"Mongolia Mining 2013" сайн засаглалыг онцоллоо

Гаднын хөрөнгө оруулалт саарч буй эгзэгтэй мөчид “Mongolia Mining 2013” олон улсын уул уурхайн техник технологийн үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт боллоо.

Уул уурхайн салбарт мөрдөх төрийн бодлого тодорхой бус, хууль эрх зүйн орчин ороо бусгаа байгаа ч ханган нийлүүлэгч компаниуд Монголд түр саатлаа.

Салбарын урдаа барих багаж, техник технологийг үйлдвэрлэх хуучин түнш, шинэ танилтай “Mongolia Mining 2013” үзэсгэлэн өөрийн гэсэн имижийг бүрдүүлж амжжээ.

“Хариуцлагатай уул уурхайн төлөө” уриан дор гуравдахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд урд хөршийн компаниуд давамгайлж оролцлоо. Учир нь оролцогч 120 компанийн бараг л 80 орчим хувь нь өмнөд хөршийнх байлаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнгийн үеэр “Хариуцлагатай уул уурхай – хамтын ажиллагаа” сэдэвт бага хурал болсон нь шинэ үзэгдэл байв. Тэр тусмаа компанийн засаглал, хариуцлагатай уул уурхайн хамтын ажиллагааг хөндсөн нь нүдээ олсон арга хэмжээ болсныг Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа онцолсон юм.

Уул уурхайн компаниудад нийгмийн хариуцлага хүлээх, компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх асуудал сүүлийн жилүүдэд олны хараанд өртөх болсон. Тиймээс уул уурхайн салбарт нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хариуцлагатай уул уурхайн мөн чанарыг тодотгох цаг болсныг оролцогчид учирлаж байсан юм.

Хэдий хөрөнгө оруулалт царцанги байгаа ч уул уурхайн салбарт нэгэн шинэ хавар ирлээ. Хаврын анхны "яргуй" нь “Mongolia Mining 2013” үзэсгэлэн боллоо.