​SPOTLIGHT: Биткойн, Блокчэйн, Тэгээд цааш нь...


Жил гаруйн өмнөөс монголчууд биткойн, блокчэйн технологи, криптовалют зэрэг нэршлийг ихэд сонсох болсон. Гэвч одоог хүртэл ойлголтын зөрүү байсаар байна. Хэрэв цахим валют гэгдэж буй биткойны ханш өнөөдөр 12 мянган ам.долларт хүрээгүй бол блокчэйн технологийн талаар хүн бүр сонирхохгүй байсан биз. Зөвхөн банк санхүү бус иргэний бүртгэл, даатгал, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг бүх л салбарт хэрэглэж болох блокчэйн технологийг дэлхийн гарааны бизнесийн мянга мянган компани дэмжих болжээ.

Тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд блокчэйн технологид тэрбум давсан хөрөнгө оруулалтийг оруулсан нь ихэд ач холбогдол өгч буйн илрэл. Учир нь энэ технологийг хакердах боломжгүй, аюулгүй байдлын түвшин маш өндөр.

Дэлхийг бүрхэж буй блокчэйн технологийн талаар цогц ойлголтыг өгч, соён гэгээрүүлэх ажлыг Ард санхүүгийн нэгдлийнхэн санаачилж “Крипто үндэстэн” анхдугаар чуулганыг энэ сарын 1-2-нд зохион байгуулав.

Чуулганы эхний өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд өрнөж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, Засгийн газрын гишүүн Д.Цогтбаатар нар оролцож блокчэйн технологийг төр хэрхэн үнэлж буйг дурдсан. Түүнчлэн bitcoin.com сайтын бие төлөөлөгч болон монгол дах мэргэжлийн төлөөллүүд оролцсон юм.


Энэ үеэр Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Би Дэлхийн анхны блокчэйн технологид суурилсан элчин сайдын яамыг байгуулж, элчин сайдыг томилно. Би худлаа амлахгүй, ажил хэрэг болгоно” хэмээн амлаадхав.

Блокчэйн технологийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь чухал төдийгүй үүний тухай төрийн бодлогын баримт бичиг боловсруулах хэрэгтэйг төрийн төлөөллүүд цохон тэмдэглэсэн.

Харин Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Хиймэл оюун ухаан блокчэйн технологийн талаар бид хувийн хэвшлийн байгууллагын хувьд ард иргэддээ үнэн зөв мэдээллийг хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ их хувьслын дунд амьдарч байгаа Монголчууд хэрхэн ажиллаж, мэдээллийн цөм үүсгэн, боловсролдоо анхаарах вэ гэх том сорил ирээд байна. Бид зөвхөн өнгөрснөө бодон бахархаж амьдрах биш ирээдүйн тухай ярьж, өнөөдөр тулгамдсан асуудлуудыг яаж шийдвэрлэх талаар бодох ёстой” гэсэн.

Чуулган хоёр дахь өдрөө Корпрэйт зочид буудалд үргэлжлэв. Зохион байгуулагчдын хэлснээр 200 сая орчим төгрөгийг зарцуулсан эл чуулганаас тэд 50-60 сая төгрөгийн ашиг олжээ. Энэ өдөр найман настай балчирыг эс тооцвол 80 настай буурал хүртэлх бүх л насны хүмүүс цугласан.

Чуулганы үеэрх онцлохоос онцлох нэг зүйл бол Биткойныг хэрхэн олборлох тухай сургалт байлаа. Заал нь жижигдэж, зочид нь багтаагүй дүр зургийг харахад Монголчууд хөрөнгөжихийг хүсч байгаа нь илт байлаа. Тэд хэн нэгэн хүний түрүүвчээ даллах тухай заадаг лекцэнд суухаас илүүтэй ухаалаг технологийг ашиглан, ухаан зарцуулж дэлхийн энтэй хөгжлөөр түрүүвчээ зузаатгахыг хүсч байна. Жилийн өмнө л 750 ам.долларын ханштай байсан криптовалютын нэг төрөл Биткойн нь өнөөдөр 12 мянган ам.долларт хүрсэн. Үүнийг Монголчууд хэдийнэ ажил хэрэг болгожээ.


Учир нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд биткойн олборлох 2500 төхөөрөмж монголын хилийг давжээ. Тэгэхээр үүнийг анзаарахгүй байхын аргагүй.

Нэг төхөөрөмжийн үнэ 2000-3000 ам.долларын ханштай, зардлаа хамгийн багадаа зургаан сарын дараа нөхөх аж.

Үүнийг ажиллуулахад маш их эрчим хүч шаардлагатай, бас тасралтгүй ажиллах ёстой бөгөөд 24 цаг ажиллуулахад л тухайн айлын зургаан өдрийн цахилгааны хэрэглээг ашигладаг гэсэн тооцоог гарчээ. Маш их дуу чимээтэй, дулаан их ялгаруулдаг тул зарим хүн гэр хорооллын шөнийн цахилгааны 0 тарифтай газруудад байршуулж ажилуулдаг ажээ.

Нэг зааланд биткойн хэрхэн олборлох тухай заалгаж байхад зэрэгцээд блокчэйн технологи, аюулгүй байдал, криптовалют зэрэг сэдвээр мэргэжлийнхэн ухаанаа уралдуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид маш сонирхолтой яриаг өрнүүлж, ихэнх зүйл дээр санал нэгдэж байсан юм.

Тухайлбал, блокчэйн технологи бол хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх маш том зүйл гэдэгтэй хоёр гараа өргөж хүлээн зөвшөөрч байв. Зохицуулалтын тухай асуудал зөвхөн криптовалют дээр л яригдаж буйг оролцогчид хэлж байлаа.

Хэрвээ үүнийг зохицуулах хууль, эрх зүйн зохицуулалт боловсруулах бол гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын оролцогчид саадгүй хэрэглэх боломжийг олгох нь чухалыг компаниудын төлөөлөл төрийнхөнд анхааруулсан. Гэвч нөгөө талаас уг технологийг ашиглах экосистем буюу суурь дэд бүтэц нь манай улсад хараахан сайн хангагдаагүй аж.

Одоогийн байдлаар блокчэйнд суурилсан mining буюу криптовалют олборлолт эрчимтэй газар авч байна. Гэтэл үүнийг ашиглаад апликэйшн хөгжүүлэхэд боловсон хүчний асуудал яригдана. Тиймээс уг технологид зориулсан систем хэрэгтэй аж.

Хүн төрөлхтөн 20-р зууны хоёрдугаарт хагаст интернэтийг нээж хөгжлийг орвонгоор нь эргүүлсэн. Харин 21-р зууны хоёрдугаар хагаст хиймэл оюун ухаан, блокчэйныг нээж дэлхийн хөгжлийн дахин шинэчилж байна. Бид ч мөн уг шинэчлэлийн гол төлөөлөгч байх боломж бий.