“Mongolian noble Fibre” брэндийг дэлхийн зах зээлд удахгүй гаргана

“Брэнд” гэсэн үгийг сонсоод танд чанар, нэр хүнд, үнэ цэнэ гэсэн ойлголт шууд бууж байгаа байх. Энгийн жишээ хэлэхэд, бид ойрын хөрш Солонгос улсыг кимчи, Голланд гэвэл бяслаг, Францыг Doir, Chanel, Gucci зэрэг тансаг үнэртэй усаар, Их наран улсыг Sony, Hitachi, Panasonic брэндийн цахилгаан бараагаар, Грекийг чидун жимсээр, Америкийг хазсан алимны дүрс бүхий I Phone, I Pad, I Pod, зөөврийн компьютергүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Нэг ёсондоо тухайн улсынхаа нэрийг дэлхийн тавцанд таниулж, нэрийн хуудас нь болж яваа брэнд юм.

Тэгвэл Монгол Улс үүнтэй адил дэлхийн тавцанд хөдөө, аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ брэнд болгох гарцыг эрчимтэй эрэлхийлж байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны Хөдөө аж, ахуйн маркетинг, брэндийг хөгжүүлэх төслийг өнгөрсөн оноос санаачлан, хэрэгжүүлж байгаа юм. Ялангуяа монгол ноос, ноолуурыг хамтын маркетинг брэндтэй болгож, “Mongolian noble fibre” гэдэг нэрээр дэлхийн зах зээлд гаргахаар зорьж буй аж.
Тус төслийн захирал Юрген Мендритцки болон төслийн дэд дарга Монгол талын захирал Б.Эрдэнэбилэг нартай ярилцлаа. Юрген Мендритцки нь 30-аад жил энэ чиглэлээр дагнан Латин Америк, Өмнөд, Зүүн болон Төв Азийн орнуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

-Яагаад заавал хөдөө, аж ахуйн салбарыг онцолж, маркетинг, брэн­дийн төсөл хэрэгжүүлэх болсон бэ?
Юрген Мендритцки: Монголын ноолуурыг дэлхийд чанараараа хоёрдугаарт ордог гэдгийг дэлхийд тэр бүр мэдэхгүй. Тиймээс энэ томоохон давуу талаа сурталчилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой гэж харж байна. Манай төслийн гол зорилго нь гадаадын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Ингэхдээ дээд зэргийн өндөр чанарын түүхий эдээр, чанартай, олон улсын хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаж, Монголын брэндийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой. Үүний хүрээнд хөдөө, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маркетинг, чанарын зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах улмаар бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж олгохоор ажиллаж байна.

Чадавхжиж, бидний шаардлагыг хангасан бүх аж ахуйн нэгж Монголын тансаг ширхэг буюу “Mongolian noble fibre” гэсэн шошгыг бүтээгдэхүүндээ зүүх эрхтэй болох юм. Монголын тансаг ширхэг гэж нэрлэсний учир нь үүнд сарлагийн савага, тэмээний ноос, ноолуур бүгд багтана.
Түүнчлэн цаашлаад бид арьс шир, савхи, савхин эдлэл, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, чацаргана зэргийг брэнд бүтээгдэхүүн болох боломжтой өрсөлдөх чадвар өн­дөртэй бүтээгдэхүүн гэж үзэж байгаа. Жишээ нь, арьс шир боловсруулах үйлдвэрт химийн биш ургамлын идээллэгийг ашиглахыг туршиж үзсэн. Энэ нь байгаль орчинд халгүй, экологийн цэвэр арга юм. Үүнийг үргэлжлүүлэх нь чухал. Түүнчлэн монгол чацарганаар сайн бүтээгдэхүүн хийх, эсвэл жүүс болгох гээд олон боломж харагдаж байна.

Б.Эрдэнэбилэг: -Хөдөө, аж ахуйн тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар түлхүү хөгжиж ирсэн. Хөнгөн үйлдвэр дотроо бүтээгдэхүүн болгож болохуйц салбарыг сонгосон. Ингэхдээ юун түрүүнд ноос, ноолуур, арьс ширний салбар нь манай улсын хувьд харьцангуй зохион байгуулалтад орсон, чанар стандарт маркетингийн хувьд өндөр түвшинд хүрсэн гэж үзсэн учраас дэлхийн брэнд болгохоор зорьж ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт уул уурхайгаас хэт хамааралтай болж буй учир эдийн засгаа төрөлжүүлэх хэрэг­тэйг хүн бүхэн л сануулж байна. Хөдөө, аж ахуйн салбар нь нэмүү өртөг шингээдэг, түүхий эд нь эргэн нөхөн сэргээгддэг давуу талтай. Бид энэ давуу талаа ашиглаж, дэлхийд брэндээ гаргах хэрэгтэй.

-Өнгөрсөн гуравдугаар сард ноос, ноолуурын салбарынхан нэгдэж “Mongolian noble fibre” гэсэн дэлхийн зах зээлд таниулах шошгоныхоо талаар ярилцаж, санал нэгдсэн. Түүнчлэн ирэх тавдугаар сард болох Нью-Йорк хотноо болох “Wool in the city” сэдэвт олон улсын ноосон, нэхмэлийн байгууллагын 81 дүгээр их хурлаар энэхүү логогоо урьдчилан танилцуулна гэж байсан. Энэ тухай сонирхуулахгүй юу?

Б.Эрдэнэбилэг: Нэлээд хэдэн жилийн өмнөөс ноос, ноолуурын компаниуд хамтран нэгдсэн логотой болохоор шийдэж байсан боловч энэ нь хэсэг хугацаанд яваад л унасан. Учир нь, цаана юу илэрхийлэх, яаж баталгаажих, хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нь тодорхойгүй, компаниуд эрхийг нь худалдаж авахаар байсан учраас үр дүнд хүрээгүй туршлага бий. Тиймээс бид Монголын ноос ноолуурын холбоо, ХХААХҮЯ-тай хамтарч компаниудад танилцуулсан. Уран бүтээлчдийн дунд логоны уралдаан зарлан, сүүлийн шатанд шалгарч үлдсэн зохион бүтээгч Б.Энхбат, Ж.Батбаяр нарын Хаан, Гэрэгэ гэсэн хоёр бүтээл дээр санал, шүүмжлэлээ хэлэлцэж, энэ хоёрыг илүү боловсронгуй болгохоор тохирсон.

Дэлхийн брэндийг илтгэх шошго нь ямархуу утгатай байх вэ гэдэг дээр мэргэжилтнүүдийн батлах тун дөхсөн хувилбараар бол монгол бичгээр хаан хэмээн бичиж, үндэсний хээ угалзаар чимэглэсэн байна. Хаан гэдэг үгийг яагаад сонгосон юм бэ гэвэл ноос, ноолууран бүтээгдэхүүн нь хаан хэрэглээг бий болгодог утгаар нь авч үзэж буй юм. Харин Гэрэгийн хувьд эртний хаад, ноёд төрийн албандаа өргөнөөр ашиглаж, зарлиг буулгадаг байснаараа хүндэтгэлийн утгатай. Ирэх сард Нью-Йорк хотноо болох хурал дээр бид Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн “Mongolian noble fibre” гэсэн шошготой, чанарын шаардлага бүрэн хангасан бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хөл тавина гэдгийг дэлхий нийтэд зарлана. Харин компаниуд “Mongolian noble fibre” шошгийг ашиглахын тулд наад зах нь түүхий эд, эцсийн бүтээгдэхүүний хувьд чанар, стандартын шаардлагыг хангасан байх ёстой.

-Тэгэхээр дээрх шошгоо компаниуд хэзээнээс ашиглан, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргана гэсэн үг вэ?

Б.Эрдэнэбилэг: Ер нь нэг брэндийг дэлхийн зах зээлд гаргахад доод тал нь таван жил шаарддаг. Гэхдээ манайд бол ямар ч байсан гурван жилийн дотор бид брэндээ дэлхийд гаргасан байхаар төлөвлөж байгаа. Манайд өнгөрсөн оны есдүгээр сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл 18 сарын хугацаатай энэ төслийн эхний шат хэрэгжиж байгаа. Одоо бид шошгоныхоо ерөнхий загварыг сонгохоор ажиллаж байна. Үүнийгээ илүү сайжруулах нөгөө талаас компаниудынхаа чадавхыг сайжруулах, бүтээгдэхүүний дамж­­­лага, түүхий эд, эцсийн бүтээгдэхүүний чанар гэх мэт чиглэлээр сургалтууд явуулж байгаа. Ингэхдээ олон улсын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн стандартын дагуу бүтээгдэхүүн гаргахад хаана, ямар дамжлага дээрээ алдаж буйг нь олж тогтоогоод, түүнийгээ засахаар ажиллах юм. Мөн энэ хугацаанд “Mongolian noble fibre” брэнд нь Монголдоо ирэх есдүгээр сард бүртгэгдэнэ. Түүнчлэн олон улсад албан ёсоор баталгаажсан байна. Ингээд шалгуур хангасан Монголын компаниуд уг брэндийг ашиглах нь тодорхой болно. Нэг ёсондоо бид дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн болно гэсэн үг.

Мөн төслийн үр дүнд “Брэнд менежментийн агентлаг” байгуу­лахаар төлөвлөсөн. Гэхдээ одоо­гоор хаана харъяатайгаар үйл ажиллагаагаа явуулах нь тодорхойгүй байна. Энэ агентлаг ноос, ноолуурын брэндээ цааш нь илүү хөгжүүлэх чиг үүрэгтэйгээс гадна хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнд болон бүхий л боломжит салбарын брэндийг гаргахад анхаарлаа хандуулах юм. Түүнчлэн төслийн хоёрдугаар шат нь 3-4 жилийн хугацаатай байхаар Азийн хөгжлийн банк, Засгийн газрын хооронд яригдаж байна. Хэрэв асуудлыг шийдвэл хууль эрх зүйн хүрээнд чанар, ложистик бүх асуудлыг нь шийдэж ажиллана.

-Экспортын зах зээлд нийц­сэн хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дэл­хийн зах зээлд гаргахад манай зүгээс хамааралтай тулгамдаж буй асуудал юу байна вэ?

Юрген Мендритцки: Манай төслийн гол зах зээл нь Европын холбоо, Япон, Америк. Европын холбоо гэхэд л ноос, ноолууран бүтээгдэхүүний тал дээр нэлээд хатуу шаардлага тавьдаг. Энэ мэтчилэн бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн, тухайн орны шаар­длага босгыг давсан дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн чухал асуудал. Ингэхийн тулд бүтээгдэхүүний түүхий эд, боловсруулалт, үйлдвэрлэл гээд бүхий л дамжлага шатанд стандартын дагуу үйлдвэрлэл явуулах нь чухал байгаа юм. Брэнд бий болгох тал дээр бол хууль, эрх зүйн хүрээнд багагүй бэрхшээл тулгарах байх. Тухайн үед нь судлаад, шийднэ.

Б.Эрдэнэбилэг: Дэлхий нийтэд нэг брэндийг аливаа улсын зах зээлд нэвтрүүлэхэд 7-10 жилийн хугацаанд 20-иод сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж гаргадаг жишиг байдаг. Гэтэл манайд төслийн хувьд цаг хугацаа мөнгө төгрөгийн хувьд одоохондоо ийм боломж байхгүй. Тиймээс дэлхийн зах зээл дээр ноос, ноолууран бүтээгдэхүүнээ гаргах хоёр зам манайд бий.

Эхнийх нь дэлхий нийтэд өргөн ашигладаг хамтын маркетингийн арга юм. Энэ нь бид бусад орны ноос, ноолуурын алдартай брэндтэй шошгоо нэг дор байрлуулж давхар шошготойгоор өөрсдийн бүтээгдэхүүнийг гаргаж, танилцуулах боломжтой байгаа. Хэрэв тухайн улсын иргэдэд манай бүтээгдэхүүн таалагдаж эхлэх юм бол бид цаашлаад үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэх боломж нээгдэнэ. Одоогийн байдлаар Америкийн Patagonia, Quit mad stop, Канадын Cashmereness, Английн Pure cashmere зэрэг брэндтэй хамтарч ажиллах талаар судалж байна. Дараагийнх нь “Цас согоот”, “Швейцарь” гэх мэт жижиг компаниудтай ажиллаж, бүтээгдэхүүний чанарыг нь сайж­руулан “Mongolian noble fibre” гэсэн өөрийн брэндээрээ олон улсад гаргах боломж ойрхон байна. Бид энэ гарцаа л аль болох зөв зүйтэй шийдэх нь чухал. Дээр нь дотоодын болон гадаадын зах зээлийн судалгаа чухал.

Америк, Япон, Англи болон цаашлаад Франц, Герман, Итали улсын зах зээлийг сонирхож байгаа. Тиймээс тэдний зах зээл дээр ямар бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй байгааг тодорхойлж гаргах болно. Есдүгээр сард эхлээд бүтээгдэхүүнээ сонгочихоод дараа нь борлуулалтаа хийе гэж байсан бол одоо энэ ойлголтын зөрүү гарсан. Ямар бүтээгдэхүүн авахыг нь эхлээд судалж, хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу бүтээгдэхүүнээ гар­гана. Дээр нь түүхий эдийн болон үйлдвэрүүдийн чанар технологи, чадавхыг сайжруулах нь хамгийн чухал.

-Хамтын маркетинг, брэндтэй болохын давуу тал нь юу байна вэ. Мөн хөдөө аж, ахуйн салбарын цаашдын хөгжлийг хэрхэн төсөөлж харж байна вэ?

Б.Эрдэнэбилэг: Эцсийн брэнд бүтээгдэхүүн гаргаснаараа эдийн засгийн хувьд томоохон хэмжээний түлхэц болно. Жишээлбэл, Монголын ноолуурын 80 хувийг түүхийгээр нь гаргадаг байсан бол үүнээсээ 50 хувьд нь нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн гаргаад ирэхэд үр ашиг нь өснө. Энгийн жишээ хэлэхэд нэг кг ноолуурыг 50 мянган төгрөгөөр зардаг байлаа гэхэд үүгээрээ гурван цамц хийгээд зарахад л 150 мянган төгрөг болж үнэ нь гурав дахин өсөх байх жишээтэй. Салбарын хэмжээнд ийм зарчмаар ажиллаад ирэхлээр нэмүү өртөг илүү шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэр эрхлэгчид, эдийн засагт наалдсан тогтвортой өсөлт бий болно. Уул уурхайгаас гарсан ашиг хаашаа орсон бэ гэж гайхаж суух биш жинхэнэ гарт баригдаж, биед наалдсан эдийн засгийн өсөлт мэдрэгдэнэ. Төр, засгийн зүгээс гааль, татвар, Европын холбоотой хэлэлцээр хий­гээд манай бүтээгдэхүүнийг нэвт­рүүлэхэд боломжийг нь гаргадаг ч юм уу, Пакистан зэрэг улстай холбогдож болох юм. Монголын брэнд бүтээгдэхүүнийг гаргах нь зөвхөн нэг компанийн ажил биш ээ. Манай төслийн хувьд брэнд бий болох урьдач нөхцөлийг нь тавьж, суурийг нь босгож байгаа гэсэн үг. Одоо харин үйлдвэрлэгчид, малчид, төр, засаг, салбарын яам агентлагууд гээд хаа хаанаа анхаарч, салбарын хэмжээний бүтцийн өөрчлөлт хийж байж үр дүнд хүрнэ.

Юрген Мендритцки: Юун түрүүнд дэлхий нийтэд Монголын эерэг имижийг бүрдүүлж өгнө. Дээр нь дотоодын аж ахуйн нэгжүүд “Mongolian noble fibre” гэсэн брэндэд нэгдэхийн тулд хоорондоо өрсөлдөж илүү чанартай бүтээгдэхүүн гаргах болно. Мөн хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийн салбартай багагүй дэмжлэг, түшиг тулгуур болж өгнө. Түүнчлэн үүнийг дагаад аялал жуулчлалын салбар ч түлхүү хөгжих хандлага харагдаж байгаа. Учир нь, тухайн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн өөрт таалагдсан бол үүнийг хаана, яаж үйлдвэрлэж, гаргаж авдгийг мэдэхээр Монголыг зорих болно. Харин энэ салбарын үйлдвэрлэлт, тоног төхөөрөмж, ажиллах хүчиндээ илүү их хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй юм.

Европын холбооны хувьд жишээ нь хөдөө аж ахуйдаа эртнээс анхаарч ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Харин зүүн Европын хувьд цөөн хэдэн тооны бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулдаг учир бусад нь орхигдоод байх шиг санагддаг. Түүхий эдийн бүтээгдэхүүний сүлжээ болон бусад үйл ажиллагааг нь хөндлөнгөөс хянах чиглэлд ажиллах нь чухал. Ингэхдээ судалгааны байгууллагууд болон Аудитын компаниудтай хамтарч чанарын хяналтыг сайжруулах нь салбарын хөгжлийн үндэс юм.

Мөн дэлхий нийтийн жишигт түүхий эдийн дуудлага худалдааг жил бүр явуулах нь зах зээлийн ил тод байдлын хангах нэг хэлбэр байдаг.