмнө “Аммак” компани Монголд өөрийн охин компани “Аммак Эм Жи Эл”-ийг үүсгэн байгуулсан. Хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлэхээс гадна ноу-хау-г нэвтрүүлэх, хүмүүсийг сургахад анхаардаг. Хөдөө аж ахуйн бизнес амархан салбар биш. Бид монголын аж ахуйн нэгжүүдэд энэ салбарт хөл дээрээ зогсож, бизнесээ хөгжүүлэх дээр нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Монголд газар тариалангийн бизнест маш их боломж байна. Монголд газар тариаланд тохиромжтой талбайн зөвхөн багахан хэсгийг л ашигладаг. Иймд хөдөө аж ахуй, газар тариаланд тохиромжтой газраа ашиглах томоохон боломж харагдаж байна. Одоогийн байдлаар бид орчин үеийн тоног төхөөрөмжийг харуулсан загвар фермыг Монголд байгуулж, танилцуулахаар ажиллаж байгаа.
“Сэлэнгэ групп”-ын менежер С.Зоригтбаатар:
-Монголчуудын хувьд урьд нь олон улсын хэмжээний тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг гаднын оронд очиж үзэх л боломжтой байсан. Тэнд үзсэн юмныхаа тухай энд байгаа хүмүүст ярьж, нөгөөдүүл нь таамаг төдийгөөр төсөөлдөг байсан. Харин өнөөдөр бид өөрсдийн гараар барьж, нүдээр үзэх боломж бүрдсэнд баяртай байна. Мөн уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Герман улс уг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь гайхалтай. Эндээс харахад уул уурхайн буянаар манай орны нэр хүнд гадаадад хэр өндөрт очсон гэдгийг харуулж буй нэг хэлбэр юм.