“Mongolia ITF-2011” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол дээл хувцастай эрхэмсэг харцуул болоод хатадын гоёлтой гоёмсог бүсгүйчүүд танхимийг чимэж, оролцогчид өв соёлынхоо багахан хэсгийг дэлгэн тавьж, гаднын зочдын нүдийг хужирласан “Mongolia ITF-2011” долоо дахь удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг үйл ажиллагаанд ОХУ, БНХАУ, Англи, БНСУ, Испани зэрэг орны бизнесийн төлөөлөгч мөн “Их Түмэн гол”, “Цайны зам” олон улсын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцож байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн 21 аймгийн төлөөлөгч, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л салбарын 80 гаруй төлөөлөгчид уг үзэсгэлэнд оролцож өөрсдийн онцлогийг шингээсэн бараа бүтээгдэхүүнийг зочдын өмнө дэлгэн тавьсан юм. Баян Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Даниял Айбек “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад аялахаар ирсэн жуулчдын олонх нь баруун бүсийн үзэсгэлэнт газруудаар аялж байна. Үүнтэй холбоотойгоор бид аялал жуулчлалын ашигтай салбарт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Манай аймагт гаднын жуулчдын хамгийн их сонирхдог уулын аялал, загас агнуур, усан аялал зэргийг хөгжүүлэх таатай нөхцөл боломж хангалттай бий. Энэ тал дээр биднийг хөрөнгө мөнгөөр дэмжээд өгөөсэй гэж хүсэж байна” гэв.

Харин тус аймгийн Алтай сумын малчдын нөхөрлөлийн төлөөлөл С.Амангүл “Манай аймгийн Алтайн нурууны мөнх цаст оргилууд, түргэн урсгалт Ховд, Цагаан гол, өвгөдөөс уламжлагдан ирсэн өв соёл гаднынхны сонирхлыг өөрийн эрхгүй татдаг. Энэ утгаараа аялал жуулчлал хөгжих боломж байна. Гэхдээ бидэнд хэлний бэрхшээл, тав тухыг хангахуйц байшин барилга, өөр бусад улсын соёл дэг жаягийг мэддэг байх, мөн Улаанбаатар хотоос хэт алслагдсан байдаг зэрэг хүндрэл учирдаг. Тиймээс эдгээр асуудалд төр, засаг, хувийн хэвшлийн байгууллагууд анхаарч үзэхийг хүсэж байна” гэлээ. Мөн аймаг тус бүрээс ирсэн байгууллагууд ирж туршлага солилцож хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах боломж олгодог уг үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан юм.

Байгалийн баялаггүй, дотоодын зах зээл гэх юмгүй байсан Сингапур зэрэг орон өнөөдөр аялал жуулчлалын салбараа дэмжээд Азийн бар орон болтлоо хөгжсөн. Харин манай орны хувьд байгаль дэлхий өөрийн байж болох газрын доорх хийгээд дээрх арвин их баялгаа хангалттай өгсөн. Ийм учраас өнөөдөр Монгол оронд “хайр зарласан” гаднынхан цөөнгүй. Харин бид үзэмж төгс байгалынхаа үр шимийг зөвөөр ашиглаж чадахгүй байх шиг. Энэ тухай “Mongolia ITF-2011” үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийг төлөөлөн оролцож байгаа аялал жуулчлалын менежер А.Содхүү “Өнөөдөр манай орныг гаднын олон хөрөнгө оруулагч мөн жуулчид ихээхэн сонирхож эхлээд байна. Энэ нь бидний сайнд биш эх орны минь байгаль эхийн үзэсгэлэн гоо, эд баялагт байна. Тиймээс эзэн нь болсон бид ухаантай байх хэрэгтэй. Ер нь аливаа том ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй байдаг. Манай улс уул уурхайн томоохон орд газруудыг ашиглах гэрээнд гарын үсэг зурж энэ нь эхнээсээ төр, засагт ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө авчирч байна. Тийм учраас төрөөс аялал жуулчлалын салбараа идэвхтэй дэмжиж хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэхдээ манай төрийн байгууллагууд хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллахад дутагдалтай байгаа юм. Зах зээлийн нийгэмд ямар ч ажил хувийн хэвшлийн оролцоогүйгээр хөгжихгүй. Гэтэл манай удирдлагууд баахан дүрэм журам гаргаад ирдэг, энэ нь биднийг үргэхэд хүргэдэг” гэсэн юм. БОАЖ-ын сайд Л.Гансүх “Манай улсад ирсэн жуулчдын тоо даруй 4,2 хувь өссөн дүн гарчээ. Мөн “Их түмэн гол”, “Цайны зам” зэрэг олон улсын аялал жуулчлалын төслүүдтэй хамтран ажиллаж байгаа нь том амжилт” болсон талаар онцоллоо.

Уг үзэсгэлэнгийн талаар Дархан, Сэлэнгэ, Архангай гээд 21 аймгийн төлөөлөл “Аялал жуулчлал орон нутагт хөгжил авчирдаг салбар. Хэрвээ бид эх орноо хөгжүүлье гэвэл эхлээд хүнээ дараа нь орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.