McDonald’s “цалингийн хулгайд” буруутгагдав

Нью-Йорк, Калифорни, Мичиган гэх Америкийн гурван муж дахь “McDonald’s”-ын салбарын ажилтнууд ажил олгогчоо “цалингийн хулгай” хийж байна хэмээн буруутгаж, шүүхэд өгчээ. Тэдний зүгээс ажил олгогч компаниа илүү цагаар хүчээр ажиллуулж, нэмэлт цагийн хөлсөө өгдөггүй хэмээн тайлбарлалаа.

Нью-Йорк дахь салбарын ажилтнуудын хувьд ажлын дүрэмт хувцас, цэвэрлэгээний төлбөрийг нөхөн олгохгүй байгаа нь өөрсдийнх нь цалингийн хэмжээ улсаас тогтоосон цалингийн доод хязгаараас доош ороход хүргэж байгаа талаар гомдол мэдүүлжээ. Калифорнийн салбарынхан "Нийт ажилласан цагийн бүртгэлийг өөрчилж, цалин бодохдоо илүү цагийг хасч тооцдог" гэсэн бол Мичиганы ажилчдын хувьд "Тогтсон цагт ажилд ирэхийг шаарддаг атлаа ажлын цагаа дууссан ч хангалттай үйлчлүүлэгчид орж иртэл цалингүйгээр хүлээж ажиллахыг шаарддаг" гэж байгаа юм.

Харин ажил олгогч компанийн зүгээс ажилчдадаа хууль ёсны дагуу эрх тэгш ханддаг, гаргасан мэдэгдлийг нягтлан шалгаж үзнэ гэдгээ мэдэгдлээ. Ажилчдын тавьсан асуудлууд үнэн болох нь батлагдвал зохих арга хэмжээ авна хэмээн тэд мөн хэлжээ. “McDonald’s”-ын ажилчдын зүгээс нийт долоон асуудал бүхий заргаар шүүхэд хандаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама илүү цагийн ажлын хөлсийг тооцох асуудалд хатуу хяналт тавина хэмээн мэдэгдсэний дараахан энэхүү үйл явдал тохиож байна.