“Mongolian Economy”-ийн сэтгүүлчид тэргүүн байр эзэллээ

Mongolian Economy
2020-10-01 15:47:08
Ангилал: Эдийн засаг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубтэй хамтран хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан “Цар тахлын дараах бизнесийн орчин: Боломж, Сорилт” сэдэвт нийтлэлийн уралдааны дүн гарч, шилдэг бүтээлийн эздийг шалгарууллаа.

Энэ сарын 3-28-нд үргэлжилсэн тус уралдаанд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна БНХАУ-ын CCTV-ийн сэтгүүлчид нийт 30 гаруй бүтээлээ ирүүлснээс тэргүүн байрт “Mongolian Economy” сэтгүүлийн сэтгүүлч З.Цэлмэг, Б.Энхцэцэгийн “Аялал жуулчлал: Тахлыг дийлсэн ч айдас үлдэхэд…” нийтлэл шалгарлаа.

Эл нийтлэлд коронавирусийн цар тахлын нөлөө Монголын аялал жуулчлалд хэрхэн нөлөөлж буйг, дам нөлөө нь агаарын тээвэр, ноолуур, зочлох үйлчилгээ гээд эдийн засгийн бие даасан бусад секторт ч нөлөөлж буйг нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар дүрслэн гаргаж ирснээрээ онцлог юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Цар тахал анх гарахад бүгд шок авч, ийм удаан үргэлжилнэ гэж төсөөлөөгүй. Харин танхим болон эдийн засгийн сэтгүүлчдийн клуб цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад олон талаар хамтран ажилласан. Монголын эдийн засаг, бизнесийн орчныг эрс сайжруулах талаар шийдвэр гаргагчид МҮХАҮТ-ын 60 жилийн ойн арга хэмжээний үеэр мэдэгдлээ. Энэ бол хэвлэл мэдээлэл та бидний хамтдаа хийсэн ажлын үр дүнгийн тодорхой хэсэг юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уншихад цар тахлын үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар бүрэн хэмжээний ойлголттой болох бөгөөд бүтээлүүдийг нэгтгэн эмхэтгэл гаргаж холбогдох хүмүүст хүргэнэ” хэмээв.

Уралдааны шүүгчээр ажилласан МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Б.Баярмаа “Барууны сэтгүүл зүйн нийтлэлийн өнгө төрхийг Монголд оруулж ирсэн бүтээл болжээ” гэж үнэлсэн бол Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубын зохицуулагч Б.Баяртогтох “Эдийн засгийн сэдвээр дагнан бичигддэг нийтлэл, сурвалжлагын хувьд жишиг болсон” хэмээн онцолсон юм.

Тус уралдааны дэд байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Бямбасүрэнгийн “COVID-19” цар тахлын нөлөөнд өртөөгүй хөдөө аж ахуйн ганц салбараа түшин эдийн засгаа тэлэх Монголын боломж” нийтлэл, гуравдугаар байрт gogo.mn сайтын сэтгүүлч Э.Эрдэнэчимэг “Аялал жуулчлалын салбарынхан аврал нэхэж байна” нийтлэл оржээ. Уралдаанд ирсэн бүх бүтээлийг эмхэтгэж, товхимол болгон хэвлэх юм.

Эцэст нь өгүүлэхэд Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб нь 60 гаруй гишүүнтэй бөгөөд сэтгүүлчдийг мэргэшүүлэх, сургах, хамтдаа хөгжих, нэг нэгнээсээ суралцах боломжийг олгодог. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулсан төдийгүй дотоод, гадаадын хэд хэдэн томилолтод сэтгүүлчдээ хамруулжээ.

 

 

 

Mongolian Economy