​​JET олон улсын хөтөлбөртэй бүрэн дунд сургууль хичээлийн шинэ жилийн анхны нээлтээ хийлээ


Англи хэлний боловсролын салбарт 24 жилийн турш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа Jet School of English нь энэ жилээс ерөнхий боловсролын олон улсын сургууль болон өргөжиж, анхны элсэгчдээ хүлээн авлаа. Монголын боловсролын орчноос эцэг эхчүүд, сурагчдын хамгийн их хүсэн хүлээдэг үйлчилгээ, мэдлэг ур чадварыг олгоно гэдгээ тус сургуулийн хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр онцоллоо. Сургуулийн үүсгэн байгуулагч Ц.Чинзориг “Бид сургалтын хөтөлбөрөө дэлхийн жишигт тэнцсэн Англи хэлний боловсролтой, суурь шинжлэх ухааны өндөр мэдлэг чадвартай, хамгийн гол нь зөв хүмүүжил, зөв харилцаатай, нийгэмтэйгээ дасан зохицож ажиллаж, амьдарч чадах шинэ үеийн иргэдийг бэлтгэхээр боловсруулсан” хэмээв.

Монгол хүүхдүүд дэлхийн хэмжээнд үе тэнгийнхэнтэйгээ ижил мэдлэг чадвар олж авах боломж олгохоор зорьж буй JET олон улсын сургуулийг үүсгэн байгуулахын тулд 2012 оноос эхлэн судалгаа шинжилгээ хийж, бэлтгэл ажлыг хангаж ирсэн байна. Мөн гадаад дотоодын боловсролын системийг судлах, туршлага солилцоход багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан тухайгаа Ц.Чинзориг захирал онцолсон.


Монгол Улсад өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй олон улсын ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын Кембридж, Америк, Японы зэрэг стандартууд нэвтрээд байна. Гэвч эдгээрийн аль нь монгол хүүхдийн сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирч буйг хэн ч хэлж мэдэхгүй байгаа билээ.

БСШУСЯ-наас “Цөм хөтөлбөр”-ийг үзэж байж монгол хүүхэд зөв иргэн болж төлөвшинө гээд заагаад мөрдлөг болгож байгаа тул JET олон улсын сургууль ч сургалтдаа “Цөм” хөтөлбөрийг сууриа болгож, ИБУИНВУ-ын “Fieldwork Education” боловсролын байгууллагын хөгжүүлдэг IPC, дунд сургуулийн IMYC хөтөлбөрийг хослуулж буйгаараа онцлог юм. IPC, IMYC хөтөлбөр нь 30 жилийн турш, 98 орны 2000 гаруй сургуульд үр дүнтэй хэрэгжжээ.

Эдгээр хөтөлбөр нь академик мэдлэгийг өндөр түвшинд олгохоос гадна XXI зуунд амжилттай ажиллаж амьдрахын суурь болсон найман ур чадварыг сурагчдад олгодог байна. Эдгээр нь сэтгэн бодох, бие даан суралцах, өөрийгөө илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх, ургуулан бодох, төсөөлөх, хаана ч хэнтэй ч өрсөлдөж, биеэ зөв авч явах чадварууд юм. Өөрөөр хэлбэл, JET олон улсын сургууль нь төгсөгчдөө дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахуйц монгол иргэнийг бэлтгэх алсын хараатайгаар хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв.







Хүүхэд бүрийн байгалиас заяасан өгөгдөл, онцлогт тохируулан дээрх чадваруудыг эзэмшүүлэхийн тулд тус сургууль мэргэжлийн сэтгэлзүйчид, сэтгэл зүйн дасгалжуулагчдаас бүрдсэн “Нийгэмшихүйн хөтөлбөрийн хэлтэс”-тэй аж. Эдгээр мэргэжилтэн хүүхэд бүртэй тулж ажиллан, төрөлх онцлогийг нь тодорхойлсны үндсэн дээр авъяас билгийг нь багаас нь хөгжүүлнэ. Ингэснээр хүүхэд анги ахих тусмаа мэргэжлээ зөв сонгох, карьераа оновчтой төлөвлөх, дараагийн сургуулиа бие даан сонгох чадвартай болох юм.

Энэ талаар олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Корстиан Дей Еонг “Өнөөгийн сурагчид уламжлалт академик мэдлэг, гадаад хэлний чадвараас гадна харилцаа холбоо болон мэдээлэл технологийг ашиглах чадвартай болох хэрэгтэй. Энэ нь орчин үеийн ажлын байранд шаардагдах зайлшгүй чадвар тул сургалтын нэг бүрэлдэхүүн хэсэг байх хэрэгтэй” гэж тодотгосон юм.

JET олон улсын сургуулийн хамт олон орчин үед амжилттай боловсрол эзэмшихэд суурь хоёр хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Юуны өмнө, сурагч аливаад сониуч, олон талаас нь сэтгэх, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх учиртай. Удаах нь, зөв мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргаж, гаргасан шийдвэртээ нягт нямбай дүгнэлт хийх чадвар чухал юм. Тиймээс эдгээр чадварыг олж авах суурийг багаас нь зөв тавьж, дэмжин хөгжүүлэх нь тус сургуулийн хамт олны зорилго юм.



JET олон улсын сургуулийн хичээл англи хэл дээр явагдана. Нэгдүгээр ангид гэхэд нийт хичээлийн 46 хувийг англи хэлээр заах бөгөөд анги ахих тусам энэ тоо нэмэгдэнэ. Мөн гуравдугаар ангиас хятад, орос хэлийг сонгож үзэхээр төлөвлөжээ. Учир нь ирээдүйн улс орны эзэд мөнхийн хоёр хөрш улсын хэлийг эзэмшихгүйгээр дэлхийн хэмжээний иргэд болж чадахгүй гэж үзэж, энэ хоёр хэлийг хоёрдогч хэл болгохоор сонгосон тухайгаа үүсгэн байгуулагчид нь тайлбарласан билээ.

Харин багшлах бүрэлдэхүүний хувьд мэргэжлийн өндөр ур чадвартай байхаас гадна хамгийн гол нь хүүхэдтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, одоогийн Z болон Alpha үеийн хүүхдүүдийн зан төлөвийн онцлогийг мэддэг, ойлгож мэдэрч харилцдаг байх шаардлагыг багш ажилтнууддаа тавьсан гэлээ.

Тус сургууль энэ хичээлийн жилд 1-9-р ангид элсэлт авч, 350 гаруй хүүхэдтэйгээр анхны хичээлийн жилээ эхлүүлж байгаа бол ирэх хичээлийн жилээс ахлах ангид элсэлт авах аж.


Эцэст нь, үүсгэн байгуулагч Ц.Чинзориг нь 1995 онд JET англи хэлний төвийг байгуулж байсан бөгөөд өдгөө Монголын шилдэг хэлний төвүүдийн нэг болж, байр сууриа эзэлж, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ийнхүү Монголын боловролын салбарт эх хэл төдийгүй англи хэлийг өндөр түвшинд эзэмшүүлэхээс гадна хөрш улсуудын хэлийг чсургах зорилго бүхий олон улсын тодотголтой дунд сургууль үүдээ нээлээ.