“McDonalds”-ийн борлуулалт унажээ

“McDonalds” сүлжээ рестораны борлуулалт энэ оны эхний улирлын тайлангаас харахад буурсан бөгөөд дөрөвдүгээр сард ч мөн буурах хүлээлттэй байна.

Дэлхийн хамгийн том сүлжээ рестораны цэвэр ашиг 1.27 тэрбум ам.доллар болж бага зэрэг нэмэгдсэн боловч дэлхийн хэмжээнд борлуулалт нь нэг хувиар буурсан талаар тус компанийн зүгээс мэдэгдэв.

Үүний шалтгааныг АНУ болон Европт тохиосон ширүүхэн өвөлтэй холбон тайлбарлаж байгаа аж. Мөн хэрэглэгчид нь бүсээ чангалах болсноос “McDonalds”-ийн өрсөлдөгчдөөс үзүүлэх дарамт шахалтад улам нэмэгдэх болжээ.

Гол өрсөлдөгч болох "Yum Brands" компани нь “Taco Bell”, “Kentucky Fried Chicken”, “Pizza Hut” гэсэн сүлжээ ресторануудыг эзэмшдэг. Эдгээр сүлжээ ресторанууд мөнгөө ариг гамтай зарцуулахыг хүсч буй хүмүүст зориулан АНУ дахь хоолны менюгээ өөрчилсөн байна.

Түүнчлэн “Burger King” болон “Wendy’s” сүлжээ ресторанууд үнийн санал болон менюгээ шинэчлэн гаргажээ.

“McDonalds” өнгөрсөн жил “Dollar Menu” хэмээх шинэ цэс гаргасан нь ашиг, орлогыг нь нэмэгдүүлэх биш, улам хорогдуулах болсон гэж шинжээчид үзэж байгаа аж.

Борлуулалт, ашгийн хэмжээ төлөвлөснөөс харьцангуй доогуур байгаа бөгөөд “Wall Street” дээрх хувьцаа нь өнгөрсөн баасан гаригт хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байна.