“INVEST GOBI 2023” -ын эргэн тойронд
“INVEST GOBI-2023” хөрөнгө оруулалтын чуулганы хоёр дахь өдрийн эхний хэлэлцүүлэг “Өмнөговь аймгийн бизнесийн орчин” сэдвээр өрнөлөө. Хөрөнгө оруулалтын боломж, бизнесийн таатай орчин, хүний нөөцийн чадавхын асуудлыг энэ удаад түлхүү хөндөж ярилцав.
Өмнөговь аймгийн бизнесийн орчинд тулгамдаж байгаа хамгийн тулгамдсан асуудал нь чадварлаг инженер, мэргэшсэн боловсон хүчний дутмаг байдал юм. Өмнөговь аймагт энэ аюул бодитоор нүүрлэсэн гэдгийг аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Эрдэнэ-Өрнөх хэлэв. Уул уурхай салбарын цалин бусад салбарынхаас дунджаар 1.3 дахин өндөр учраас ажиллах хүчин тус салбар луу хурдацтай шилжиж байгаа бөгөөд энэ нь бусад салбарын өрсөлдөх чадварыг бууруулж, хүний нөөцийн дутагдалд оруулж байгаа аж.
Үүнээс улбаалж, аймгийн аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбар мөн төрийн алба ажиллах хүчний хомсдолд оржээ.
Энэ сорилтыг шийдвэрлэхийн тулд нэн түрүүнд ШУТИС-ийн харьяа сургуулийг хоёр жилийн өмнө Даланзадгадад байгуулсан. Цаашид тус сургуулийг өргөтгөж номын сан, дотуур байр, хичээлийн болон спорт комплекс зэргийг нь цогц байдлаар шийдэхэд зориулж 21 га газрыг хамгаалалтад авчээ.
Мөн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа МСҮТ, Политехникийн коллежийн үйл ажиллагааг сайжруулж байж хүний нөөцийн дутагдлыг тодорхой хэмжээгээр нөхөж чадна гэж үзэж байна.
Нөгөө талаас, дэд бүтцийн хөгжил нь бизнесийн орчинд эергээр нөлөөлдөг. Гэтэл Өмнөговь аймгийн эрчим хүч, дулааны эх үүсвэрийн дутагдлаас болж томоохон үйлдвэрлэл эрхлэхэд саад учирч болзошгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
Орон нутгийн бонд
“Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох нь” хэлэлцүүлгээр Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдэд хэрхэн хөрөнгийн зах зээлд оролцох, хөрөнгө босгох талаар мэдээлэл өгөв.
Эдийн засгийн чадавх өндөр аймгууд хөрөнгийн зах зээл дээр орон нутгийн бонд гаргах бүрэн боломжтой. Тиймээс тус аймгийн иргэд энэхүү бондод хөрөнгө оруулж өгөөж хүртэх боломж ирээдүйд гарч ирнэ хэмээн ярилаа.
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш санхүүжилтийг банкны зээлээр шийдэж ирсэн ч банкны өндөр хүү төлдөг. Гэтэл олон улсын жишгээр бол хувьцаа, бонд гаргаад бизнесээ хуваан эзэмшиж, эрсдэлээ хамтдаа үүрч ирсэн. Гэвч энэ талаар орон нутгийн аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид мэдлэг, мэдээлэл багатай байна.
Эдийн засгийн чадавх өндөр аймгууд хөрөнгийн зах зээл дээр орон нутгийн бонд гаргах бүрэн боломжтой.
Орон нутагт ашигтай, амжилттай хэрэгжих бизнесийн төслүүд олон байгаа ч банкны зээлээр санхүүжилтээ олох гээд зүтгээд байна гэдгийг “Новел Инвестмент” ҮЦК-ийн Дэд захирал Ц.Нямдорж учирлалаа. Мөн ямар чиглэлийн бизнесийг хэдэн жил хийж байгаа, барьцаа хөрөнгө хэр их байна вэ гэдгээс шалтгаалаад бонд, IPO зэрэг хэд хэдэн төрлийн санхүүжилтийн хэлбэр бий гэдгийг онцлов.
“Говь фестиваль-2023”
“INVEST GOBI-2023” чуулган Өмнөговь аймгийн хөгжимт драмын театр зохион байгуулагдсан. Театрын гурван давхарт ирвэсний тухай Б.Мятавын “Уулын эзэн” зургийн үзэсгэлэн, Булган сумын “Хавцгайтын хадны зураг”, Сэврэй сумын “Салхитын амны хадны зураг”, Гурвантэс сумын “Тост, Тосон бумбын нурууны хадны зураг” зэрэг өмнийн говийн дурсгалт газруудын фото зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн.
Мөн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, сурталчлах, бизнес эрхлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх зорилгоор “Говь фестиваль-2023”-ийг зохион байгуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 15 сумын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож говийн хөрсөнд тариалсан төрөл бүрийн хүнсний ногоо, говийн брэнд бүтээгдэхүүнүүд, гар урлал, урлагийн бүтээлүүдийг дэлгэсэн байлаа.
Мөн “Оюу толгой” ХХК орон нутагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Нээлттэй өдөрлөг 2023” арга хэмжээ болж Оюу толгой төслийн ханган нийлүүлэгч компаниудын нээлттэй ажлын байрны өдөрлөг болсон.
Сэрүүн бүсийн “Серенгети”
Хоёр дахь өдрийн сүүлийн хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарынхны дунд өрнөв. Монголын говийг дэлхийн судлаачид сэрүүн бүсийн Серенгети” гэж нэрлэх болжээ. Монголд ирж байгаа жуулчдын 60-70 хувь нь Өмнөговь аймагт ирдэг гэсэн судалгаа ч бий.
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас сүүлийн жилүүдэд салбартаа хийж, хэрэгжүүлэхээр зэхэж буй төсөл, ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Арц богдын өвөр хоолойд зэрлэг амьтдын парк байгуулах, хавтгай, бөхөн, хар сүүлт, хуланг нутагтаа сэргээн нутагшуулахаар ажиллаж байна. Энэхүү ажил амжилттай хэрэгжвэл амьтдын төрөл зүйлийг нэмж, тахийг ч нутагшуулах боломжтой гэв. Энэ нь аялал жуулчлалын шинэ зорих газрыг бий болгох, цөлийн ховор амьтдыг нутагшуулах онцгой ач холбогдолтой. Энэ хүрээнд 3600 орчим га талбайд парк байгуулахаар ТЭЗҮ-ийг гаргах ажлыг эхлүүлж, ирэх онд бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Баянзагаас Хонгорын элс явах замд уг паркийг байгуулах аж. Энэ орчмын газарт бэлчээрийн судалгаа хийж дээрх амьтдыг нутагшуулах бүрэн боломжтой гэж үзжээ. Мөн Хүрмэн сумын урд Бүгийн хоолой, Загийн тойром, Дөшийн тойрмыг улсын тусгай хамгаалалтад авах, энэ чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх судалгааны ажил хийгдэж байна.
Арц богдын өвөр хоолойд зэрлэг амьтдын парк байгуулна. Баянзагаас Хонгорын элс явах замд уг паркийг байгуулах аж.
Хэлэлцүүлэгт панелистаар оролцсон Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Говийг ихэнх хүмүүс амьдралгүй цөл, элснээс өөр юу ч үгүй мэт төсөөлдөг. Гэтэл манай говьд дэлхий, бүс нутгийн хэмжээнд нэн ховор, ховордсон ангилалд бүртгэгдсэн, Монгол Улсын Улаан номын 33 зүйл амьтан цөлийн хүнд бэрх нөхцөлийг шүтэж амьдардаг. Үүнийг бид олон улсад таниулах ёстой” гэдгийг онцолсон. “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, жуулчны баазуудын удирдах ажилтнууд, төрийн албан хаагчдаас бүрдсэн баг аравдугаар сард Японы Осака хотод болох олон улсын аялал жуулчлалын “JATA” үзэсгэлэнд оролцож, Японы аялал жуулчлалын хөгжилтэй танилцан, хамтын ажиллагаа үүсгэж, туршлага судлах аж.
Ийн хоёр өдөр бүх салбарыг хамарсан, хөрөнгө оруулалт татах, бизнесийн боломж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцсэн өгөөж арвинтай чуулга уулзалт өндөрлөв.
Өрсөлдөх чадвараараа өндөрт эрэмбэлэгддэг тус аймгийн хувьд улсын төсөвт орлого төвлөрүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд бодлогоор олон ажил хийж байна. Орон нутгийн зүгээс ажлын байрыг шинээр бий болгож, аж ахуйн нэгж, өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхайн ханган нийлүүлэлт, аялал жуулчлалыг дагасан хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд “INVEST GOBI” хөрөнгө оруулалтыг чуулганыг жил болгон уламжлал болгон зохион байгуулах юм.