TerraCom компани Монгол дахь бизнесээ худалдлаа
Нүүрс олборлогч TerraCom компани Монгол дахь үйл ажиллагаагаа зогсоож, өөрийн эзэмшилд байсан нүүрсний уурхайгаа Bridge Resources-д худалдлаа. Тодруулбал, Баруун Ноён Уул, Энхтунх Орчлон нүүрсний орд газар болон холбогдох хуулийн этгээдийг Bridge Resources худалдаж авчээ. Гэрээний дагуу Bridge Resources компани 28 сая ам.долларын (40.94 сая австрали доллар) өрийн авлагыг хүлээн авч, TerraCom компанид гурван ам.доллар төлсөн байна.
Монголд сайн чанарын коксжих нүүрс олборлодог хамгийн том компани болно гэсэн зорилт тавьж байсан TerraCom ийнхүү байр сууриасаа хазайж, Монголыг орхихоор шийджээ. “Бид энэхүү хэлцэл дээр Bridge Resources-той хамтран ажилласандаа таатай байна. Цаашид хоёр тал харилцан ашигтай байдлаар хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж TerraCom компанийн ТУЗ-ын орлогч дарга Крейг Рансли ярьсан байна. Түүнчлэн Bridge Resources-ийн захирал Кун Лю Баруун ноён уул, Энхтунх орчлон нүүрсний ордод ажиллаж буй монголчуудтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж буй талаараа дурджээ. Мөн дээрх нүүрсний орд газрын тухай мэдээлэл, хоёр компанийн хоорондын харилцаанд үндэслэн нүүрсний ордыг шилжүүлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж Bridge Resources найдаж байгаа аж.
Ийнхүү TerraCom Монгол дахь нүүрсний ордоо зарж, Австрали дахь Blair Athol Coal Mine, Куинслэнд муж дахь таван нүүрсний төсөл, шинээр худалдаж авсан Өмнөд Африкийн нүүрсний уурхайдаа төвлөрч ажиллахаар боллоо. 2020 оны эхээр Өмнөд Африкт нүүрс олборлолт эрхэлдэг Universal Coal-ын хувьцааны 92 хувийг TerraCom худалдаж авсан билээ.
Эх сурвалж: https://themarketherald.com.au/