ITB Berlin 2019 дахь Монголын оролцоо ба Малайзийн бүтэлгүйтэл

Сэтгүүлч B. Enkhtsetseg

Танай улс ижил хүйстэн болон еврей хүмүүст хэр зочломтгой ханддаг вэ гэх сэтгүүлчийн асуултад “Бидэнд тийм юм байхгүй” гэж Малайзийн Урлаг, Соёл ба Аялал жуулчлалын сайд Датук Мохаммадин Кетапи хариулснаар ITB 2019 үзэсгэлэн дуулиантай эхэлсэн юм.

Энэ жилийн албан ёсны түнш буюу онцлох орон нь Малайз бөгөөд тэдний хувьд ширэнгэн ой, элсэн эргээс эхлүүлээд колоничлолын үеийн өнгө төрх бүхий мега хотууд зэрэг олон санал болгох сонирхолтой аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй орон. Гэхдээ салбарын сайд үзэсгэлэнгийн нээлтийн хэвлэлийн хурал дээр сэтгүүлчийн асуултад бүдэрч, олны дургүйг хүргэснээр улсаа сурталчлах гэж гаргасан өндөр зардлаа салхинд хийсгэчихлээ гэж мэргэжлийнхэн ярилцаж, хэвлэлийнхэн шуугиж байна.Тиймээс тус улсын өнгөрсөн жилийн 25 сая жуулчинаа 30 сая болгоно гэдэг амбицын өмнө асуултын тэмдэг босч ирлээ.

Германы Берлин хотноо жил бүр болдог энэхүү цугларалт энэ сарын 6-наас эхэлсэн бөгөөд 181 орны 10 мянга гаруй салбарын оролцогч компаниудыг хамарч байна. Монгол улсаас БОАЖЯ-ы сайд Н.Цэрэнбат, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр тэргүүтэй төр хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөл оролцож байгаа. Аялал жуулчлалын салбарын “голыг нугалдаг” оролцогчид гэж хэлж болох аяллын компаниудын хувьд 10 компанийн төлөөлөл энэ жил иржээ. Тэр дундаа Цолмон Трэвел, Жуулчин компаниуд 20 гаруй жил тасралтгүй ITB 2019-д оролцож байна. Анх удаа уг үзэсгэлэнд оролцож буй Монголын Нууц товчоо компанийн захирал Б. Оюун-Эрдэнэ “Түр операторууд Монголын талаар тодорхой мэдлэгтэй болчихсон байна. Тиймээс хамтарч аялал зохион байгуулах хүсэлтэй байна гээд зориод ирж буй үзэсгэлэнд оролцогчид олон байгаа нь бусад үзэсгэлэнгээс давуу санагдаж байна” хэмээн хэлж байна. Харин 26 дахь жилдээ оролцож буй Цолмон Трэвел компанийн захирал М.Навчаа “Анхны хэдэн жил оролцож байхад Монгол Улс ямар улс, хаана байдаг юм бэ гэж бидэнтэй уулзсан хүн бүхэн асуудаг байлаа. Одоо бол энэ асуултыг хэн ч асуухаа больж тодорхой хэмжээнд танил болжээ” гэлээ.

Тус үзэсгэлэнд анх оролцоод л шууд олон гэрээ байгуулаад жуулчин аваад эхэлнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Хэдэн жил тогтвортой оролцоод байхаар гаднын тур операторууд холбоо тогтоосныхоо дараа ажиглаж байгаад итгэл үзүүлж эхэлдэг гэдгийг М.Навчаа захирал мөн онцолж, залуу тур операторуудад зөвлөж байлаа. Салбарын оролцогч компаниудын хувьд дэлхийн бусад орны төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагаа шинээр хийх, хуучин гэрээгээ шинэчлэх, шинэ бүтээгдэхүүнүүдээ бие биедээ танилцуулах зэргээр харилцан ашигтай хэлцлүүдийг хийдэгт тус үзэсгэлэнгийн гол утга оршдог. Энэ удаад Монголын сурталчилгааны талбайн нээлтэнд Берлин хотын дарга Мехиель Мюллер ач холбогдол өгч оролцлоо.

Монгол Улс 1999 оноос хойш тус үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд 2015 онд албан ёсны түнш орноор оролцож байлаа. Тус үзэсгэлэнд төсвөөс 5.4 тэрбум, хувийн хэвшлээс 2.5 тэрбум төгрөг зарцуулж оролцсон ч жуулчдын тоо удаах жилүүдэд төдийлэн зорьж байсан 30 хувиар бол өсөөгүй. Үүний гол шалтгааныг онгоцны нислэг хүрэлцээгүйтэй холбодог. Өнгөрсөн жилийн хувьд манай улс 529 мянган жуулчин хүлээж авсан нь өмнөх жилтэй нь харьцуулбал 11 хувийн өсөлт үзүүлсэнийг Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээс харж болох. Мөнгөн дүнгээр, нийт 569 сая ам.доллар эргэлдсэн нь 30 шахам хувийн өсөлт юм. Энэхүү өсөлтийг цаашид хадгалахад нислэгийн давтамж ба чиглэлүүдийг нэмэгдүүлэх мөн үйлчилгэний чанар стандартыг дээшлүүлэх шаардлага бий.


Энэ жил аялал жуулчлалын салбарт улсын төсвөөс долоон тэрбум төгрөг зарцуулахаар суулгасан байгаа. БОАЖЯ-ы сайд Н.Цэрэнбатын хэлж байгаагаар, 2019 онд улсын хэмжээнд үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор хүний нөөцийн төрөл бүрийн сургалтууд явуулахаар зорьж буй аж. ДАЖБ нь энэ жил салбарын ажил эрхлэлтийг тогтвортой байлгаж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс боловсролд түлхүү анхаарч ажиллана гэдгийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили мэдэгдээд байгаа.

Мөн энэ жил дижитал маркетингийн ажлыг хүчтэй хийхээр төлөвлөж байгааг салбарын сайд онцоллоо. Тодруулбал, Монголыг сонирхож буй хүмүүсийг илүү онилсон сурталчилгаанд анхаарч ажиллах юм байна. Жишээ нь, Монголыг сошиал болон хайлтын талбарууд дээр хайж үзсэн хэрэглэгчдэд үргэлжлүүлэн холбогдох мэдээллийг санал болгох замаар сонирхлыг нь өдөөнө гэсэн үг. Үүний зэрэгцээ голлох орнуудын жуулчид визийг хил дээрээс болон цахимаар авдаг болоход мөн салбарын бодлого тодорхойлогчид анхаарч ажиллах нь ээ. БОАЖЯ үзэсгэлэнгийн эхний өдөр Монголыг бүрэн танилцуулсан интерактив www.mongolia.travel цахим хуудсыг олонд танилцуулж нээлээ. Уг цахим талбарыг Chameleon Strategies компани хийжээ. Цаашид аялал жуулчлалын технологи хөгжүүлэлтээр гаршсан Amadeus компанитай хамтарч ажиллахаар хэлэлцээрийн түвшинд явж байна. Салбарын сайд олон сэдвээр болж буй хурлуудаас Торгоны замын орнуудын бодлого тодорхойлогчдын уулзалтыг онцлон оролцлоо.

Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр буюу 7-нд ITB Berlin-ийн малгай дор болдог “The Golden City Gate” хэмээх олон улсын аялал жуулчлалын мультимедиа бүтээлийн уралдааны шагнал гардуулах ёслол боллоо. Аялал жуулчлалын шилдэг видео клип ангилалд "Цолмон Трэвел"компанийн дуучин Мягмартай хамтран хийсэн Welcome to Mongolia бүтээл шалгарч, нэгдүгээр байр эзэллээ. Клипийг эндээс үзнэ үү

Чиг хандлага ба ирээдүй

Дэлхийн аялал жуулчлалын салбарын өсөлт дангаараа зургаан хувь байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлт болох 3-4 хувиас хоёр дахин өндөр өсөлт юм. 10 ажлын байр тутмын нэгийг бүрдүүлдэг аялал жуулчлал нь дөрвөн том экспортлогч салбарын нэг. Шинэ технологиудын аялал жуулчлал дахь өссөн хэрэглээнээс үүдэн аялал жуулчлалын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тоо огцом олширч байна гэж ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили онцоллоо. Эмэгтэйчүүд тус салбарын үйлчилгээний хэсэгт голцуу төвлөрдөг байсан бол ийнхүү шилжилт шийдвэр гаргалтын түвшин рүү явж байгаа аж.

Малайзын хувьд цаашид илүү тогтвортой аялал жуулчлалаар замнах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэхээр зорьж байгааг Малайз улсын Урлаг, Соёл ба Аялал жуулчлалын сайд Датук Мохаммадин Кетапи хэллээ. Тус улс өнгөрсөн онд 25 сая жуулчин хүлээн авсан бол энэ онд 30 сая жуулчин авах зорилго тавин ажиллаж буй.

Цаг уурын өөрчлөлт, жуулчдын хэт бөөгнөрөл нь ITB Berlin 2019 аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн хуралд оролцогчдын хувьд энэ жил халуун сэдэв болж байна. Дижиталчлал газар авч буй энэ үед өөрийн биеэр ирдэг энэхүү үзэсгэлэнгийн оролцогчдын тоо улам өссөн нь бүх харилцаа цахимд шилжихгүй гэдгийг харуулж буй нэг илрэл.

Энэ удаагийн ITB Berlin 2019 хэлэлцэх гол асуудлуудаар тээвэр, жуулчдын хэт бөөгнөрөл, уур амьсгалын өөрчлөлт, хэрэглэгчдийн эрэлтэд гарч буй өөрчлөлт зэрэг багтаж байна. Мөн жолоочгүй унаа, цахилгаан машин, галт тэрэг болон хувийн унааг хуваалцах зэргээр тээврийн салбар эргэлтийн үе дээрээ ирсэн учир тус үзэсгэлэнгийн хэлэлцэх сэдвүүдээс энэ асуудал гадуур үлдсэнгүй. Харин энэ жилийн хувьд тус үзэсгэлэнд оролцохоор сонирхлоо илэрхийлсэн эрүүл мэндийн аялал зохион байгуулагч компаниуд олширч, зай талбайгаа томруулснаас нь харахад эрүүл мэндийн аялал нэлээд газар авч буйг харуулсан юм. Эрэлт ихтэй дараагийн зах зээлээр бизнесийн аяллыг мөн нэрлэж болохоор байна. Аялалтай холбоотой технологийн эрэлт 20 хувиар өссөн нь ITB Berlin энэ жил холбогдох технологийнхонд тусгайлан талбай хуваарилж өгөхөд хүргэлээ. Энэтхэгийн зах зээл эрчтэй тэлж байгаатай холбогдуулан ITB India -г ирэх жилээс эхлэн Мумбай хотод зохион байгуулахаар болоод байна.

Аялах хандлагын хувьд, Турк 2016 оны улс төрийн хэлмэгдүүлэлт болон олныг хамарсан нэлээн олон террорист халдлагуудаас үүдэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд жуулчдаа Испани улсад алдаад байсан бол энэ жилээс сэхэж, захиалга хүчтэй өсч байгааг тус улсын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Норберт Фиебик хэллээ. Энэ жил Турк улс 50 сая жуулчин авах төлөв гарчээ. Мөн л улс төрийн хувьд харьцангуй тогтворжсон Египт Тунис болон Болгарь Хорват зэрэг оронд хүчтэй өсөлт бий болохоор байна. Харин Европ жуулчдын тоо буурахаар байгаа ч үүнийг АНУ болон Оросын жуулчдын өсөлт нөхөхөөр байгаа юм. Аялал жуулчлаын магнат Испани энэ жилийг эрчтэй өсөлтөөр эхлүүлсэн ч дундад тэнгисийн хөрш орнуудынхаа сэргэн мандалтын сүүдэрт дарагдаж, өсөлтийн хурдаа барьж чадахгүйд хүрч мэдэхээр байна. Германчуудын аяллын зарцуулалт үргэлжлүүлэн өсөхөөр байгаа бол Их Британичуудынх Брекситээс үүдэн багасах хандлага бий. Хятадын иргэдийн амьдрал сайжрах явц үргэлжилж буй учир 2023 он гэхэд 115 сая хятад иргэн аялах тооцоо байгаа бөгөөд энэ нь мөнгөн дүнгээр 250 сая ам.долларын аялал хийгдэнэ гэсэн үг. Хятадын зах зээлээс хамгийн өндөр ашиг хүртэх газар бол Европ тивийн орнууд байхаар байгааг Хятадын гадаад аяллын зах зээлийн судалгааны хүрээлэн тооцон гаргажээ.

ITB Berlin үзэсгэлэн нь жил бүрийн гуравдугаар сарын 6-10 ны хооронд зохион байгуулагддаг бөгөөд эхний хоёр өдөр салбарын оролцогчид хоорондоо танилцаж, бизнесийн уулзалтууд хийдэг бол сүүлийн хоёр өдөр олон нийтэд зориулагддаг.

Үзэсгэлэнд БОАЖЯ, МОНГОЛЫН ЭСЯ, МАЖХ, НАЖГ, МИАТ ХК, А Стар Монгол ХХК, АБ Трэвел ХХК, Ар Монгол ХХК, Грэйт Чингис ХХК, Жуулчин ХХК, Нью Жуулчин ХХК, Монголын Нууц Товчоо ХХК, Натур тур ХХК, Ред Рок Ресорт, Цолмон Трэвел, Гэрэгэ Дижитал Технологи ХХК оролцож байна.