“Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт зохион байгуулна

Түүх
Улс орны эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын түүхийг сөхвөл 1922 оноос эхлэлтэй. Анх Ардын Засгийн газрын 1922 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн шийдвэрт Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авч хэрэгжүүлэх хугацааг 1922 оны арванхоёрдугаар сарын 25-наар тогтоосноор уул уурхайн салбарын хөгжлийн эхлэл тавигджээ. Тухайн үед Нийслэл хүрээний түлшний асуудлыг шийдэх зорилгоор улсаас уул уурхайн салбарт анхаарал тавьж эхэлсэн нь энэ байлаа. Улмаар Ардын Сайд нарын Зөвлөл 1939 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 38 дугаар тогтоолоор тухайн үед тус тусдаа удирдлагатай байсан геологийн судалгаа шинжилгээний ажил, уул уурхайн асуудлыг уялдуулан ойртуулж аж үйлдвэр, барилгын яамны харъяанд уурхай ба ашигт малтмалын трестийг анх байгуулсан түүхтэй.

Шинэ үе
Уул уурхайн салбар 90 жилийг туулахдаа хөгжлийн түүхэн бүтэц, зохион байгуулалтын олон нэр томъёо, хэв шинж, харъяалал хамааралтай явж ирсэн ч түүхэн цаг үед улс орны эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр өссөөр одоо улс орны тэргүүлэх чиглэл болтол өргөжөөд байна. Тодруулбал, уул уурхайн салбар нь 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.6 хувь, экпортын бүтээгдэхүүний 89.2 хувийг үйлдвэрлэж байна. Дээрх үзүүлэлт Монголын эдийн засгийг өнгөрсөн жил түүхэнд байгаагүй буюу 17 хувиар өсгөсөн юм.

Гэхдээ
Цаашид ашигт малтмалын шинэ ордуудын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт уул уурхайн салбарын өмнө тавигдаж байгаа. Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр дэлхийн зах зээлийн түүхий эдийн ханшийн хэлбэлзлээс хамгаалагдаж, илүү тогтвортой хөгжих боломж бүрдэх юм. Мөн өвөг дээдсээс өвлүүлсэн эрдэс баялгаа хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан олборлон, боловсруулж үр өгөөжийг нь өнөөгийн монгол түмэн хүртэхийн сацуу хойч үедээ өвлүүлэн үлдээх нь төрийн чухал зорилт билээ.

Тиймээс Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг энэ оны тавдугаар сарын 9-10-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулах гэж байна. Уул уурхайн салбарын өнөөгийн байдлаа хэлэлцэж, хэтийн төлөвөө тодорхойлон, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаад болон дотоодын аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын өмнө тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг хэлэлцэж, зөвлөмж гаргах зорилготой байгаа аж. Мөн хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалт хайж байгаа төсөл хөтөлбөрүүдийг холбож өгөх, уг салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг уулзуулах, уул уурхайн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах нь чуулганы чухал зорилт юм.

Чуулганыг сонирхосон хүн бүрийн өмнө нээлттэйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Дэлгрэнгүйг www.miningmongolia90.mn