Mining Mongolia 2012

Намуухан өдрүүд ар араасаа хөвөрсөөр Монголд намар цаг айлчилжээ. Өвсний толгой шарлаж, нар хүртэл нэг л алгуурхан ээх шиг санагдана. Усны шувуу, бороон дусал намрын өнгөөр буцах нь уйтай. Буцаж яваа цагаа гэж. Харин эд буцалж буй уул уурхайн салбарт ирж яваа гийчин олон байна.

Азийн үзэсгэлэн зохион байгуулагч хамгийн том компани болох “Allworld Exhibitions” групп “Mining Mongolia 2012” болон “Building and Construction Mongolia” үзэсгэлэнг хамтатган энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Австрали тэргүүтэй 22 орны 190 гаруй компани оролцож байна. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь гаднын томоохон компаниудад Монголын зах зээлийг танилцуулж, улмаар шинэ зах зээлд хөрөнгө оруулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарах юм байна. Үзэсгэлэнд оролцох байгууллагуудад зохих шаардлагыг зохион байгуулагч талаас тавьсан гэнэ. Тухайлбал, өөрсдийн зорилтот зах зээлээ тодорхойлсон. Уг зах зээлдээ зориулсан чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, салбартаа өөрийн гэсэн нэр хүндтэй байх гээд олон шаардалага тавьжээ. Гаднын компаниуд ч “Mining Mongolia 2012” үзэсгэлэнд оролцохын тулд ихээхэн хичээсэн аж. Тухайлбал, тус үзэсгэлэнд оролцох гэсэн компаниудын захиалга хүсэлт нэмэгдэж, танхимын бүх талбайн захиалга үзэсгэлэн болохоос хэдэн долоо хоногийн өмнө дууссан байна.

Үзэсгэлэнгийн үеэр холбогдох салбарын хүмүүст зориулсан семинар, илтгэл болов. Түүнчлэн оролцогчдоо уйдаахгүй гэх үүднээс Их Британийн Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа “Ногоон дэлхий 2012” нэртэй баримтат кино үзүүллээ. Уг баримтат кино нь 2012 оны Лондоны зуны олимпийн хотхоныг хэрхэн барьсан талаар байсан юм. Баримтат киног үзэхээр хотын дарга Э.Бат-Үүл ирсэн байлаа. Тэрбээр “Улаанбаатар хот том бүтээн байгуулалтын өмнө ирчихээд байгаа энэ үед уг киног Монголчууддаа үзүүлэх нь маш чухал. Тиймээс Их Британий Элчин сайдад миний бие хүсэлт хүргүүлсэн юм. Дээрээс нь 2040 он гэхэд Улаанбаатар хотод олимп зохион байгуулах эрмэлзлэлийн гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын үсэг зурсан байгаа. Хэрвээ бид хичээвэл энэ хэрэгжиж болох мөрөөдөл. Тиймээс бид уг кинонд гарч байгаа шиг хотын захын ядуу хороолол руу бүтээн байгуулалтаа чиглүүлэх нь маш чухал. Үүнийгээ дагаад ажилгүйдлийг багасгах гэдэг ч юм уу. Аль эсвэл ногоон байгууламжаа хамгаалах, бий болгох гээд олон санааг энэ киноноос авч болох нь харагдлаа” гэв.

Зах зээлийн судлаачид Монголын уул уурхайн салбарын хэтийн төлөв өнөөгийн Австралийн уул уурхайн салбарынхтай ижил түвшинд, зарим талаар түүнээс ч илүү хөгжих бололцоотой хэмээн баталж байгаа. Чухам энэ таамаглал дэлхийн томоохон компаниудыг Монголын зүг анхаарлаа хандуулахад хүргэж байна. Түүний нэг жишээ нь энэ удаагийн “Mining Mongolia 2012” үзэсгэлэн юм. Хурлын ерөнхий зохион байгуулагч “Allworld Exhibitions” группын захирал Брендин Женнингс “Монгол Улстай уул уурхайгаар өрсөлдөх боломжгүй гэхэд хилсдэхгүй байх. Учир нь Монгол Улс хурдацтай хөгжиж байна. Мөн Хятад улстай хил залгаа оршдог нь маш том давуу тал. Тиймээс энэ давуу тал нь нэг талаар бизнесийн орчны баталгаа болж байгаа юм. Эрэлт нийлүүлэлт аль аль нь байгаа тохиолдолд эрсдэл хамгийн бага байна гэсэн үг. Тиймээс уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь цагаа олсон хэрэг гэж бодож байна” гэв. Мөн уг үзэсгэлэнг оролцогч талуудын хүсэлтээр дараа жил дахин зохион байгуулахаар болоод байгаа гэнэ. Дараагийн үзэсгэлэнг 2013 оны есдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Үзэсгэлэнд оролцож байгаа ихэнх олон улсын компани Монголд анх удаа ирж байгаа аж. Ингээд тус үзэсгэлэнд оролцогчдоос “Mining Mongolia 2012”-ын талаарх сэтгэгдлийг нь сонссон юм.

Юү Юунг Жиан / Хятад улсын “ХinHai” группын менежер/:
Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд оролцож байгаадаа их баяртай байна. Хятад улсад ийм төрлийн үзэсгэлэн олон болдог. Тэр утгаараа олон хүнтэй байдаг. Харин “Mining Mongolia 2012”-ын хувьд ирж үзэж байгаа хүний тоо арай бага байгаа юм шиг санагдлаа. Зохион байгуулалтын хувьд маш сайн байна. Уул уурхай хурдацтай хөгжиж байгаа танай улс энэ төрлийн үзэсгэлэнг зохион байгуулах нь аль аль талдаа ашигтай юм.

Дерек Боннер /Австрали улсын “Ryco hydraulic” компанийн Бүс хариуцсан менежер/:
Манай компани Герман, Америк зэрэг дэлхийн томоохон гүрэнд зохион байгуулагддаг үзэсгэлэн, худалдаанд оролцож байсан ч Монголд анх удаагаа ирж байна. Бидний хувьд уул уурхай цэцэглэж буй Монгол улсад хүрэлцэн ирж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ Монголын уул уурхайн байгууллагуудтай хамтран ажиллах боломж нээгдэж байгаа нь завшаантай хэрэг.
Бид ихэвчлэн гүйцэтгэх болон технологийн үйлчилгээний эд, анги нийлүүлдэг. Манай компани 65 жилийн арвин туршлагатай. Дэлхийн өнцөг булан бурт өөрсдийн бүтээгдэхүүний нийлүүлээд зогсохгүй энэ салбарт нэгдэж буй шинэ байгууллагуудыг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч утгаараа дэлхийн уул уурхайн салбарт хүч түрэн орж ирж байгаа Монголын компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байна.

Бил Тюма /Канад улсын “Geotec” компанийн геофизикч/:
Би анх удаа Монголд ирж, ийм арга хэмжээнд оролцож байна. Энэ бол бидэнд төдийгүй Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага хоорондын холбоо, харилцаа, хамтын ажиллагаа бий болгох чухал алхам болж байна. Манай компани уул уурхайн тоног, төхөөрөмж нийлүүлдэг Канадын томоохон компаниудын нэг. Монголын хэд хэдэн ул уурхайн байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор бид олон улсын түншлэлээ улам өргөжүүлж Монгол улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байгууллагуудын гүүр нь болохын зэрэгцээ Монголын дотоодын олон байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байна. Зөвхөн уул уурхайгаар зогсохгүй бусад салбартай уялдаа холбоотой ажиллан хэмээн найдаж байгаа. Тухайлбал, байгаль орчны салбарт хамтран ажиллаж болох юм. Учир нь уул уурхайг дагаад байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон. Монгол Улсад уул, уурхай асар хурдтай хөгжиж байна. Харин уул уурхайн үйл ажиллагааг дагаад байгаль орчны нөхөн сэргээлт болон түүнийг хамгаалах ажил зэрэг хийгдэх учиртай.