IPO хийхэд таагүй болжээ

2010 онд Бразилийн “Petrobras” хөрөнгийн зах зээлээс 70 тэрбум ам.доллар босгосноор бизнес эрхлэгчдийн хорхойг хүргэсэн. Америкийн даатгалын компани болох IAI, Хятадын хөдөө аж ахуйн банк, автомашины “акул” GM тус бүр 20-иос дээш тэрбум долларын IPO хийж байв. Хямрал цаашилж эхэлмэгц хөрөнгө оруулагчдын цөс нь хөөрч, хувьцаа авахдаа өөдрөг байжээ. Монголоос ч “Hunnu coal”, “Haranga resources”, MMC Австрали, Хонконгийн хөрөнгийн биржид амжилттай гарч чадсан. Энэ бүхнийг харж баярласан бизнесмэнүүд энэ онд баахан IPO хийхээр төлөвлөсөн байв. Гэвч зах зээл амрахаар шийдсэн бололтой.

“Bloomberg”-ийн судлаачдын тооцоолсноос үзэхэд энэ оны сүүлийн хагас жилд дэлхий даяар 720 IPO хийх төлөвтэй бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт юм байна. Гэхдээ одоогоор тавдугаар сард 10 тэрбум ам.доллар босгож чадсан Швейцарийн “Glencore” компаниас өөр томоохон IPO алга. Энэ нь 2010 оны хэмжүүрээр бол хэтэрхий “жул” тоо билээ.


Дэлхийн 23 хөгжингүй орны хөрөнгийн зах зээлийн байдлыг илтгэдэг MSCI World индекс өнгөрсөн тавдугаар сард сүүлийн гурван жилийн дээд цэгтээ тулж очсон боловч маш их хэлбэлзэлтэйгээр буурсаар, наймдугаар сараас хойш бүр доошилсныг графикаас харна уу. Европын өрийн хямрал, АНУ-ын төсвийн асуудлаас болоод хөрөнгө оруулагчдын итгэл буурсныг энэ нь харуулна. Хятадууд инфляцийн түвшнээ багасгаж чадахгүй зовж, япончууд газар хөдлөлтөөс үүдсэн хохирлоо арилгах гэж ядаж байгаа энэ үед IPO хийх нь яаж ч бодсон маш их эрсдэлтэй алхам ажээ.

Он гарсаар олон улсын хөрөнгийн зах зээлд хийсэн IPO-гийн үлэмж хэсэг нь амжилтгүй болсон байна. Тухайлбал “Prada” анхдагч зах зээлд хувьцаа гаргахаасаа өмнө тооцоогоо хэд хэдэн удаа буулгасан бөгөөд Хонконгийн хөрөнгийн биржээс 2.6 тэрбум доллар босгоно гэж байснаа эцэстээ 2.1 тэрбумыг л олж авсан байна.

Баруун Европт ч ижилхэн дүр зураг ажиглагдаж буй. Энэ оны эхний хагас жилд IPO хийсэн 69 компанийн 36-гийнх нь хувьцаа анхдагч зах зээлд гарснаасаа доогуур үнээр арилжаалагдаж байгааг “Bloomberg” тэмдэглэжээ. Үүний хажуугаар 22 компани IPO-гоо төлөвлөсөн хугацаандаа гаргалгүй хойшлуулахаар шийдсэн байна.

Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоно хэмээн төлөвлөж байсан хүмүүс энэхүү зорилгоо хойш тавьж, зах зээл тогтворжихыг тэвчээртэй хүлээх болжээ. Компаниуд IPO-гоо хойшлуулж байгаа тухай мэдээлэл энд тэндгүй цацагдана. Сүүлийн жишээ гэвэл “Facebook” мэтийн нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд өргөн тархсан компьютерийн тоглоом зохион бүтээгч “Zynga” есдүгээр сарын эхээр IPO хийх зөвшөөрлөө авсан байсан боловч оны сүүлч хүртэл хойшлуулжээ. Тус компани анхдагч зах зээлд хувьцаа гаргахаа хойш тавьсан нь зах зээл тогтворгүй байгаатай холбоотой байж мэдэхийг “The New Yourk Post” тайлбарласан байна. “Standard & Poor’s” агентлаг Амеикийн зээлжих зэрэглэлийг бууруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл гүн уналтад орсон боловч эдүгээ сэргэх хандлагатай боллоо. Гэвч зах зээл мэдрэмтгий хэвээр л байна. Хятадын инфляци өссөн, Америкийн ажилгүйдэл нэмэгдсэн гээд таагүй мэдээлэл бүрийг шүүрэн авч, голлох индексүүд түвэггүй унах боловч сэргэхдээ ч амархан байна. Ийм тогтворгүй зах зээлд хувьцаа гаргахаас цааргалаж буй бизнесмэнүүд зүгээр дэлхийн эдийн засгийн байдал хэзээ сайжирч, цэгцрэхийг хүлээж сууна.