“IWFCI Mongolia” байгууллага НҮБ-ын Хүүхдийн Сантай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа

B Shurenchimeg
2022-04-15 17:40:13

НҮБ-ын Хүүхдийн Сан болон “IWFCI Mongolia” байгууллага хүүхдийн сайн сайхан байдлыг бэхжүүлэхийн төлөө хамтарсан санаачилга өрнүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүслээ илэрхийлэн “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”, “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого”-ыг бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бататган үргэлжлүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт энэ сарын 11-нд гарын үсэг зурлаа. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ “НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн улс орон бүрд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ыг бизнесийн холбоодоор дамжуулан түгээн сурталчилдаг. “IWFCI Mongolia” байгууллага нь үүний адилаар 2019 оноос хойш бидний үйл ажиллагааг дэмжин өөрийн гишүүн компаниуддаа хүүхдийн эрхийг таниулан сурталчилж ирсэн билээ. Тиймээс энэхүү санамж бичиг нь бидний хамтын ажиллагааг улам бататгаж, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхлэл болж байна” гэдгийг онцоллоо.

Харилцан ойлголцлын санамж бичиг нь Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад хувийн хэвшлийн манлайлал,  хөрөнгө оруулалт, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, улмаар бодлого, эрх зүйн орчныг таатай болгоход хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвртүүлэх болон харилцан ойлголцлын санамж бичгийн талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай товч ярилцлаа. 

-Энэхүү санамж бичгийн хүрээнд цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ хүрээнд нэгдүгээрт, хүүхдэд ээлтэй бизнесийн зарчим гэж юу вэ, үүнийг хэрхэн хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа тусгах талаар зааварчилгаа, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн гэр бүлд ээлтэй бодлогыг байгууллагуудад хэрхэн хэрэгжүүлэх тухай сургалт хийнэ. Үүний дараа эдгээр ажлын үр дүнг дүгнэх, хянах ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эрхийн зарчмыг амжилттай хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг дээр хяналт тавих болно. Эцэст нь мэдлэгийн менежментийг цааш нь бусад байгууллагад хэрхэн түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх тухай хуваалцах зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна. 

-Бизнесийн орчинд хүүхдийн эрхийн тухай тусгаж өгөх нь ямар ач холбогдолтой вэ?

– Тухайлбал, нярай хүүхэдтэй, хөхүүл эмэгтэйчүүдтэй албан байгууллага олон бий. Тиймээс тэдэнд зориулан хүүхдээ хөхүүлэх тусгай өрөө гаргаж өгөх замаар ажиллах таатай орчныг нь бий болговол ажлын бүтээмж нь нэмэгддэг. Энэ нь ажилтан, ажил олгогч цаашлаад гэр бүлд ч ашигтай. Дахин нэг жишээ дурдахад, 18 нас хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэхийн оронд өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зарцуулж, суралцах ёстой. Тиймээс бизнесийн байгууллага, компаниуд насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийг мөлжихгүй байх, тэднийг ажиллуулах ёсгүй.

Мөн хүнсний үйлдвэрүүд сахарын агууламж хэт их орсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байхад анхаарах, худалдан борлуулахаа багасгах цаашлаад, үүнийг хориглох зэрэг бизнесийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалсан, тэдний сайн сайхны төлөөх үйл ажиллагааны маш олон жишээ авч болно. 

-Бизнесийн байгууллагуудаас хэрэгжүүлсэн жишиг болохуйц үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү? 

-Өнгөрсөн хугацаанд маш олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, “Go Blue” хөдөлгөөн. Манай байгууллагын брэнд өнгө болох цэнхэр өнгөөр бүх зүйлсийг будах кампанит ажлыг Дэлхийн хүүхдийн өдөрт зориулж хийсэн. Үйл ажиллагаагаа таниулах зорилгоор хийсэн уг ажил маань олон нийтэд их нөлөөлсөн. 

Мөн хүүхдийн эрх, бизнесийн зарчмын тухай сургалтуудыг албан байгууллагуудад хийж, өөрсдийн хийсэн гарын авлагаа танилцуулсан. 

-Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа тохиолдолд та бүхэн ямар арга хэмжээ авдаг вэ?

-Манай байгууллагын зүгээс арга хэмжээ авна гэхээсээ илүү урьдчилсан байдлаар чадавхыг нь бэхжүүлэх, сэргийлэх, танин мэдүүлэх ажлыг түлхүү хийдэг. Хүүхдийн эрх зөрчихөөс сэргийлсэн олон төрлийн сургалтыг байгууллагуудад зориулан зохион байгуулдаг. Үүнээс гадна Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ТОП-100 компани шалгаруулахдаа Хүүхдийн эрх, бизнесийн зарчмын тухай сургалт авсан эсэхийг харгалзан үзэх зэрэг шаардлага тавидаг. 

Мөн Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хууль, эрхзүйн орчныг сайжруулах тал дээр, заавар зөвлөмж өгч ажиллаж байна. 

Цар тахлын үед нийгэмд тустай ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Хамгийн том ажлуудаас дурдвал Ковид-19 цар тахлын эсрэг вакцин, шаардлагатай тоног төхөөрөмж оруулж ирэх ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан.  Сумын түвшинд хүртэл хөргүүрийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Мөн олон нийтэд мэдээлэл түгээх ажлын хүрээнд хэрхэн зай барих, гараа ариутгах, хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг мэдээллийг түгээж ажилласан. 

Ирээдүйд хийх бидний үндсэн ажил бол хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулах. Үүн дээр бид ЭМЯ-тай хамтраад шаардлагатай эмийн хангамжийг Монгол Улсад нийлүүлэх ажил хийхээр төлөвлөж байна. Хүүхдийн урьдчилсан үзлэгийг зохион байгуулна. Учир нь цар тахлаас үүдэн маш олон хүүхэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, хэт таргалалттай болж байна. Үүнийг урьдчилан илрүүлснээр эдгээр асуудлаас сэргийлэх боломжтой. 

Боловсролын салбарын хувьд онлайнаар сурах тал дээр түлхүү ажиллаж байна. Хүүхэд хамгааллын ажлууд мөн хийгдэж байгаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологи хөгжихийн хэрээр хүүхдүүд мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, цаашлаад цахим халдлагад ихээр өртөж байна. Энэ тал дээр бид бүхэн анхаарч ажилладаг. 

О.Байгаль: Байгууллагуудыг дэргэдээ хүүхэд асрах болон цэцэрлэг байгуулахыг уриалж байна

IWFCI Mongolia байгууллага 2017 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засагт ээлтэй хувийн хэвшлийн засаглалыг бэхжүүлэх, тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгоход хувийн хэвшлийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

2019 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник туслалцаатайгаар гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаанд “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг нэвтрүүлэх, таниулан сурталчлах ажлыг шат дараатай эхлүүлээд байна.

IWFCI Mongolia байгууллагын ТУЗ-ын дарга О.Байгаль “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг гишүүн 22 байгууллагын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, цар тахлын нөхцөл байдлын үед бизнесийн байгууллагуудыг “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлж ажиллахыг уриалж, сурталчлан таниулах болон бусад ажлуудад идэвх санаачилгатай оролцон хүчин чармайлтаа ахиулж ирлээ. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан үйл явдал бол манай хоёр байгууллагын хувьд шинэ түншлэл, шинэ түүхийг бүтээх амжилтын эхлэл юм. Бидний хувьд өндөр нэр хүндтэй бөгөөд байгууллагын таван жилийн хүрээнд хийгдэж буй томоохон алхам, боломж” гэдгийг онцолсон.

Энэ хүрээнд IWFCI Mongolia байгууллагын ТУЗ-ын дарга О.Байгальтай ярилцлаа.

Өнгөрсөн хугацаанд хамгийн сайн гэж хэлж болох жишиг тогтоосон байгууллагуудаас нэрлэвэл? 

– “MDSKhanLex” хуулийн фирмийн үйл ажиллагааг онцолж болно. Ажлын уян хатан системийг нэвтрүүлсэн. Сард нэг удаа эцэг эх нь хүүхэдтэйгээ хамт байх өдрийг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, хүүхэдтэйгээ нэг өдрийг өнгөрөөгөөд, үүнийгээ батлаад цалинтай чөлөө авах журмыг нэвтрүүлсэн.

Мөн “Монос” групп хөдөлмөрийн дотоод журамдаа өөрчлөлт оруулан 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа зориулсан цагийн уян хатан системийг нэвтрүүлсэн зэрэг олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байна. 

“Бөмбөгөр” худалдааны төв насанд хүрээгүй хүүхэд ачаа тээвэр зөөх, зохисгүй хөдөлмөр эрхлэхийг хориглосон. Мөн гэр бүлийнхэнтэйгээ лангуун дээр байгаа тохиолдолд хүүхдийн байх ёстой зохист орчныг бүрдүүлж, хичээл хийх тохиолдолд орчныг нь бүрдүүлж өгөх боломжийн тухай судалгаа хийж байна.

-Боловсролын салбарт та бүхэн ямар оролцоотой байгаа вэ? 

-Бид бүхэн хувийн хэвшлийн дэргэдэх хүүхэд асрах, болон цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахыг уриалсан ажлыг эхлүүлээд байгаа. Үүнд нэр бүхий компаниуд нэгдэн тодорхой хэмжээнд арга хэмжээ авч ажиллахаар судалж байна. Цэцэрлэг биш юмаа гэхэд хүүхэдтэйгээ ирсэн тохиолдолд тусгай өрөө гаргаж өгөх, олон ажилтантай бол хүүхдээ цэцэрлэгт явуулах боломжоор хангах нөхцөлийг судалж байна. Дөрөвдүгээр сарын 21-нд энэ талаар гишүүн байгууллагуудтайгаа уулзалт хийхээр төлөвлөсөн. Энэ үеэр хэд хэдэн байгууллагаа үүрэг амлалт өгч, хамтран ажиллая гэсэн санал тавьсан. 

-Дээр дурдсан “Go Blue” шиг олон нийт рүү чиглэсэн ямар нөлөөллийн ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг  “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр “Бизнес ба хүүхдийн эрхийн зарчмууд”-д нэгдэж орсон байгууллагууд нэг бүрчлэн амлалт өгдөг. Тухайн байгууллага ямар салбарт үйл ажиллагаа явуулж байна гэдгээс хамаарч алхам алхмаар амлалтаа хэрэгжүүлдэг. Үүнийг байгууллагууд дангаараа болно хамтран хэрэгжүүлж болно. 

-Байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн ажлуудаас дурдана уу?

-“АПУ” хувьцаат компанийн “Шилээ дахин амьдруулъя” төслийг дурдаж болно. Энэ нь хэрэглэгчдээсээ бүтээгдэхүүнийхээ шилийг үнэлэн худалдаж авч, үүгээрээ байгаль орчинд ээлтэй  байхыг уриалж байгаа юм. Цаашлаад үр хүүхдүүддээ одоо байгаа байгалиа эрүүл цэврээр нь үлдээнэ гэсэн утгатай. Үүний цар хүрээ маш өргөн гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд хэрхэн нэгдэн ажиллаж байна вэ?

-Хүүхдийн эрхийг зөрчсөн ямар нэгэн контент цацахгүй байх, цахим орчинд хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлсэн, ямар нэг байдлаар цөөнхийн эрхийг зөрчсөн контентийг түгээхгүй байх зэргээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгддэг. Нийтэд шууд түгээн дэлгэрүүлэх хэрэгсэл бол хэвлэл мэдээлэл юм. Тийм учраас хүүхдийн эрхийг хамгаалсан үйл ажиллагаануудыг олон нийтэд түгээн дэлгэрүүлснээр дараа дараачийн компаниудыг энэхүү ажилд нэгдэх уриалгыг гаргаж байна гэж болно. 

Нэг талдаа компанийн гаргаж байгаа хүчин чармайлт мэт боловч эргээд компанийн тогтвортой байдал, нэр хүндийг дээшлүүлэх, экспорт болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад  хоёр талын өндөр ач холбогдолтой зүйл гэдгийг ойлгох нь чухал юм.  

 

 

 

 

 

B Shurenchimeg