“Mining Journal Awards”-ын шилдгүүд тодорлоо

Ардын хөгжмийн уянгалаг хийгээд чихэнд чимэгтэй зөөлөн аялгуу эгшиглэж, Монголын уул уурхайн салбарын 2011 оны шилдгүүдийг тодруулах “Mining journal awards” эхэллээ. “Тhe Mongolian Mining Journal”-аас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг арга хэмжээ нь уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой юм. Зохион байгуулагчдын зүгээс “Mining journal awards нь бусад төрийн яам, агентлагийн явуулдаг шалгаруулалтаас зарчмын ихээхэн ялгаатай. Учир нь хараат бус мэргэжлийн шүүгчид олон үе шаттайгаар шалгаруулалтын дүнг мэргэжлийн хүрээнд гаргадаг” гэсэн юм.


Энэ жилийн шүүгчдийн зөвлөлд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, ШУТИС-ийн сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор профессор Б.Пүрэвтогтох, Монголын Маркшейдерийн холбооны тэргүүн Д.Дондов, Аялал жуулчлал, байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Б.Галсандорж, Монголын баяжуулагчдын холбооны тэргүүн Г.Шархүү, “Ил тод” сангийн зохицуулагч Д.Цэнджав нар ажиллажээ.


“Mining journal awards-2011”-д өнгөрсөн жилийнхээс илүү олон уул уурхайн компани материалаа ирүүлжээ. Харин шилдгүүдийг тодруулах санал асуулгад нийт 720 хүн оролцсон тухай “Тhe Mongolian Mining Journal”-ын Эрхлэгч Л.Болормаа онцолсон. Эдгээрийн 270 нь уул уурхайн мэргэжлийн болоод судалгаа шинжилгээний байгууллагуудын мэргэжилтнүүд аж. Ингээд энэ оны уул уурхайн шилдгүүд тодорлоо.

“Шилдэг уул уурхайн компаниар ”Эрдэнэт” үйлдвэрийн хүдрийн ил уурхай шалгарсныг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хамгийн түрүүнд зарласан юм.“Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа номинаци”-д “Энержи ресурс”, “Шилдэг эко уурхай- гаар “Пибоди Винсвэй Ресорсиз”,”Шилдэг технологи номинаци”-д “Таван талст”, “Хайгуулын шилдэг компани” номинацийн эзнээр“Хүннү коал” компани тус тус шалгарлаа. Харин “Уул уурхайн оны хүн”-ээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ,” Уул уурхайг дэмжигч байгууллага”-аар ХХБ тодорч, “Шилдгийн шилдэг” буюу Гран-При шагнал “Энержи ресурс” компанид очсон юм.

Монгол Улсын хөгжил уул уурхайгаас хамааралтай байх нь ойлгомжтой. Хэрвээ уул уурхайгаас орж ирэх мөнгийг зөв зохицуулж, улс орны хөгжлийн түлхүүр болгон ашиглаж чадвал ихээхэн үр өгөөжтэй байх, ялангуяа хамгийн гол нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талд анхаарч ажиллах нь Монголын ирээдүй болох тухайд салбарын мэргэжилтнүүд дээрх арга хэмжээний үеэр ярьж байлаа.

Ийнхүү Монголын хөгжлийн түүчээ болсон уул уурхайн салбарынхны үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөвөөр таниулан сурталчлах их үйлсэд зүтгэж яваа “Тhe Mongolian Mining Journal”-ын хамт олонд“Mongolian Economy” сэтгүүлийн зүгээс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.