“Mongolia Mining 2021”-д 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

T.Amarjargal T.Amarjargal
2021-09-22 20:05:18
Ангилал: Мэдээ

Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, ирээдүйн хөгжлөө тодорхойлдог хамгийн том арга хэмжээ болох “Mongolia Mining” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаад цар тахлын улмаас хилийн чанадаас зорьж ирэх оролцогчдын тоо бага байгаа аж. Гэсэн хэдий ч Монгол Улс дахь Элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцож байгаа нь цар тахлын дараах уул уурхайн салбарын сэргэлтэд эергээр нөлөөлнө гэж албаныхан онцоллоо.  

2011 оноос хойш арав дахь удаагаа зохион байгуулж буй “Mongolia Mining” үзэсгэлэнд энэ удаа 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Цар тахлын өмнө үзэсгэлэнд оролцогчдын тал хувийг хилийн чанадаас зорьж ирсэн оролцогчид эзэлдэг байжээ. 

Үзэсгэлэнгийн нээлтэд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч Sany брэндийн албан ёсны дистрибьютер Гранд майнинг экуйпмент ХХК-ийн захирал Ж.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс оролцож үг хэлсэн юм. 

Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар:

Уул уурхай бол ДНБ-ий 20 гаруй хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг, экспортын 90 хувийг, төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлдэг ач холбогдолтой салбар. Монгол Улсын Засгийн газраас томоохон ордуудаа эргэлтэд оруулах, олборлох салбараас боловсруулах салбар руу шилжихэд ихээхэн анхаарч байна. Энэ чухал шилжилтэд “Mongolia Mining” арга хэмжээ хувь нэмрээ оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хэдийгээр гадаадын байгууллагаас ирж оролцож чадаагүй ч элчин сайд нар оролцож байгаад таатай байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүнд үе дууссаны дараа гадаадын хөрөнгө оруулагчид элчин сайд нараараа дамжуулан Монголын уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа:

Эдийн засгийн хамгийн хүнд ачааг уул уурхайн салбарынхан үүрч байна. Уул уурхайн салбарын цаашдын хөгжил төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Хууль эрхзүйн тогтвортой байдал чухал. Бидэнд байгалийн баялаг нь байна. Одоо шилдэг технологи, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Уул уурхайн салбарт хамгийн тулгамддаг зүйл бол зам тээвэр, дэд бүтцийн асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Энэ  асуудлыг олон жил ярьсны эцэст саяхан чингэлэг тээврийг ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил хамтраад асуудлаа шийдэж болдгийг энэ үйл явдал батлан харуулсан. Бид яг ийм жишгээр хамгийн орчин үеийн техник технологийг ашиглаж тээвэр, ложистикоо хөгжүүлэхийг хүсэж байна. Ингэж ажиллаж чадвал эдийн засаг богино хугацаанд сэргэж чадна. Өнөөдөр нээлтээ хийж буй “Mongolia Mining” үзэсгэлэн биднийг энэ зорилгодоо хүрэхэд ихээхэн хувь нэмэр болно гэж итгэж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

Эдийн засгийг сэргээх гол хүчин зүйл бол том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэдгийг төр болон бизнесийнхэн аль аль талдаа ойлгосон. Томоохон төслүүдийг эхлүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд газар, дэд бүтцийг шийдэх, зөвшөөрөл олгох, санхүүжилт ба хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, тогтвортой байдлыг хангах зэргийг багтаасан хууль эрхзүй, бодлого зохицуулалтын тогтвортой орчин нэн чухал байгаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. 

Үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжилж, уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг танилцуулах юм. 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal