“Property investment Ulaanbaatar 2019” болно

Bayarmaa sergelen Journalist Bayarmaa.S


БХБЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга - Х.БАТЖАРГАЛ

Барилга хот байгуулалтын яамны зүгээс 2 сарын 22-нд зохион байгуулагдах PROPERTY INVESTMENT ULAANBAATAR - 2019 төслийн хөрөнгө оруулалтын боломжууд арга хэмжээнд дэмжигч байгууллагаар оролцож байна.

Энэ онд улс орны бүтээн байгуулалтын хувьд нилээн онцлог жил болно. Сургууль, цэцэрлэгийн болон эмнэлэгийн зэрэг хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж, улсын төсөвт суусан. Мөн олон улсын зээл тусламжаар нилээдгүй олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх бөгөөд үүний нэг нь БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууцны хороолол баригдахаар боллоо. Ийнхүү барилгын салбарт нилээн олон бүтээн байгуулалт өрнөж, их ажил төлөвлөгдсөн жил болохтой зэрэг хувийн хэвшилээс салбарын хүрээнд энэхүү арга хэмжээг санаачилан зохион байгуулж буйд яамны зүгээс талархаж байна.


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлөгч - Б.ЛХАГВАЖАВ

Барилгын салбарт хэдэн их наядын үл хөдлөх хөрөнгө борлогдоогүй байгаа. Түүнчлэн хэдэн их наядын барилга, байгууламж барилга угсралтын үе шатандаа явж байна. Гэтэл барилгын салбарт хөрөнгө оруулалт татах, худалдан борлуулах, энэ салбарт мөнгөний урсгалыг чиглүүлэх нь барилгын салбар дангаар хийх ажил биш гэдгийг сүүлийн 6 жилийн хямрал тод томруунаар харууллаа. Ялангуяа 2013-2016 оны эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн салбар нь барилгын салбар юм. Эдийн засгийн хямрал болоход барилгын бизнесүүд, түүний цаана 100 гаруй мянган хүн ажлын байргүй болж, олон айл өрхийн амжиргаа дордох нөхцөлийг бий болгодог билээ.

Сүүлийн 6 жилийн хямралын дараагаар барилгын салбарт одоо нэг сэргэлт ажиглагдаж эхлээд байна. Эдийн засгийн таатай нөхцөл үүсч эхэлсэн энэ цаг үед барилгын салбарт хөрөнгө оруулалтын шинэ менежмент хэрэгтэй. Буруу менежмент ямар үр дагаварт хүрч болдийг та бид бүгд харсан.

Өнгөрсөн хугацаанд сайн, муу туршлагууд дээрээ үндэслээд барилгын бизнес эрхлэгчидмаань төрийн тусгай бодлого, дотоодын санхүүжилтын боломжуудаас гадна олон улсын туршлагаас судлан хямд өртөгтэй санхүүжилтийн хэрэгсэлүүдээр хөрөнгө оруулалт босгох олон гарцууд байгааг олж харсан нь сайшаалтай байна.

Тиймдээ ч энэхүү форумыг барилгын салбарынхан маань туршлагаасаа хуваалцсан, алдаа онооноогоо хэлэлцсэн, шинэ шийдэлийг эрэлхийлсэн, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлүүдээр тодорхой асуудлуудыг хөндсөн, салбарын бүхий л оролцогч нарын үр ашигтай хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.


Үндэсний хөгжлийн газрын дарга – Б.БАЯРСАЙХАН

Үндэсний хөгжлийн газрын үндсэн чиг үүрэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах юм.

Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, утаа, түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдол бүхий хот байгуулалт, барилга орон сууцны томоохон төслүүдийг дэмжиж ажиллах нь чухал. Энэ хүрээнд шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалттай холбогдуулан дагуул хотуудыг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх үйл ажиллагаанууд нь эргээд барилгын бүтээн байгуулалтуудаар цаашид улам өргөжин тэлж явах учиртай гэж үздэг. Тиймдээ ч барилгын салбарынхан нэг дор цугларч олон талт мэдээ мэдээлэл солилцох, дотоодын томоохон бүтээн байгуулагч нар төсөл хөтөлбөрүүлээ танилцуулах, хөрөнгөоруулагч нартай холбогдох гэсэн олон талын үр ашиг бүхий арга хэмжээ болно гэж найдаж байна.


МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга - Б.ӨЛЗИЙБАЯР

Бидний зүгээс хөрөнгийн зах зээлийн төлөөлөл болж МҮЦАЭХолбоо өөрийн гишүүн байгуулагуудтай хамтарч энэхүүүйл ажиллагааг дэмжиж оролцож байна. Энэхүү арга хэмжээгээр барилгын салбарт олон нийтээс хөрөнгө оруулалт татах арга замууд, барилгын компани хэрхэн бонд гаргах, хөрөнгө оруулагч нарт төслийг танилцуулахдаа юун дээр анхаарах ёстой зэрэг мэдлэг мэдээллийг хүргэнэ гэж итгэж байгаа.

Барилгын салбарын үйл ажиллагааны схемыг харахад нэг талаас барилгын компаниуд маань барилгаа өөрсдөө бариад, борлуулалтаа өөрсдөө хийгээд, барьж эхлэхээс борлуулж дуусгах хүртэл бүхий үе шатуудад бие даан оролцож бүхий л ачааллийг өөрсдөө үүрч байна. Ийм ч учраас барилгын компаниуд эрсдэлээ тархаан байршуулах, үйл ажиллагааны үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагааны схем, бүтцийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй хэмээн хардаг.

Түүнчлэн төслийн санхүүжилтийн хувьд аливаа төслийг санхүүжүүлэхэд зарим хэсэгт нь банкнаас зээл авах, зарим хэсэгт нь олон нийтээс мөнгө босгох эсвэл хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татах зэргээр шат, шатандаа ялгаатай эх үүсвэрээс, ялгаатай хүүтэй санхүүжилтүүдийг босгох боломж байдаг. Барилгын салбарт бизнес эрхлэгчид маань санхүүжилтийн оновчтой арга хэрэгсэлийг ашиглаж бизнесийн үрашигийг улам нэмэгдүүлэх боломжтой гэж хардаг.

Тиймдээ ч уг арга хэмжээг барилгын салбарынхан, хөрөнгийн зах зээлийнхэн хамтарч ажиллах шинэ гарцыг бий болгоно хэмээн найдаж байна.