“Mongolian Economy” сэтгүүл Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллана

“Mongolian Economy” сэтгүүлийн Эрхлэгч Д.Бэхбаяр, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүйн улмаас хүссэн зээлээ авч, бизнесээ өргөжүүлж чаддаггүй. Гэтэл арилжааны банк нь барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ асуудлыг шийдэх сонгодог гарц нь зээлийн батлан даалтын сан байдаг. Европт тус сан 100 гаруй жил хөгжиж ирсэн түүхтэй. Гэтэл манай улсад дөнгөж эхлэл төдий явж байгаа тул иргэдэд мэдээлэл өгөх, нийгмийн сэтгэл зүйг бэлдэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс Зээлийн батлан даалтын сан “Mongolian Economy” сэтгүүлтэй хамтран ажиллахаар боллоо.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуягтай салбарын хөгжлийн талаар цөөн хором ярилцсан юм.
-Зээлийн батлан даалтын сан үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байна. Ер нь одоогоор сангийн үйл ажиллагаа ямар шатанд явж байна вэ?
-Одоогоор манай санд нийт 33 хүсэлт ирсэний 21 хүсэлтийг нь шийдээд, батлан даалт гаргаад байна. Энэ нь мөнгөн дүнгээр бол таван тэрбум төгрөгийн зээл авах санал ирснээс 1.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан гэсэн үг юм. Зарим хүмүүс нэгэнт л жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол бүх хүсэлтийг нь хүлээж авч болдоггүй юм уу гэдэг. Энэ нь боломжгүй. Учир нь зээлийн эрсдэлийг тооцохгүй бол манай байгууллага чинь төрийн мөнгөөр батлан даалт гаргаж байгаа болохоор хүн бүрийн хүсэлтийг шийдвэрлэж чадахгүй байна. Тиймээс үнэн зөв мэдээлэл өгөх замаар нийгмийн сэтгэхүйг бэлдэх зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ шаардлагын дагуу зээлийн батлан даалттай холбоотой мэдээллээр иргэдийг хангах, холбогдох байгууллагын мэрэгжилтнүүдийн чадавхийг сайжруулах ажлыг эхлүүлээд байна. Саяхан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийг Япон руу явуулж сургалтад хамруулж, туршлага солилцлоо. Ер нь гаднын туршлагаас суралцах тал дээр олон ажил эхлүүлчихээд байна. Тухайлбал, Солонгос, Малайз, Орос зэрэг орны Зээлийн батлан даалтын сангуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байгаа.
-Та сая батлан даалтын сангийн эрсдэлийн талаар цухас дурдлаа. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Дэлхийн аль ч оронд батлан даалттай холбоотой ёс суртахууны эрсдэл гэж байдаг юм байна. Тэр нь төр бидний арыг даачихсан юм чинь зээлээ төлөхгүй ч байж болно гээд бодчихдог нэг хэсэг нь зээлээ төлдөггүй. Энэ бол бидний хамгийн том эрсдэл юм.
-Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам байгаа юу?
-Бид энэ талаарх суурь онол, арга туршлагаас нэлээд сайн судаллаа. Ер нь гаднын туршлагаас харахад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд зэрэглэл тогтоочихдог юм байна. Тэгээд өндөр зэрэглэлтэй үйлдвэрлэл эрхлэгчдэд хүссэн хэмжээгээр нь зээлийн батлан даалтыг асуудалгүй гаргаад өгдөг. Харин нөгөө доогуур зэрэглэлтэй хэсгийг нь шалгаад тодорхой шаардлага хүргүүлдэг. Цаашилбал, сургалт явуулж, зөвлөгөө ч өгч болно. Үүний тулд бид удахгүй батлан даалт гаргасан зээлдээ мониторинг хийх гэж байна. Хэрвээ зэрэглэл гаргачихвал тэр зэрэглэлийнхээ дагуу Зээлийн батлан даалтын сан сэргээнэ, тогтворжуулна, хөгжүүлнэ гэсэн үе шаттайгаар үйл ажиллагаа явуулдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөлөө олоогүй нэгнийх нь үйл ажиллагааг тогтворжуулах, хөгжүүлэх хөшүүргийг нь бий болгох жишээтэй. Гэтэл өнөөдөр манайд банкны систем хэт давамгайлчихсан байна. Харин банкууд нь маань аваад ир л гээд байдаг. Гэтэл Батлан даалтын сан нь эсэргээрээ эхлээд хөгж, дараа нь өг гэдэг филсофитой.
-Олон улсад жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд 100 хувийн батлан даалт гаргах нь бий. Монгол Улсад энэ туршлага хэрэгжих боломж байна уу?
-Манай улсын хувьд ялимгүй ялгаатай бодлого явуулах хэрэгтэй байх. Тухайлбал, манай улс ноос ноолуурын салбараа дэмжих гэж байгаа бол тэр салбартаа л 100 хувийн батлан даалт гаргаж болно. Аль эсвэл бага, дунд орлоготой иргэдээ төрөөс дэмжих гээд байгаа юм уу. Тэгвэл тэр хэсэгтээ л 100 хувийн баталгаа олгоод, зээлийг нь өгөөд, хөдөлмөрлөх боломжийг нь олгох замаар эдийн засгаа тэтгэх хэрэгтэй. Энэ утгаараа Зээлийн батлан даалтын сан нь санхүүгийн бүтээгдэхүүн болдог. Манай сангийн хувьд ч гэсэн хуулийнхаа хүрээнд тодорхой бодлого барьж ажиллаж байна. Тухайлбал, хөдөө, орон нутгийг дэмжихэд анхаарч байгаа. Хэрвээ хот, хөдөөгөөс зэрэг батлан даалт авах хүсэлт гаргалаа гэж бодоход бид орон нутгийн саналыг л илүү хүлээж авдаг. Хот дотроо ч гэсэн гэр хорооллоос ирсэн саналыг түлхүү хүлээж авахыг хичээж байна. Ер нь товчхондоо бол бид зогсоогүй, зүгээр суугаагүй, ажлаа хийгээд л явж байна даа.