“No water no business”

Та усгүй нэг өдөр өнжиж чадах уу. Ер нь усгүйгээр ажил амьдралаа төсөөлж үзсэн үү? Таны бизнес усгүйгээр урагшлах болов уу. Тэгсэн мөртлөө та яагаад усанд хайр гамгүй, сэтгэлгүй ханддаг юм бэ. Шүдээ угаахдаа хэдэн литр ус зарцуулдгаа тооцож үзсэн үү? Тэгвэл Та яагаад жижиг саванд усаа хийгээд угааж болохгүй гэж. Ажил дээрээ ч хүртэл та устай үнэхээрийн хайр гамгүй харьцдаг шүү дээ. Тэгвэл Та бидний амьдралыг тэтгэгч усны нөөц дуусах болов уу гэж бодож байсан уу.
Дэлхийн цэнхэр гаригийн зарим улс оронд ундны ус олдохгүйн улмаас усгүйн гачланд унах боллоо. Цэвэр усны нөөцтэй нэгэн нь газрын баялаг шигээ усаа экспортлон худалдаж хөгжих тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, газрын баялгаас илүүтэй цэвэр усны нөөцтэй улс орон дэлхийн хамгийн баян орон болох тухай эрдэмтэн судлаачид тэмдэглэж байна. Манай улсын хувьд цэвэр усны нөөцөөр тийм ч хангалуун орон биш шүү дээ. Тэгсэн мөртлөө усыг хайр гамгүй, хэрэглэж ашиглаж хатуугаар хэлбэл, ямар ч сэтгэл зүрхгүй хүмүүс шиг л хандах болсон. Дээд тал нь суудлаа олохгүй бол доод тал нь гүйдлээ олохгүй гэдэг шиг байгаль дэлхийд хандах хандлагаараа ямар ч сэтгэлгүй бүхэл бүтэн залуу үе өсч өндийж байна. Яах вэ?
Бага насны хүүхдүүдэд цэцэрлэг сургуулиас нь эхлэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар тусгай хичээл ордог болгох талаар холбогдох төрийн байгууллагаар яваад дийлэхгүй байна гэсэн асуудлыг усны зарим холбоодын удирдлагууд ярьж байсан. Манай улсын хувьд ийм хичээлийг цэцэрлэг сургуулиудад тусгай хөтөлбөрөөр зааж, ойлгуулах цаг нь иржээ. Харин усыг хамгийн ихээр хэрэглэдэг бизнесийнхэн сүүлийн үед цөөн уулзалдаж, усны хэрэглээ, цаашдын төлөвийн талаар бага ч болов ярьдаг болсон нь сайшаалтай. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим дээр “No water no business” нэртэй уулзалт болсон юм. Тус уулзалт “саарал ус” буюу дахин цэвэршүүлсэн ус хэрэглэх, усанд хэмнэлттэй шинэ технологийг ашигласнаар зардлаа хэмнэх, бизнесийн байгууллагын нийгэмд хүлээх хариуцлага зэрэг өргөн хүрээтэй асуудлаар саналаа солилцсон. Ялангуяа бизнесийн салбарынхан усанд хандах хандлагаа өөрчлөх цаг ирснийг энэ уулзалтаар ойлгуулахыг хичээсэн гэж хэлж болно. Усыг хамгийн их хэрэглэгчид нь бизнесийнхэн гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, нэг литр ундааг үйлдвэрлэхийн тулд есөн литр ус зарцуулдаг тооцоо бий. Хэрвээ усаа хэмнэж чадвал зардлаа 10 - 50 хүртэл, түүнээс ч илүү хувиар хэмнэх боломжтой тухай ч мэргэжилтнүүд ярьсан юм. Уулзалтын үеэр санал бодлоо илэрхийлсэн зарим хүний үгийг хүргэе.

С.Дэмбэрэл /МҮХАҮТ-ын дарга/ :
-Ногоон хөгжил рүү орох зайлшгүй шаардлагатай. Зөвхөн усны, модны гэж биш бүхэлд нь экосистемийн үйлчилгээний төлбөр гэж авах нь зүйтэй. “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний дэд хөтөлбөр буюу “Таван 20”-ын зарчмыг боловсруулсан. Тодруулбал 2020 он дуустал хугацаанд эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилагдсан чадлын 20 хувьд хүргэх зэрэг юм.

З.Батбаяр /Усны газрын дарга/ :
-Усны хэрэглээг багасгая гэвэл усны үнийг нэмэгдүүлэх бус үнэлэмжийг нь нэмэгдүүлэх ёстой. Аж ахуйн нэгжүүд шинэ технологи нэвтрүүлснээр ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Нэгж бүтээгдэхүүнд ямар хэмжээний ус зарцуулж байгаагаа тооцох хэрэгтэй.

Яан Борн /“Монгол оронд усны нөөцийг бэхжүүлэх нь” төслийн зөвлөх багийн зохицуулагч/ :
-НҮБ-аас өнгөрсөн жилийн есдүгээр сарын 30-нд усны эрхийг хуульчилж өгсөн. Тодруулбал хүн бүр аюулгүй цэвэр усаар хангагдах эрхтэй гэж. Гэтэл энэ эрхийг бизнес эрхлэгчид хамгийн их зөрчдөг. Бизнес эрхлэгчдийн усны хэрэглээ ил тод байх ёстой. Өөрийн бүтээгдэхүүнээр дамжуулан усыг хамгаалах нь зүйтэй. Хэрэв усанд ээлтэй үйлдвэрлэлийн үйл явцтай бол энэ нь хэрэглэгчдэд таалагдах сайхан сурталчилгаа болдог.

Ж.Гэрэлчулуун /УННБ төслийн мэргэжилтэн/ :
-Усны тоолуур хэрэглэснээр зардлаа багасгах боломжтой. Дөрвөн ам бүлтэй өрх тоолуур тавиулбал ойролцоогоор сард 130 мянган төгрөгийг хэмнэх боломжтой. Тоолуургүй бол нэг хүн өдөрт 230 литр ус хэрэглэдэг гэж тооцон төлбөр авдаг. Гэтэл судалгаагаар орон сууцны нэг хүн өдөрт дунджаар 120 литр ус хэрэглэдэг. Мөн орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай байна.

Г.Түмэнжаргал: /МҮХАҮТ-ын Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газрын дарга/
-Бид ногоон хөгжил гэж зүгээр л яриад байна. Байгальд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Манай орны онцлогоос шалтгаалаад оёмол сүлжмэл болон арьс ширний үйлдвэр ихтэй, тэдгээр үйлдвэрүүд бусад орныхтой харьцуулахад хэд дахин их ус зарцуулдгийг анхаарах хэрэгтэй.

Д.Басандорж: /Усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалт судалгааны төвийн захирал/
-Аж ахуйн нэгжүүдийн орлогод татвар ногдуулдаг биш ногоон татварын бодлого буюу байгаль орчны бохирдуулалтад нь ногдуулдаг байх хэрэгтэй. Хэрэв усаа буцаан ашиглаж байгаа бол урамшуулдаг болъё. Манай газар дор байгаа усны нөөц маш бага иймд гадаргын усыг ашиглах, усны сан байгуулах хэрэгтэй.