SMBC банк Монголд

Японы "Sumitomo Mitsui Banking Corp" буюу SMBC банк Монголд өөрийн салбараа нээх гэж байна. Төлөөлөгчийн газраа нээх зөвшөөрлийг Монголбанкнаас авсан талаар наймдугаар сарын 15-нд мэдэгджээ. Энэ нь Монголбанкнаас зөвшөөрөл авсан анхны Японы банк болж буй хэрэг юм.

Гадаадын хөрөнгө оруулалт саарч байгаа энэ үед SMBC банк Монголын нүүрс, зэс тэргүүтэй уул уурхайн болон дэд бүтцийн салбарт өргөн хүрээний санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна. Тус банкны Лондон дахь салбарт Л.Дулмаазул гэх монгол бүсгүй банкираар ажилладаг бөгөөд Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудын уул уурхайн болон дэд бүтцийн салбарын томоохон төслүүдэд урт хугацааны санхүүжилт олгох ажлыг хариуцдаг аж. Тэрбээр “Санхүүжилт гэхээр 10-12 жилийн хугацаатай зээл гэж ойлгож болно. Монголтой адилхан хөгжиж байгаа орны томоохон төсөлд банкууд итгэж баталгаагүй болон барьцаагүй зээл бараг өгдөггүй. Харин миний хийдэг ажил эдгээр зээл өгөхөд хэцүү орнуудад Дэлхийн банк, MIGA зэрэг томоохон агентлагийн болон хувийн даатгалын компаниудын баталгааг гаргуулж, аль болох эрсдэлийг багасган банкнаасаа зээл гаргаж, харилцан ашигтай санхүүгийн гэрээ хийдэг. Монголын хөрөнгө оруулалтын орчин муудаж байгаа энэ үед баталгаа гаргуулж хөрөнгө оруулалт татна гэдэг хэцүү. Ийм хэцүү үед дэлхийн хэмжээний том банк Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд гар бие оролцож яваадаа сэтгэл хангалуун байна” гэсэн юм. Түүний хэлсэнчлэн эдийн засаг бага багаар уруудаж, хөрөнгө оруулагчид алсарч байгаа энэ үед дэлхийн SMBC банк Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон нь монголчууд төдийгүй гаднын хөрөнгө оруулагчдад итгэл дагуулсан үйл явдал болж байна.

SMBC нь Японы хоёр дахь том банк бөгөөд хөрөнгөөрөө дэлхийд есдүгээр байрт жагсдаг. Нийт 1400 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ба 21000 ажилтантай. SMBC сүүлийн хоёр жил Монголын томоохон төслүүд дээр ажиллаж байгаа аж. Үүнд Л.Дулмаазул хэмээх монгол бүсгүйн хувь нэмэр ихэд байсан нь ойлгомжтой билээ. Ийнхүү гадаадад амьдарч, ажиллаж буй монголчууд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад анхаарч эхэлсний жишээ нь энэ юм.