PPP хөгжлийг хурдасгах түлхүүр

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх Концессын тухай хууль батлагдаад нэг жил болж байна. 2001 оноос ярьсаар ирсэн энэ асуудал өнгөрсөн жил биелэлээ олж, хуульчлагдан 2010 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Хуульд заасны дагуу Концессын тухай хуулийг хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо хариуцаж, тусгай газрыг бий болгон ажиллаж байна. Ерөнхийдөө нэг жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажилласан гэж үзэж болно. Хууль хэрэгжүүлэх хүрээнд асуудлыг зохицуулах олон дүрэм, журам боловсруулахыг шаардлага бий, заримыг нь өнгөрсөн жилд боловруулан гаргаж батлуулсан байгаа.

Мөн Концессын гэрээгээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг гаргаж, Засгийн газраар батлуулсан бол одоо уг жагсаалтыг тэргүүлэх ач холбогдлоор нь ангилах ажлыг Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүжилтээр Английн эрдэмтэн судлаачидтай хамтран хийж байна. Мөн хөгжлийн түншүүд АХБ, Дэлхийн банк, Германы техник туслалцааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Санхүү, стратегийн яам, Төр, хувийн хэвшлийн газрууд туслалцаа дэмжлэг үзүүлж зөвөлгөө өгч ажиллаж байна.

Харин хувийн хэвшлийнхний хувьд дотоодын томоохон компаниуд түншлэлийн дагуу төрөөс хэрэгжүүлэх ажил үйлчилгээг гүйцэтгэх, тендерүүдэд оролцох бэлтгэлээ базааж байгаа. Гэхдээ олонх компани, үйлдвэрийн газар учраа сайн мэдэхгүй, мэдлэг мэдээлэл дутуу, нөгөө талаар идэвх санаачилгагүй хандаж байгаа нь анзаарагдаж байна. Хуульд хувийн хэвшлийн зүгээс тодорхой төслийн санал гаргаж, холбогдох байгууллагад хандаж болохоор тусгасан. Уг нь үндэсний компаниуд хууль дүрмээ сайтар судлаад, түншлэлийн зарчмаар төсөл хэрэгжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх, техник технологио шинэчлэх, боловсон хүчнээ бэхжүүлэх том боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ер нь манай улсын хувьд яг төр, хувийн хэвшлийн түншлэл гэж нэрлээгүй боловч дээрх түншлэлийн олон аргыг амьдралд хэрэглэж иржээ. Гэхдээ туршлага, мэдлэг дулимаг байсан учраас алдаж оносон зүйлүүд олон бий. Одоо тэдгээртээ дүгнэлт хийж, цаашдын төслүүдэд олон улсын нийтлэг жишгийг авч хэрэгжүүлэх бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл, алдсан зүйлүүддээ дүн шинжилгээ хийгээд үзвэл төрөөс хувийн хэвшилтэй гэрээ хэлцэл хийх чадавхи маш муу, туршлагагүй байсан нь сөргөөр нөлөөлөхөд хүрсэн. Тиймээс гэрээ хэлцэл хийх, тендер зарлах, хамтран төсөл хэрэгжүүлэх чиглэлд ихэд анхаарч, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Концессын тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Төрөөс баримтлах бодлогын хоёр чухал баримт бичгийг УИХ-аас баталснаар эдийн засгийн шинэ харилцаа бий болсон билээ. Эдгээр баримт бичгийн гол онцлогоос заалтуудаас дурдвал, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох, үндэсний компаниудын түншлэлд оролцох боломжийг хангах замаар дотоодын компаниудын боловсон хүчин, санхүүг сайжруулах, шинэ техник технологиор хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал заалт бий. Манай компаниудын хувьд өнөөдөр томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх хөрөнгө санхүү болон хүний нөөц ямар билээ. Тэгвэл үндэстэн дамнасан корпорациудтай хамтрах эсвэл консорциум байгуулах замаар төсөл хэрэгжүүлэх боломжийг нээж өгч байна. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарт түншлэлийг хөгжүүлэхээр тусгасан.

Тухайлбал, дэд бүтэц, усан хангамж, эрчим хүч болон суурь үйлчилгээг хувийн хэвшлийн оролцоотойгоор хөгжүүлэхээр төлөвлөж байна. Сургууль, эмнэлгийн барилгыг барихад Концессын төслийг хэрэгжүүлэх боломжтой. Тухайн компани орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургууль бариад 10-20 жилд ажиллуулах эрхтэй болно. Сургуулийн албан хаагчдын хувьд төрийн албанд хэвээр ямар ч саадгүй ажлаа хийгээд л явна. Харин төрөөс тухайн компанид лизингийн хэлбэрээр жил бүр тодорхой хэмжээний мөнгө төлнө. Энэ нь улсаас сургууль эмнэлэг барихад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт нэг удаа хийхгүйгээр жил бүр бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийгээд явах боломжийг нээж өгч байгаа юм. Ийм замаар түншлэлийг хөгжүүлж, төслүүдийг хэрэгжүүлнэ. Нэлээд хугацаа шаардагдах ажил.

Ийнхүү PPP-гийн /Public Private Partnership/ харилцан ойлголцлын түншлэл Монголд хөгжсөнөөр төр нуруун дээрх олон хүнд ачаагаа багасгаж, хувийн хэвшлийнхэн ч хийх ажил, хэрэгжүүлэх төслүүдтэй болж, харилцан ашигтай, гарах болзошгүй эрсдэлээ зөв зохистой хуваарилан улмаар улс орны хөгжлийг хурдасгах нэгэн түлхүүр болох учиртай билээ. Энэхүү хөгжлийн түлхүүрт “Mongolian Economy” сэтгүүл хувь нэмрээ оруулж, “РРР түншлэл” булан нээж ажиллуулж байгаад талархаж байна.