Samsung Galaxy S5 –ыг танилцууллаа

Солонгосын цахилгаан барааны компани “Samsung Electronics” ухаалаг утасныхаа хамгийн сүүлийн загвар болох “Galaxy S5” ухаалаг гар утасыг өчигдөр Испанийн Барселон хотод болсон “Mobile World Congress 2014” олон улсын хуралд танилцууллаа.

Энэхүү утасны шинэлэг зүйлсийг дурьдахад гол өрсөлдөгч болох “Apple” компанийн “iPhone 5S” утастай адил хурууны хээ мэдрэгчтэй болжээ. Харин өрсөлдөгчөөсөө ялгарах зүйлсийн хувьд усанд тэсвэртэй ба 16-megapixel камертай болсон байна. Танилцуулгын үеэр “Galaxy S5” өмнөх S4 загвартай харьцуулахад цэнэгээ 20 хувиар илүү удаан барина гэв. Харин S5 утас хэрэглэгчдийн таамаглаж байснаар уян биш аж.

Нэг сонирхолтой зүйл гэвэл утасны ар тал нь хүний зүрхний цохилтыг мэдэрдэг юм байна. Энэ нь дасгал, эрүүл мэндийн програмуудад зориулсан шинэлэг зүйл юм.

“Galaxy S5” утас энэ оны дөрвөн сарын эхээр дэлхий даяар дөрвөн өөр өнгөтэй худалдаанд гарах гэнэ.

Хэдийгээр “Galaxy S5” утсанд давуу талууд их байгаа ч “iPhone 5S” утастай адил 64-бит процессоргүй юм байна. Гэхдээ энэ процессорын хүчин чадлыг бүрэн хэрэглэдэг программ одоогоор ховор байгаа юм.

Сүүлийн жил ухаалаг утасны зах зээлийг удаан хугацаагаар тэргүүлэх нь амаргүй гэдгийг “Samsung Electronics” өөрийн хувьцааны үнийн уналтаар мэдэрсэн юм. 2013 онд тус компанийн хувьцааны үнэ 15 хувиар унасан нь түүний зах зээлийн үнэлгээг 30 гаруй тэрбум ам.доллараар буухад хүргэжээ.

Энэ нь “Galaxy S4” загварын борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, мөн бусад өрсөлдөгчид хүчтэй байгаатай холбоотой гэж Inquirer дүгнэв.

Харин өчигдрөөс хойш “Samsung Electronics” компаний хувьцаа 0.6 хувиар өссөн дүнтэй байна.