“USETEC” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өнгөрлөө

ХБНГУ-ын Кёльн хотод бүх салбарын хэрэглэсэн /used/ машин болон тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохиогдов. Уг үзэсгэлэн худалдаанд Монголын бизнесийн зөвлөл, Германий олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” /ЭБТЭИЖС/ хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтарч, монголын арван компанийн төлөөлөл оролцоод ирсэнийг ЭБТЭИЖС-ын ажилтан О.Батболд мэдээллээ. Энэхүү аяны үеэр төлөөлөгчид Дуисбург хотын хамгийн том боомт болон “Шульте Штратхаус” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Энэхүү дэлхийн үзэсгэлэн худалдааны онцлог нь хямд үнээр Германы стандартад заагдсан чанарын баталгаатай машин тоног төхөөрөмж худалдан авахаас гадна эдгээрийг нийлүүлж, зуучилдаг компаниудтай холбоо тогтоон, худалдан авалтаа эх ороноосоо хийх болоомжуудыг нээсэн явдал юм. Монголын төлөөлөгчид герман, америкийн зуучлагч компаниудтай холбоо тогтоон хамтран ажиллахаар болжээ. Мөн ихэнх компаниуд машин тоног төхөөрөмж сонирхсон оролцогчидтой олон хэлээр тэр дундаа орос хэлээр ярилцаж байсан нь сонирхолтой байсан гэж Батболд дурдав.

USETEC дэлхийн үзэсгэлэн худалдаанд нийт 446 борлуулагч компаниуд машин тоног төхөөрөмжөө танилцуулан борлуусаны дотор дэлхийд алдартай Сийменс /Siemens/, Рихтер /Richter/, Зайсс /Zeiss/, Штенцель /Stenzel/ гэхчлэн компаниуд 103 орноос хүрэлцэн ирсэн 10,000 гаруй зочдын анхаарлыг татаж байлаа. Монголоос оролцсон төлөөлөгчид бүтэн өдрийн турш 446 компанийн машин тоног төхөөрөмжтэй танилцан, яриа хэлэлцээрийг хийсэн байна. Уг үзэсгэлэн худалдааны гол худалдан авагчид нь ОХУ, Турк мөн Энэтхэгээс ирсэн оролцогчид байжээ.

“USETEC” үзэсэлэн худалдааг ирэх онд Кёльн хотод гуравдугаар сарын 20-22-нд зохион байгуулахаар товлосон байна.